Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэл тайвшруулах амьсгалын бясалгалууд

 

 

Сэтгэлийг тайвшруулах Бурханы шашны уламжлалт арга бол амьсгал дээрээ төвлөрөх. Бурханы шашны бүтээлд олон өөр амьсгалын хэлбэр, дасгалууд бий. Миний мэдэх тэдгээрийн ихэнх нь амьсгалыг амаар биш, хамраар оруулж гарган,  хүчлэх бус өөрийн аясаар нь зөөлөн амьсгалах аргууд байдаг.

Тэдгээрийн зарим нь амьсгалыг барих, зарим нь амьсгалыг барихгүйгээр амьсгалах аргууд байна. Зарим тохиолдолд бид амьсгалыг авахдаа түүнийг барьдаг бол зарим тохиолдолд түүнийг гаргахын өмнө түр барина. Эдгээр нь тухайн амьсгалын дасгалын зорилгоос шалтгаална.

Сэтгэлийг тайвшруулах уламжлалт арга нь эхэлж амьсгалыг гарган дараа нь амьсгал авах арга байдаг. Амьсгалаа гаргаад түр нэг хормыг өнгөрөөж болно. Учир нь бид түүнийг хүчлэхгүйгээр өөрийн аяндаа илүү гүнзгий амьсгал авдаг. Сэтгэлийг тайвшруулах энэ энгийн аргын хувьд бид амьсгал авахдаа түүниийг барьдаггүй ч түүнийг барьдаг өөр аргууд бас бий. Амьсгалыг гаргаад дараа нь авдаг энэ хэлбэрийг хэрэглэх шалтгаан нь – үүнд олон шалтгаан байдаг гэж хэлэх гэсэн юм – энэ тохиолдолд хэрэв бид өөрсдийн бодлыг намжаахыг хүсэж байвал энэ арга бусад хүмүүсийн хийдэг аргаас өөр, илүү их төвлөрөл шаарддаг. Энэ нь илүү их төвлөрөл, анхаарал шаарддаг учраас бусад зүйлийн талаар бодох орон зай өгдөггүй, ийм учраас сэтгэлийг тайвшруулахад тустай байдаг.

Энэ бол уламжлалт арга. Гэвч миний өөрийн туршлагаас харахад барууны хүмүүс ялангуяа номонд ирэхдээ маш их ачаалалтай өдрийн дараа ирдэг. Тэд ихэвчлэн их өндөр шаардлагын дор өдрийн турш ажиллаж түүний дараа замын түгжрэл зэргийг туулан энэхүү оройн хичээлд ирэх хэрэгтэй болдог. Харин энэ нь энэтхэг, төвөд хүмүүс болон өглөө босон бясалгал хийхээр сууж байгаа бидний хувьд өөр. Тэгэхээр хэрэв ядарч ирсэн барууны хүнээс Номын төвд ирэх үед нь хүсэх хамгийн эхний зүйл амьсгал дээрээ төвлөрөх даалгавар байгаад тэр нь дээрх уламжлалт амьсгалын дасгал байвал тэдний ачааллыг улам нэмэгдүүлнэ. Учир нь тус арга биднийг будилахад хүргэдэг.



Амьсгалын дасгалын хамгийн эхний зорилго сэтгэлийг тайвшруулах явдал учраас ачаалалтай ажлын өдрийн дараа ирж байгаа барууны хүмүүс амсгалыг эхэлж гарган хэсэг хугацаанд барьсны дараа дахин авах тэр хэлбэрийг бага зэрэг хэцүү гэж үзэж байвал энэ нь тэднийг илүү их ядраах учраас дасгалын зорилгод нийцэхгүй. Иймд энэ нөхцөлд тус аргыг чухалчлах шаардлагагүй. Энэ тохиолдолд миний зөвлөх зүйл бол ердөө амьсгалыг эхэлж аван түүнийг барихгүйгээр шууд гарган үүнийг нэг бүтэн амьсгал гэж тоолох арга.

Сэтгэлийг тайвшруулахын тулд бид амьсгалын нэг бүтэн цикл тус бүр дээр төвлөрч хэрэв анхаарал сарниж байвал циклүүдийг тоолно. Хэрэв анхаарал сарнихгүй, сэтгэл харьцангуй тайван байвал циклийг тоолох шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж болох амьсгалын дасгалын гурван хэлбэр байна. Нөхцөл байдлаас шалтгаалан мөн өөрийг үнэлж мэдсэний үндсэн дээр өөр өөр аргуудыг хэрэглэнэ. Үүнд:

  • Хэрэв бид маш их ачаалал, стресс ихтэй байвал амьсгалыг ердөө аваад гаргах нэг циклийг нэг, дараагийн циклийг хоёр гэх мэтээр тоолон бясалгана.
  • Хэрэв стресс бага боловч анхаарал сайн төвлөрөхгүй байвал уламжлалт хэлбэр болох амьсгалыг гаргаад хэсэг хугацаанд барин дахин авах тэр циклийг тоолох байдлаар бясалгана.
  • Хэрэв сэтгэл харьцангуй тайван байвал амьсгалыг тоолох шаардлагагүй ердөө амьсгал дээрээ төвлөрнө.

Эдгээр аргуудын хэрэглэх явцад бидний мэдэх хэрэгтэй зүйл бол өөртөө мэдрэмжтэй байж тохирох аргыг хэрэглэх явдал. Бурханы шашны сургаалуудын нэг гайхалтай тал нь тэдгээрт маш олон арга байх бөгөөд танд зорилгодоо хүрэхэд хэрэглэж болох олон аргууд үргэлж байсаар байна. Энэ нь мэдрэмжид суралцах сургалтын үйл явцад бас тустай. Ямар ч үед бидний сэтгэл зүйн төлөв байдал ямар байгааг мэдэх мэдрэмжийг бид төлөвшүүлэх хэрэгтэй бөгөөд хэрэв бид олон арга эзэмшсэн бол аль тохирох нэг аргыг хэрэглэнэ. Хэрэв тэр нь тохирохгүй бол өөр нэгийг хэрэглэх гэх мэт. За ингээд бүгдээрээ сэтгэлийг тайвшруулах тэдгээр гурван амьсгалын дасгалын аль өөр тохирохыг ашиглан амьсгал дээрээ төвлөрцгөөе.

[Бясалгал]

Сэтгэлийг тайвшруулах энэхүү зэхэл үе шатын хувьд бид нүдээ нээлттэй, шал руу харсан байдалтай эсвэл нүдээ аньж бясалгана. Эдгээр хоёр аргын аль алийг зөвлөдөг бөгөөд мөн Бурханы шашны сургаалын хоёр үндсэн урсгал байна. Хинаяана буюу Бага хөлгөний сургаалын  Теревада уламжлалд бид ихэвчлэн нүдээ аньж бясалгадаг бол хоёр дахь гол урсгал болох Их хөлгөний ёсонд нүдээ нээлттэй, харцыг хамрын үзүүрийн дагууд эсвэл түүний тушаа харагдах шал руу чиглүүлсэн байдалтай бясалгана. Ингэхдээ харцыг хурц бус харин сул байдалтай байлгана.

Тэгэхээр бид өөртөө мэдрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд хэрэв үнэхээр маш их стресс, бухимдал ихтэй байгаа бол нүдээ аньж бясалгах нь илүү хялбар. Хэрэв бид аль хэдийн тайван байгаа бол нүдийг нээлттэй, шал руу харсан байдалтай байлгах нь сайн. Учир нь нүдээ аньснаар бид бүхий л ертөнцөөс тусгаарлагдах байдлаар сэтгэлийг тайвшруулахыг хүсдэггүй харин дэлхий ертөнц хийгээд бусадтай харилцахдаа тайван байж сурахыг хүсдэг. Энэ тохиолдолд ийнхүү нүдийг нээлттэй бясалгах нь илүү тохиромжтой.

Дараагийн үе шат сэдлээ тодорхойлох. Энэ нь бид ямар учраас тухайн нэг сургалт эсвэл бясалгалд ирж байгаагийн цаадах сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн шалтгааныг тодорхойлохтой холбоотой. Яагаад би үүнийг хийж байна вэ? Буруутай учраас уу? Нийгмийн бүлгийн шахалтаар уу? Эсвэл үүнийг олон нийтийн үйл ажиллагаа болгон хийж байна уу? Тодорхой нэг бүлэгт татагдах сэтгэлээр хийж байна уу? Эсвэл адис авах зорилгоор уу? Энэ бүхэн бол Бурханы шашны сэдлийн хэв маяг биш. Барууны хүмүүс илүүтэй ийм сэдэлтэй байдаг бөгөөд мэдээж энэ тустай.

Гэвч Бурханы шашны уламжлалын хувьд бид сэдлээ засах гэдэг ба энэ нь өөрийн санаа, зорилгыг тодорхойлох гэсэн утгатай. Бурханы шашны сэдэл нь зорилгын бүлэгт хамаарна. Өөрөөр хэлбэл энэ нь энд, бясалгалд ирснээр бидний хийх зүйл юу болох, бид юунд зорьж байна, бидний зорилго юу болох тухайд байна. Бид үүнийг энд ирснээр хүрэхийг хүсэх гурван зорилгын үүднээс бодож болно. Бид өөртөө үнэнч, мэдрэмжтэй байх бөгөөд энэ бол бидний зорилго. Өөрийгөө Бурханы шашинтан гэж үзэх хүний хувьд “Би гэгээрэлд хүрч хамаг амьтанд тусыг бүтээнэ” гэж хэлэх амархан бөгөөд энэ нь ердөө л үг байдаг.

Бурханы хутагт хүрнэ гэдэг юу гэсэн үг болохыг үнэндээ ойлгохгүйгээр, ертөнц даяар байх шавьж хорхой бүрийг дахин дахин хяналтгүй гарах төрлөөс гэтэлгэхийг хүсэх чин сэтгэлгүйгээр ердөө “Хамаг амьтны тусад би гэгээрэлд хүрэхийг хүсэж байна” гэх нь утгагүй. Өөрийн зорилго үнэндээ юу болох тухайд бодитой, чин сэтгэлээр хандах нь илүү үр дүнтэй. Тухайлбал энэ насандаа өөрийн ойр дотны хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулахыг оролдоход үнэхээр санаа тавьж байгаа хэн нэгэн байж болох бөгөөд Бурханы шашны аргад суралцан түүнд хүрэх зорилготой энэ сургалтанд хүрэлцэн ирсэн байж болно.  

Эсвэл бид үүнийг Номын хялбарчилсан утгын үүднээс, “Энэ бүхнийг би энэ насны амьдралдаа бусадтай харилцах харилцаагаа сайжруулж, түүнийг гэтлэхүй, гэгээрэлд хүрэх эхний алхам болгох зорилгоор хийж байна” гэж болно. Эсвэл Номын жинхэнэ утгыг үүднээс “Үүнийг би бодитойгоор гэтлэхүй, гэгээрэлд хүрэх алхам болгон хийж байна” гэж болно. Ингээд бидний зорилго аль нь ч байсан түүнийг тодорхойлон тавина. Хэрэв бид өөрсдийн зорилгод чин сэтгэлээсээ хандаж байвал өөрсдийн зүрх сэтгэлийг түүнд зориулахад хялбар байна. Хэрэв бид зорилгодоо чин сэтгэлээсээ хандаагүй байвал бидний хийж байгаа зүйл тоглоом тоглож буй хэрэг болно.

Ингээд өөрсдийгөө анхааралтай ажих ухамсартай шийдвэр гаргана. Хэрэв анхаарал сарниж байвал түүнийг буцаан авчрахыг оролдож, нойрмоглож байвал өөрсдийгөө сэргээнэ. Ингээд суудалдаа эргэн анхаарч нуруу цэх байгаа эсэхийг шалгана. Түүний дараа хэрэв энерги бага зэрэг сул байвал толгойг цэх хэвээр нүдний харцыг өргөн хөмсөгний хооронд анхаарлыг төвлөрүүлнэ. Хэрэв бид бага зэрэг тайван бус байвал энергийг намжаах үүднээс харцыг доош чиглүүлэн хүйсний хэсэгт анхаарлыг хандуулна. Ингээд амьсгалаа хэвийн авч түүнийг буцаан гаргах шаардлагатай болох хүртэл барина.



Анхаарлыг төвлөрүүлэх ухамсартай шийдвэр гаргах энэ зөвлөгөө Майдарын хэрхэн төвлөрөлд хүрэх тухай сургаалаас шууд уламжлан ирсэн. Хөмсөгний хооронд мөн хүйсний харалдаа анхаарлыг төвлөрүүлэх тухай зөвлөгөө нь Дүйнхорын сургаалаас уламжлалтай. Хэдийгээр энд үзүүлсний адил ийм элемент бүхий зэхэл бүтээлийн уламжллалт бүрдэл байдаггүй хэдий ч элемент тус бүр нь Бурханы шашны сургаалд үзүүлсэн аргууд. Энд би энэхүү зэхэл бүтээлийн бүрдийг гаргаж ирсэн нь барууны ихэнх хүмүүс сургаал номонд ирэхдээ сэтгэлийн их ачаалалтай ирдэгтэй холбоотой бөгөөд энэ зэхэл түүнд голлон чиглэнэ. Их ачаалал, сэтгэлийн дарамт бүхий амьдралын хэв маягт тохирох зэхэл бүтээлийн бүрдэл бидэнд хэрэгтэй.

Доктор Александер Берзин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан