
УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж дууслаа. Дөнгөж сая хэлэлцсэн асуудлынхаа талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Нэгдүгээрт, Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд А.Цэрэнсодномыг томилох асуудлыг зөвшилцөх саналыг хэлэлцсэн. Гуравдугаарт, АТГ-ын дэд даргын асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдлээ. Нэгдүгээр асуудалтай холбоотойгоор бүлгээс гурван шийдвэр гаргахаар тогтсон.
Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудлыг буруушааж хүний эрхийг зөрчсөн, Ардчилсан Монгол Улсад байж боломгүй асуудал байна гэж үзсэн. Тиймээс эрүүдэн шүүсэн бичлэгийг олон түмэнд ил болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлаар УИХ шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгч, шийдвэр гаргах шаардлагатай байна. УИХ-аас ажлын хэсэг гаргах нь зүйтэй юм гэж үзлээ. Гуравдугаарт, энэ асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэж, яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан байгаа.
Хуулиараа Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа. Шинэ прокурорын орлогчийг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Хэдий зөвшилцөх асуудал ч гэлээ УИХ-ын гишүүдийн олонхийн саналыг авах ёстой. Энэ асуудлыг хэлэлцээд манай бүлэг хойшлуулах шаардлагатай гэж үзлээ. Үндсэн шалтгаан нь эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой хэргийг УИХ яаралтай хэлэлцэж, ҮАБЗ хуралдаж, түргэвчилсэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдтэл ерөнхий прокурорын орлогчийн асуудлыг түр хойшлуулахаар болсон.
Харин гуравдугаар асуудал нь АТГ-ын дэд даргын тухай асуудал байгаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д албан бичиг ирүүлсэн. Одоо албан үүрэг гүйцэтгэж байгаа АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учир дараагийн дарга, дэд даргыг нь томилж өгөөч ээ гээд хоёр хүний нэр ирүүлсэн.
Энэ асуудлаар өмнө нь УИХ, Хуульзүйн байнгын хороо шийдвэр гаргасан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна гэдэг шийдвэр гаргасан байсан. Тийм учраас өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэж үзэж шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн талаар ярилцаад Үндсэн хуулийн цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын хугацаатай холбоотой асуудлаар маргаан үүсчихсэн явж байгаа юм байна. Маргаантай байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагагүй юм байна гэж үзээд хойшлуулах шийдвэр гаргалаа” гэв.























