Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Батжаргал: Зөв хандлагатай хүнийг ямар ч ажлын байранд авахад бэлэн

-Хөдөлмөр эрхлэлт гэдэг ойлголт жил ирэх бүр нарийн төвөгтэй болж байна уу. Жишээ нь, хөдөлмөрийн зах зээл дээр тогтвортой ажлын байр, найдвартай цалин нь байгууллагын хувьд сайн боловсон хүчинтэй байх гол хөшүүрэг биш болж байх шиг, тийм үү?

-Тийм. 2017 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж буй зүйл нь “хандлага” болсон. Хэт нарийн мэргэжил биш л бол ажил олгогчид зөв хандлагатай хүнийг ямар ч ажлын байранд авахад бэлэн байдаг болчихсон. Энэ маш хүчтэй мэдрэгдэж байгаа. Бусад хөдөлмөр зуучлалын байгууллагууд ч энэ байдлыг маргаангүй анзаарч байгаа байх. Мэргэжлийн ур чадвараас илүү хандлага гэх болсон. Мэдээж эзэмшсэн мэргэжил, сурч боловсорсон байдлыг үгүйсгэхгүй л дээ.

-Хандлага бол хувь хүнтэй шууд холбоотой зүйл. Ямар нэг бичиг баримтаар илэрхийлэх боломжгүй. Тэгвэл ажил горилогч өөрт олдож буй ярилцлагын богино хугацаандаа өөрийгөө хэрхэн илэрхийлэх ёстой байдаг вэ?

-Ихэнх хүмүүс ажилд орох анкетыг маш хойрго бүрдүүлсэн байдаг. Уг нь, маш дэлгэрэнгүй байх ёстой юм. Юун түрүүнд өөрийн сурч ажиллаж байсан түүхийг цаг хугацааны алдаагүй, орхигдолгүй бичих, хоёрдугаарт тухайн цаг хугацаанд юу сурч мэдсэн бэ, гэдгээ бичих ёстой.

Ингээд ярилцлагад очно. Анхны үзэмж чухал хэвээр байгаа гэдгийг байнга анхаарч байх хэрэгтэй. Товлосон цагаас мэдээж хоцорч болохгүй. Урьдчилж очоод өөрийгөө бэлдсэн байх ёстой. Хүн ажлын ярилцлагад орохдоо сандарч болно. Гэлээ гээд хана тааз ширтэх зэргээр бүрэг байдал гаргах нь зохимжгүй. Eye-contact буюу тухайн ярилцаж буй хүнтэйгээ харилцах хэрэгтэй. Мэдээж, гар хөлний хэмжээс зэрэг биеийн хэлэмж бий.

Ажлын ярилцлагад орж буй хүмүүсийн ихэнх нь “Надад таалагдаж байна, би чадна” зэргээр ярьдаг юм. Энэ бол таныг ажилд авах бодитой шалтгаан биш гэдгийг байнга бодож байх ёстой. Харин яагаад чамд таалагдаж байгаа юм, чи яаж чадна гэж гэх зэргээр өөрөөсөө асууж бэлтгэх хэрэгтэй байдаг. Ажил олгогч зарим асуултаа асуухгүй байх, чамайг бага зэрэг дутуу үнэлэх явдал бий. Тэгвэл ярилцлагын төгсгөлд чамд бага зэрэг хугацаа олгогдоно, тэр цагийг ашиглаж дутуу илэрхийлсэн зүйлээ нөхөж болдог.
Ер нь, ажилд орох гарах асуудлыг цалин мөнгө байнга дагаж байдаг. Гэхдээ ажил олгогчоос түрүүлж цалингийн асуудал хөндөх нь тийм ч оновчтой шийдвэр биш.

-Цалин бол чухалчлах зүйл мөн л дөө…

-Мөн байлгүй яахав. Чиний цалин өсөх тусам хариуцлага хамт өсөж байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ туршлагатай болно, ажилдаа дадна гэдэг эхний жилүүдэд цалингаас илүү чамд хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоёр, гурван сая төгрөгийн цалинтай ажил хэдхэн жилийн өмнө маш ховор байсан. Байгаа нь удирдах түвшний хэмжээнд яригддаг байсан бол одоо дунд шатны менежерүүд л ийм хэмжээний цалинтай болсон. Гэхдээ хараад байхад ийм хэмжээний цалинтай ажлуудын ихэнх нь 5-с дээш жилийн туршлагатай байх гэсэн шаардлага тавьж байна. Мөн энэ 5 жил нь тогтвортой байх гэсэн шаардлагыг ажил олгогчид хардаг. Ер нь аливаа газар 2-3 жил тогтвортой ажиллаж байж үр ашгаа өгдөг.

-Залуучууд удирдах албан тушаал хэр их сонирхож байна?

-Маш их. Залуус өөртөө итгэлтэй байгаа нь сайн хэрэг гэж бодож байна. Гэвч, харилцаанаас эхлээд асуудал зөндөө. Удирдах албан тушаал гэдэг хүнтэй ажиллах, харилцах, хүнээр ажил хийлгэх чадвар шаардана.

-Ажилд эхэлж ороход ур чадвар хандлага бий. Цаг үеэ дагаад ямар шаардлага бий болж байна?

-Санаачлага. Мянга сайн хандлагатай байлаа гээд сэтгэлгүй, санаачлагагүй байвал тэр ажил урагшлахгүй. Тиймээс байгууллагагууд энэ зүйлийг өөрөөр хэлбэл зан чанарыг ихээр хардаг болсон. Зарим хүний хувьд санаачлагатай, сэтгэлтэй байснаараа хурдан хугацаанд албан тушаал дэвшдэг. Ийм л зүйлийг давхарт хүсдэг. Бусад зүйлүүд нь бол дээр хэлсэнчлэн ойлгомжтой.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сүүлийн үед залуус өөртөө гэхээсээ илүүтэй хүнд ажил хийж өгч байгаа юм шиг сэтгэлтэй хандаад байдаг. Уг нь дээрээ даргатай, тэр даргадаа ажлыг нь хийж өгч байгаа мэт боловч угтаа бол чи өөртөө л тэр ажлыг хийж өгч, өөрөө өөрийнхөө цалинг бий болгож байгаа шүү дээ. Тиймээс чи сайн амжилттай явах уу, амжилт муутай бүтэлгүй байх уу гэдгээ чи өөрөө л бүтээж байгаа хэрэг. Энэ зүйл дээр бас залуучууд маань анхаарах хэрэгтэй.

-Ажлын туршлагагүй хүмүүст өгөх зөвлөгөө байна уу?

-Дөнгөж сургуулиа төгссөн, эсвэл олон ажил гадаад орноор яваад мэргэжлээрээ ажиллаагүй, сургуульд сураад ирчихсэн хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр хүмүүстэй ажиллахад их сонирхолтой. Манай компанийн хувьд иймэрхүү олон хүмүүстэй хамтран ажиллаж, ажилд зуучилж өгч байсан л даа. Гадаадад сурч, амьдарч байсан хүмүүсийн нэг том давуу тал нь тухайн орныхоо ч юм уу 2-оос дээш хэлээр сайн ярьдаг болчихсон байдаг. Мөн үүн дээр ертөнцийг үзэх үзэл нь арай ондоо, илүү задгай сэтгэдэг болчихсон байдаг. Үүнийг нь давуу тал болгож ажилд зуучилж өгдөг. Тэдгээр хүмүүс маань ч энэ давуу талаа ашиглаж ажлын байранд хандах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан