Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Чойжамц: VIII Богд Жэвзүндамба хутагтын гавьяаг гутаасан кинонууд гаргасаар байгаа нь эмгэнэлтэй

VIII Богд Жэвзүндамба Агваанлувсанчойжинямданзинванчүг хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал өчигдөр болсон билээ. Ёслол хүндэтгэлийг нээж МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавьж Д.Чойжамц үг хэлсэн юм.Тэргүүн их хамба ламын айлдварыг бүрэн эхээр нь хүргэе.

“Зөөлөн цогтын эгшгийг хэлэндээ эрхшээсэн
Зөв сайн оюунты билгүүнээр ялгуусны шашныг баригчийн дээд
Зохиол үйлсийн далайгаар төгс хувьтныг боловсруулан үйлдэгч
Жэвзүндамба дээдсийн өлмий зуун галавт батжих болтугай.”

Эрхэм хүндэт төр засгийн төлөөлөгчид,
Эрдэмтэн судлаачид,
Бурсан хуврагууд,
Сүсэгтэн олон нугуудаа,

XVII жарны шороон гахай жилийн намрын адаг сарын шинийн найман бөгөөд аргын тооллын 2019 оны 11 сарын 04-ний цог учрал, өлзий бэлэг бүрдсэн эл өдөр Монголын төр, шашныг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст, оройн дээд Очирдарийн хувилгаан Богд Жэвзүндамба Агваанлувсанчойжинямданзинванчүг хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохиож буй энэ ахуй үес дор хотлын бишрэл, баяр, бахдал жигдэрчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаар зарлигийн дагуу Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Нийслэлийн Засаг Даргын Алба бөгөөд Улаанбаатар Хотын Захиргаа, Шинжлэх Ухааны Академи, Архивын Ерөнхий Газар, МБШТ Гандантэгчэнлин хийд, Монголын Үндэсний Номын Сан, Богд Хааны Ордон Музей болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас олон сайхан үйл хэргийг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь МБШТ Гандантэгчэнлин хийдээс Анхдугаар Богд Хутагтаас үүтгэлтэй Батцагаан цогчэн дуганд зохион байгуулж буй “VIII Богд Жэвзүндамба Агваанлувсанчойжинямданзинванчүг хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал” билээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 09 дугаар зарлигийг ёслол хүндэтгэлтэй талархан хүлээн авч VIII Богд Жэвзүндамба хутагтын түүхэн гавъяаг мөнхжүүлэх, намтар, түүхэн замналыг ард олонд таниулах, холбогдох судалгаа хийж эмхэтгэл бүтээх үйл хэргийн хүрээнд 2019 оны 06 сарын 21 – 23-ны хооронд Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын XI Ерөнхий Чуулган, мөн оны 09 сарын 06 – 07-нд “Самвад III” олон улсын хурал, мөн оны 09 сарын 08-нд “Хүрээ цам – Даншүг наадам 2019” болон өдгөөгийн эрдэм шинжилгээний хурлуудыг тус тус зохион байгуулахын зэрэгцээ үе үеийн ачит ивгээлт Богдуудын хосгүй нандин өвөөр тусгай үзэсгэлэн гаргаж олон түмний мэлмийг мялааж буйгаа та бүхний сонорт айлтгая.

Түүнчлэн өдгөө Өндөр гэгээн Занабазарыг Шаргачин туулай жилд (1639) Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдсний 380 жилийн ой тохиож буй нь нэн бэлэгшээлтэй, давхар зол учрал тохиож байна.

Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн хаан Богд Жэвзүндамба хутагт болбоос Богд Чингис хааны Алтан Ургийн их хүмүүн Өндөр гэгээн Занабазар буюу Анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын таалал, тангаргын наймдугаар хувилгаан дүр болой. Өндөр гэгээн Занабазар улс төрийн задралаар хямарсан тэртээх зуунд ерөөл буяны хүчээр Монгол орноо Анхдугаар Жэвзүндамба хутагтын төрлийг таалан Монголчуудын туурга тусгаар оршихуйн амин сүнс болсон оюун санааны дархлаа болох нэгдмэл байдлыг “нэг үзэл санаа” буюу Богд Зонховын шашин номоор хангаж, өөр шашин, хэл, соёлтой тухайн үеийн их гүрнүүдийн өөртөө уусгах бодлогоос Их Монгол Улсын төрийн гал голотмыг сайтар сахин хамгаалж байсан бөлгөө.
Түүний эрхэмлэн болгоосон таалал, тангаргыг төрөл тутмын ачит ивгээлт Богдууд ч залгамжлан барьж ирсний хүчээр Цагаагчин гахай жилд (1911) VIII Богд Жэвзүндамба хутагтаар оройлон манлайлуулсан Монголчуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн Манжийн дарангуйллыг түлхэн унагаж улмаар тухайн жилд буюу 1911 оны 12 сарын 29-нд Богд хаант Монгол улсыг байгуулснаа тунхагласан юм.

Чухамдаа VIII Богд Жэвзүндамба хутагтын илт болгоол, энэрэл нигүүсэл, билиг оюун, манлайллын хүчээр түүхийн маш их эргэлзээтэй цаг үе дор амжиж Манжийн дарангуйллыг сөхөөхдөө түүнд захирагдаж байсан олон үндэстнээс орь ганцаар Дундад Иргэн Улс болоод дэлхийн бусад улс орноор хожим өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болсон золтой улс бол зөвхөн Монгол билээ.

Энэ бол VIII Богд Жэвзүндамба хутагтын агуу таалал, тангараг, үйлс зохионгуй, гавъяа болон асар ариун тангаргын хүчээр машид чухаг ахуй, үест түүнд онцгойлон шадарлан төр, шашны их үйл хэрэгт нь амь биеээ хайрлалгүй нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн Шанзав Бадамдорж, Да лам Цэрэнчимэд, Жалханз хутагт Дамдинбазар, Донхор хутагт Манзушир тэргүүтэй олон мянган эх оронч лам хуврагууд болон Богд Чингис хааны Алтан Ургийн ноёдын нэгдмэл үзэл санааны хүрээлэл, нийт ард түмний нэг шашинд сүсэглэсэн бишрэлтэй шууд холбоотой.

Манжийн төрийн эсрэг түүний манлайлсан үндэсний чөлөөлөх хөдөлгөөн Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын өрхийг татаж, эрх чөлөөний нарны буман цацрагийг Монгол орноо түгээж байсан явдал нь хожим харийн түрэмгийлэгчдээс шашин, төрөө аврах уриан дор өрнөсөн Төмөр тахиа жилийн (1921) ардын хувьсгалын үндсэн суурь болж өргөжсөн нь түүхийн шарласан хуудаснаа тодхон тэмдэглэгдэн үлдэж ээ.

Гэвч төр, шашныг хослон барьсан VIII Богд Жэвзүндамба хутагтын дэмжлэггүйгээр өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолыг төсөөлөх боломжгүйг түүх, архивын сурвалж, судалгаанууд гэрчилдэг. Тухайн үеийн ардын төр ч VIII Богд Жэвзүндамба хутагтын Төмөр тахиа жилийн ардын хувсгальд оруулсан их гавъяа зүтгэлийг нь үнэлэн хэмжээт эрхэт эзэн хаанаар өргөмжилсөн байна.

Хэмжээт эрхэт эзэн хаан VIII Богд Жэвзүндамба хутагт Модон хулгана жилд (1924) дүрс лагшингаа номын агаарт хураах хүртэл шашныхаа үйл хэргийг эрхлэхийн зэрэгцээ шинэ тулгар байгуулагдсан ардийн төрийг бэхжүүлэхэд бүх боломжоороо дэмжин тусалж байсан Монголын төрийн их ачтан.

Тухайн үеийн Бүх Оросын Коммунист Намын шахалтаар Монгол оронд улс төрийн үзэл суртлын эргэлт гарч их хэлмэгдүүлэлтийн ээдрээтэй бараан үе эхэлсэн. Ингэхдээ VIII Богд Жэвзүндамба хутагтын зарлигийг эрхэмлэн шүтэгч Манжийн дарангуйлал, харийн түрэмгийлэгчдийн эсрэг төр, шашнаа аврахаар зориг шулуудан тэмцэж байсан олон мянган эх оронч лам хуврага болон бусад үндэсний үзэлтнүүдийнхээ халуун амийг зольж байж дахин нэгэнтээ тусгаар тогтнолоо баталгаажуулсан гашуун түүхтэй ард түмэн билээ, бид.

Тэр үеэс эхлэн Монголчууд бид коммунист намын нэн шинэ түүхээр замнахдаа улс орны оршихуйн үндэс суурь болсон оюун санааны дархлаа - уламжлалт Бурханы шашин болоод шашныг баригч ачит ивгээлт Богд дээдсүүдийн маань эсрэг чиглэсэн үзэл сурталжсан 70 шахам жилийг туулжээ. Үр дагаварт нь Монгол хүний үнэт зүйлс болох түүх, өвөг дээдэс, өв соёл, оюун санааны дархлаагаа үнэгүйдүүлсэн.

Хэдийгээр Монгол улс ардчилсан төртэй улс болсон ч эдүгээ улс орны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон үндэсний тэмдэглэлт баяр, наадмын өдрүүдээр үзэл сурталжсан нийгмийн захиалгаар бүтээсэн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний эцэг, манлайлагч, бид бүгдийн шүтээн, бас бахархал болсон VIII Богд Жэвзүндамба хутагтын намтар, зохиол үйлс, алдар, гавъяаг нь гутаасан агуулга, хэлбэртэй уран сайхны кинонуудыг гаргасаар байгаа нь эмгэнэлтэй.

Түүний түүхэн гавъяаг мөнхжүүлэх, намтар, түүхэн замналыг ард олонд таниулахад эдгээр нийгмийн хөгжлийг хойш татсан, түүхийг зориуд мушгин гуйвуулсан эдгээр кинонууд саад болж байгааг одоо төр засаг анхаарах цаг нь болсон ажгуу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан нь цаг үеэ олсон, түүхэн ач холбогдолтой үйл хэрэг болсныг дахин дурдаад энэ зарлигийг хүлээн авч хамтран ажиллаж буй дээрх байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зүрхний угаас талархаж буйгаа илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Ингээд VIII Богд Жэвзүндамба Агваанлувсанчойжинямданзинванчүг хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлын бүхий л үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Энэхүү хуралд оролцож илтгэл тавьж буй судлаачдаас VIII Богд Жэвзүндамба хутагтын намтар, үйлс зохионгуй, түүхэн гавъяаны талаар шинэ баримт, сурвалж, судалгаа, тодруулга гарч түмэн олны оюуныг гийгүүлж, сонорыг мялаана гэдэгт миний бие итгэнэм.

Энд хуран чуулсан та бүгдийн сэтгэл таалал нийцэн, эв найрамдал зохицон, өнөр буян сүндэрлэн, ачлал хүндлэл дүүрэн, цог жавхаа арвидан мандах болтугай. Бидний ивгээлт сайн үйлс үеийн үеэр эгнэгт өргөжин дээшилж, санасан үйл хэргүүд саадгүй дэлгэртүгэй.

Умар зүгийн амьтны аврал итгэл болсон төрөл дараалан заларсан ачит ивгээлт есөн Богдуудын маань номын сахиусууд Монголчууд биднийг цаг үргэлжид ивгээж хамгаалах болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган
2019 оны 11 сарын 04.

2 Сэтгэгдэл
угаасаа л ламчин нар шалиг завхай байсан үнэн юм чинь
МАН Ы ХУЛГАЙЧ НАР ТҮҮХИЙГ ЗОРИУД ГУЙВУУЛДАГ. Ж.МӨНХБАТ ГЭЖ ЛУЙВАРЧИН ТӨСВИЙН 500 000 000 ТӨГ ӨӨР ТҮҮХИЙГ ГУТААЖ ГУЙВУУЛСАН МАН ЫГ МАГТАН ДУУЛСАН КИНОНЦОР ХИЙХ БОЛСОН ШҮҮ ҮҮНИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Хамгийн их уншсан