Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уурхайчдын ростерийг багасгах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүллээ

Өнөөдөр буюу /2020.1.08/-нд Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооны удирдлага, анхан шатны хороодын идэвхтэн сонгуультан, гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал УИХ-д өргөн баригдаад буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уурхайчдын ажил амралтын хоногийг ажлын 20, амралтын 10 хоног болгож тусгаж байгааг эсэргүүцлээ. Хорин хоног ажиллаад 10 хоног амрах нь уурхайчин хүний эрүүл мэнд, ахуй амьдралд маш муу сөрөг үр дагавар үүсгэдгийг онцлон тус хуулийн дөрөвдүгээр бүлгийн заалтыг эсэргүүцэж оронд нь 14/14 хоногийн ээлжтэй болгохыг шаардсан юм. Тэд тус шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатыг ашиглана хэмээн сануулж байлаа.

МХЕГ, СҮХ-ны хийсэн сүүлийн 5 жилийн судалгаанаас үзвэл 2015-2019 онуудад уул уурхайн салбарт 328 осол бүртгэгдэж, 139 хүн хүнд гэмтэж, 38 хүн нас барсан. Уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүйн дээр 2018, 2019 онуудад өссөн үзүүлэлттэй байсан бол 2018 оны байдлаар 91.5 мянган хүн өрх толгойлон амьдарч байгаагаас 72,0 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.

Энэ тухай МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал хэлэхдээ “Монгол улсын уул уурхайн салбар ДНБ-ий 24 хувь, ГШХО-ын 75 хувь, Аж үйлдвэрийн салбарын 72 хувь, нийт экспортын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг баялаг бүтээгч салбар бөгөөд 57,6 мянган хүн уул уурхайн салбарт ажиллаж хөдөлмөрлөж байна. Уурхайчид уурхай дээр 40 хүртэл хоногоор байрлан олон цагаар ажиллаж байгаагаас болж хөдөлмөрийн бүтээмж буурах, улмаар аваар осол гарах, амь насаа алдах, хүндээр бэртэж гэмтэх, тахир дутуу болох, ар гэрээсээ хол байгаа учир гэр бүл салалт ихсэх, хүүхэд өнчрөх, улмаар сэтгэл зүйн таагүй нөхцөлд ажиллаж амьдрах зэрэг маш олон сөрөг үзэгдлүүдийг нийгэмд бий болгосоор байна. Манай улсад 2005 оны байдлаар 14933 гэрлэлт бүртгэгдэж 1622 хос гэрлэлтээ цуцлуулж байсан бол 2018 онд 21020 гэрлэлт бүртгэгдэж 4201 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт бүртгэл 13 жилийн хугацаанд 1,4 дахин, гэр бүл цуцлалт 2,5 дахин өссөн байна. Иймд Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны зүгээс уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил амралтын хуваарийг 14/14 байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд тусгуулахаар удаа дараа хандсан ч тусгагдахгүй хэвээр байна.

Иймээс МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уурхайчдын ажил амралтын хуваарийг 14/14 гэсэн байдлаар тусгуулах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлээд байна. Цаашид уурхайчдын саналыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгуулах талаар тэмцэл хөдөлгөөн өрнүүлэн ажиллах болно. Уурхайчдыг олон өдрөөр ажиллуулах нь Оюутолгой мэт гаднын хөрөнгө оруулагчдад Монгол орны баялгийг Монгол хүний амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж Монголын баялгийг яаралтай гадагшаа зөөхөд л ашигтай хувилбар гэж бид хардаж байгааг энэ дашрамд дуулгая” гэв.

Мөн энэ үеэр МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ЕНБД Д.Долгор, Оюу толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү, Оюу толгойн Туслан гүйцэтгэгч Уорли инженеринг ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Жавхлантөгс, Шин Шинь компанийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Болортөгс нар эсэргүүцлээ илэрхийлж үг хэлж байлаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан