Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АХГУЛЬ ДОЛОО, САДУЛАЕВ ДӨРӨВ ДЭХЭЭ "ХӨГШИН ТИВ”-Д ТҮРҮҮЛЭВ

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн ЕАШТ Румыний нийслэл Бухарестийн “Polyvalent Hall” спортын ордонд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл дөрөвдүгээр сарын 8-10-нд боллоо. Эрчүүдийн 70 дахь удаагийн тэмцээнд 34 орны 173 тамирчин 10 жинд өрсөлдөв. “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Туркийн хүнд жингийн шилдэг бөх Таха Ахгуль “Буурал тив”-д долоо дахиа (Европын наадмыг оруулаад) түрүүлэв. Ингэснээр турк эр ОХУ-ын домогт бөх Бувайсар Сайтиев, нэрт бөх Давид Мусульбес нарын ЕАШТ-д зургаан удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдлээ. 

97 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев тивдээ дөрөв дэх (Европын наадмыг оруулсан) удаагаа түрүүлж, дархан аварга боллоо.

Түүнчлэн 65 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Гажи Алиев, 74 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, 79 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Жабраил Хасанов нар гурав дахь удаагаа аваргалсан. Харин олимп, дэлхийн аварга Азербайжаны Шариф Шарифов, ОХУ-ын Владислав Валиев, Туркийн Мустафа Кайя, Сулейман Атли, Армений Арсен Арутюнян нар анх удаа тивдээ түрүүлсэн юм. Харин олимп, дэлхийн зургаан медальтантай Бухарестэд очсон Гүржийн эрэгтэй бөхчүүдээс нэг нь ч түрүүлж чадаагүй. Олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, ДАШТ-ий алт, хүрэл медальт Зураб Якобашвили, ДАШТ-ий хүрэл медальт Сандро Аминашвили нар эрт ялагдан хоосон нутаг буцжээ.
Хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай хүртсэн ОХУ-ын шигшээ баг 162 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Турк 156 (3+1+2), Азербайжан 145 (3+1+2) оноогоор удаалав.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН
57 кг: 1. Сулейман Атли (Турк) 2. Муслим Садулаев (ОХУ) 3. Махир Амирасланов (Азербайжан), Владимир Егоров (Македон) 
61 кг: 1. Арсен Арутюнян (Армен) 2. Бека Ломтадзе (Гүрж) 3. Адриан Вокк (Швейцарь), Режеп Топал (Турк)
65 кг: 1. Гажи Алиев (Азербайжан) 2. Селахатин Килищалаян (Турк) 3. Начын Куулар (ОХУ), Василий Шуптар (Украина) 
70 кг: 1. Мустафа Кайя (Турк) 2. Агагусейн Мустафаев (Азербайжан) 3. Магомедрасул Газимагомедов (ОХУ), Магомедмурад Гажиев (Польш) 
74 кг: 1. Франк Чамизо (Итали) 2. Зелимхан Хажиев (Франц) 3. Тимур Бижоев (ОХУ), Автандил Кенчадзе (Гүрж) 
79 кг: 1. Жабраил Хасанов (Азербайжан) 2. Ахмед Гаджимагомедов (ОХУ) 3. Ника Кенчадзе (Гүрж), Мухаммет Котаноглу (Турк) 
86 кг: 1. Владислав Валиев (ОХУ) 2. Петр Янулов (Молдав) 3. Фатих Эрдин (Турк), Али Шабанов (Беларусь) 
92 кг: 1. Шариф Шарифов (Азербайжан) 2. Збигнев Барановски (Польш) 3. Иракли Мцитури (Гүрж), Иштван Вереб (Унгар) 
97 кг: 1. Абдулрашид Садулаев (ОХУ) 2. Александр Гуштын (Беларусь) 3. Элизбар Одикадзе (Гүрж) 3. Нурмагомед Гажиев (Азербайжан) 
125 кг: 1. Таха Акгуль (Турк) 2. Гено Петриашвили (Гүрж) 3. Анзор Хизриев (ОХУ), Александр Хоцяновский (Украин)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан