Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.БАТТӨР: ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ БОЛ ТАРХАЛТ 10 ДАХИН НЭМЭГДЭНЭ

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үе гэхэд одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРЭХ САРД НЭГ САЯ ИРГЭНЭЭ ДАРХЛААЖУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. Энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.

Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа.

ЗАСГИЙН ГАЗРААС ЭМЧ, АЖИЛЧИДДАА 2,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан юм.

Тодруулбал, КОВИД19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.

ХӨСҮТ-ИЙН НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДЛУУДЫГ ШИЙДНЭ

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн ХМОНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан