Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Гэрэл: Ажлаа авахдаа 8 тэрбумын өр хүлээж авсан. Тиймээс MNB-д зөв шинэчлэл хийх цаг нь болсон

Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ Ерөнхий захирал Г.Гэрэлтэй UBN.mn сайтын сэтгүүлч Э.Сосорбурам ярилцлаа.

---------------

-Та гуравдугаар сарын 26-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Ажлаа аваад хамгийн түрүүнд бодогдсон асуудал юу байна. Хаанаас нь “барьж” авч байна вэ?

-Бүгд нэгнээ мэддэг учраас надад хамт олонтойгоо танилцана гэх зүйлс байсангүй. Би МҮОНРТ-т 23 дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс шууд л цаасан дээрх ажил руугаа орсон. 2024 оны төлөвлөгөө үйл ажиллагааны төсөв батлагдаагүй байсан байна. Төсвөө төлөвлөлөө. Энэ хугацаанд МҮОНРТ санхүү, үйл ажиллагаа, менежмент, хөтөлбөрийн бодлогын хувьд хаана явж байна вэ гэдгийг эргэцүүлж бодлоо. Өнгөрсөн хугацаанд би гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байсан хүний хувьд төсөв төлөвлөгөө, үйл ажиллагаа, алсын хараа, стратеги төлөвлөлтийн гүйцэтгэлийн биелэлт хаана явааг тодорхойлсон. Олон хүн МҮОНРТ-ийг сайн, муу гэж шүүмжилдэг. Мэдээж аль, аль нь бий. Олон нийт хэрэв шүүмжилж байвал тэр шүүмжлэлийг бид хүлээж авах ёстой.

-МҮОНРТ өнгөрсөн 2021 онд 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлуулж, 3.5 орчим тэрбумын татварын болон нийгмийн даатгал, бусад өр төлбөртэй гарч байсан. Таныг ажлаа авахад санхүүгийн нөхцөл байдал дээрдэв үү, дордож уу ?

-Тоймгүй их тоо гарсан. Би өөрөө цочирдсон. Жинхэнэ өр гэж юу вэ гэдгийг бид одоо хараад сууж байна. Ажил хүлээж аваад дансныхаа үлдэгдлийг харахад цалин буухад 90 сая төгрөг дутах жишээний.

Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын нийлсэн өр 4 тэрбум төгрөг байна. Хүлээгдэж байгаа цалингийн өр дахиад 4 тэрбум. Тиймээс МҮОНРТ-д зөв шинэчлэл хийх цаг нь болсон.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 8 орчим тэрбумын алдагдалтай төсвийг барих тооцоо гарсан. Гэхдээ үүнийг хяналтын зөвлөлтэй ярьж байгаад дахиж тооцно.

-Ийм их өртэй гэж үү. 8 тэрбумын өр хэзээ үүсэв гэдэг нь анхаарал татаж байна?

-2023 оны зургадугаар сараас хойш үүссэн нийгмийн даатгал болон цалингийн өрүүд байна. Би хувьдаа энэ их өрийг МҮОНРТ-ийн менежмент, үйл ажиллагааны алдаанаас үүссэн гэж дүгнэсэн. Үүнд хураамж өгдөг өрх, Засгийн газар буруугүй. Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын газар шалгалт орж байна. Эндээс бодит үр дүн гарна. Шалгалтын дүнг олон нийтэд ил, тод мэдээлнэ.

Бид менежмент, санхүү, хөтөлбөрийн бодлогыг шинэчилж байж энэ асуудлын ард гарна. Гэхдээ бид ямар асуудалтай нүүр тулаад, юу хийх гэж байгаа тухайгаа олон нийтэд хэлж нээлттэй ажиллах нь зөв. Магадгүй бид олон нийтээс дэмжлэг авах үе тулна. Яагаад олон нийтийн дэмжлэгийг авахыг хүсээд байгаа юм гэж асууж магадгүй. Үүний тулд МҮОНРТ яагаад заавал оршин тогтнох ёстой вэ гэдгийг танай сайтын уншигч нарт тайлбарлаж өгмөөр байна.

-За?

-Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд УИХ-аар батлагдаж, 2006 оноос МҮОНРТ үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн. Уг хуульд бүтэц, хөтөлбөрийн бодлого, санхүүжилтийн хувьд маш нарийн зааж өгсөн. Ямар азаар Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг баталж, МҮОНРТ-тэй болсон юм бэ гэж би хувьдаа баярладаг.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай асуудал нь өөрөө үндэсний мэдээллийн байгууллагатай салшгүй холбоотой. Тиймээс үндэсний мэдээний сүлжээ оршин тогтнох ёстой.

Дээрээс нь үнэн байх ёстой. Олон нийт МҮОНРТ-д итгэдэг учраас үздэг байх гэж боддог. Манай мэдээний хөтөлбөр хамгийн тэргүүлэх зэргийн сонголттой хэвээр байна. МҮОНРТ-ийн мэдээний сүлжээ өнөөдрийг хүртэл энэ чансаагаа хадгалсаар ирсэн. МҮОНРТ 21 аймагт төлөөлөгч, сэтгүүлчтэй. 21 аймгаас мэдээлэл авч байна. Хилийн чандад сэтгүүлч нар ажиллаж байна. Монголд зөвхөн нэгдүгээр суваг биш таван сувгаар MNB гарч байна. Нэгдүгээрт үндэсний суваг, Монголын мэдээ суваг, MNB спортын суваг, MNB World суваг байна. Уг сувгаар Монголд амьдардаг гадны 20 мянган иргэд мэдээлэл авч байна. Би дэд захирлаар ажиллаж байхдаа MNB гэр бүлийн сувгийг нээж байсан. Уг сувгийг менежментийн хувьд шинэчилж, чанаржуулна. Хөтөлбөрийн бодлогын хувьд өөрчилнө. Төсөв мөнгө, санхүүг нь яаралтай шийднэ.

Радиогийн гурван суваг байна. Үүнээс Монголын дуу хоолой радиог онцлоход Монголд болж байгаа үйл явдал, Монгол үндэстний онцлогын тухай мэдээллүүдийг Хятад, Япон, Орос, Англи хэлээр хүргэж байна. Манай Монголын үзэгчдэд сонсогддоггүй учраас ач холбогдлыг нь төдийлөн сайн мэддэггүй. Мөн мэдээллийн mnb.mn сайт ажиллаж байна.

Олимп дамжуулах эрх нь шууд утгаараа бизнес болчихсон. MNB энэ өрсөлдөөнд ялагдсан

-Таны өмнөх удирдлага буюу А.Бүрэнбаатар ажлаа авсныхаа дараа МҮОНРТ-ийг XXI зууны шинэ медиа корпораци болгон хөгжүүлнэ гэж ярьж байв. Харин таны тухайд юу “амлах” вэ ?

-Би бол МҮОНРТ-ийн тухай хуулийг л дагаж мөрдүүлнэ. Энэ нь маш тодорхой зүйл. Хувь медиа компаниудын үйл ажиллагаатай адилтгах зүйл байж таарахгүй. MNB өөрөө ондоошилтой, хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хөтөлбөрийн бодлого болоод үйл ажиллагааг зохион байгуулахыг Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасан. Бид чанарын төлөө өрсөлддөг байна. Чанар гэдэг нь үнэн байх тухай асуудал. Мөн олон нийтэд хамгийн хэрэгтэй зүйлүүдийг хөтөлбөрийн бодлогод тусгах ёстой.

-Тэгвэл МҮОНРТ Парисын олимпыг шууд дамжуулах уу ?

-Дамжуулахгүй.

-Яагаад?

-Бид энэ өрсөлдөөнд ялагдсан. Намайг ажлаа авахад олимпын шууд дамжуулалтын эрх нь 2023 онд аль хэдийн яригдсан байсан. MNB энэ өрсөлдөөнд ялагдсан. Олимп дамжуулах эрх нь шууд утгаараа бизнес болчихсон. Хувийн телевизүүд өөрсдийнхөө саналыг илгээдэг. Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөний тухай асуудал. Central TV эрхийг нь авсан. Үндэсний олимпыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн нь МҮОНРТ мөн. Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпыг зохион байгуулах том ажлын хэсгийн үндэсний гишүүн нь мөн. Тэгэхээр бид чадлынхаа хэрээр оролцоно. Гэхдээ бид шууд дамжуулалтыг явуулж чадахгүй юм шиг байна.

Эрхийг нь авсан байгууллага бусад телевизүүдтэй шууд дамжуулалтын эрхийг хуваалцаж магадгүй. Олимпын төрөлд оролцож байгаа чухал тэмцээнүүдийг бид дамжуулмаар байна.

Шууд дамжуулалтад чадлынхаа хэрээр мөнгө, санхүүгээ босгоод оролцмоор байна. Бид энэ саналаа Central TV-д тавина.

Нэгэнт шударга өрсөлдөөнөөр олимпыг дамжуулах эрхийг авсан Central TV-ийн сонирхлыг нэгдүгээрт тавих нь ойлгомжтой. Гэхдээ олон нийтийн эрх ашгийг хүндлээд Монголын бүх үзэгчдэд хүргэх үүднээс хөтөлбөрөө бусад телевизүүдтэй хуваалцах байх гэсэн хүлээлт надад байна. Хөтөлбөрөө хувааж авбал их сайн. Бүх тэмцээнүүдийг шууд дамжуулах эфирийн цаг тэдэнд хомс. Бүх юмыг зэрэгцүүлж гаргах технологи, сүлжээ байхгүй учраас бусад телевизүүдэд энэ ачааллаа шударгаар хуваалцах байх гэж найдаж байна.

Миний ард хэн нэгэн улстөрч байгаа гэж хардахаас илүүтэй энэ салбарын хүн гэж хараасай

-МҮОНРТ-ийг улстөрчдийн халаасанд явдаг гэж ярьцгаадаг. УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр “МҮОНРТ-ийн захирлаар томилогдохын тулд утас шаттал мессеж бичиж залгадаг” гэж ярьж байсан удаатай. Тиймээс нийгэмд таны ард хэн нэгэн улстөрч байгаа гэж хардах хэсэг ч байна. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ ?

-Би өөрийгөө 100 хувь энэ салбарын хүн гэж дүгнэдэг. Миний амьдралын 23 жил энэ байранд өнгөрсөн. Ер нь захирал бүрийг улстөрч, эсвэл намтай холбодог. Энэ нь Засгийн газраас МҮОНРТ-д өгдөг дэмжлэгтэй холбоотой. МАН сүүлийн найман жил засаг барьж байна. Намайг Ерөнхий захирлаар сонгогдохоор МАН-ын хүн гэж хардах хүмүүс ч бий.

Гэхдээ миний ард хэн нэгэн улстөрч байгаа гэж хардахаас илүүтэй энэ салбарын хүн гэж хараасай. MNB-д ажиллаж байсан Ерөнхий захирлуудаас уг телевизэд хамгийн удаан ажилласан над шиг хүн цөөхөн байх.

Олон улсын үндэсний радио телевизүүдэд Засгийн газраас олгох дэмжлэг нь тухайн жилийн төсвийн тэдэн хувь нь гэж суух жишээний. Засгийн газар яаж бүрдэх сонгуульд аль нам ялахаас үл хамаарч энэ төсөв өөрчлөгддөггүй. Энэ нь санхүүгийн хараат бус байдлыг бий болгодог.

Гэтэл манай Засгийн газар 2005 оноос хойш МҮОНРТ-ийн төсвийг үзэмжээр тогтоож ирсэн байна. Тухайн Засгийн газарт лобби хийж байж өндөр төсөв авдаг байсан гэсэн үг. Төсвийг Ерөнхий сайд, Сангийн сайд, нам шийддэг. Энэ нь гэхдээ өнөөдөр үүсэн асуудал биш. Үеийн, үед байсаар ирсэн. Тэгэхээр үүнийг өөрчилж, зөв болгох ёстой. Ардчилсан шударга нийгэмд МҮОНРТ нь тэргүүлэгч байна гэж хуульчилсан л юм бол санхүүжилтийн хэлбэр нь хараат бус байх ёстой. Тэр санхүүжилтэд хэн гарын үсэг зурахаас үл хамаарч төсөвт суудаг байх тэр зарчим руу бид шилжих цаг болсон гэж бодож байна.

-Тэгвэл хэдэн онд төсөвт хамгийн их мөнгө суусан юм?

-Улсын төсвөөс өгдөг дэмжлэг жил бүр нэмэгдсээр л байсан. Гэхдээ инфляцийн өссөн дүнтэй энэ төсөв нь хэзээ ч нийцэж байгаагүй.

2017, 2018, 2019 онд манай төсвийн дэмжлэг хамгийн өндөр байсан. Өндөр төсөв тавих шаардлага ч тухайн үеийн Засгийн газарт байсан.

Учир нь бүх телевиз HD форматад шилжсэн байхад МҮОНРТ бүрсийсэн дүрсээр мэдээгээ гаргадаг хамгийн сүүлчийн телевиз болсон байсан. Дээрээс нь хальсныхаа технологиор явсаар л байсан. Хальснаас хальсад, гараас гарт нэвтрүүлгээ дамжуулдаг. Энэ технологи нь тухайн үед хамгийн хоцрогдсон нь байсан. Улмаар манай удирдлагын баг МҮОНРТ-ийн порматыг HD-рүү бүрэн шилжүүлэхэд тоног төхөөрөмж, хальсгүй технологийг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хамгийн хурдтайгаар хийсэн. 2017-2019 онд бүх шинэчлэлүүдийг хийсэн. Гэтэл эргээд харахад энэ технологи маань хуучирсан байна.Одоо дахиад техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай болсон байна.

МҮОНРТ-ийн хамт олон нийгэмд хагаралдсан мэт харагдавч энэ бол бидний дотоод ардчилал

-Та ярианы эхэнд ажлаа авахдаа 8 тэрбумын өр хүлээж авсан гэдгийг дурдсан. Уг өрийг төлөхдөө өрхөөс авдаг 1200 төгрөгийн хураамжийг нэмэх үү. Ер нь нэмэх талаар 2021 оноос хойш л яриад байсан болохоор лавлаж асууж байгаа юм шүү?

-1200 төгрөгийг хэдэн онд ямар үндэслэлээр тогтоосон бэ гэдгийг судалж үзсэн. Энэ нь 2005 оны ханш юм байна лээ. Засгийн газрын тогтоол дээр үзэгч сонсогчдоос авдаг хураамж нь тухайн үеийн 1 ам.доллар байна гэж заасан. Дараа нь 1200 төгрөг болсон. Учир нь гадаад валютаар төлбөр хураамж хийхгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарснаас болоод тухайн үеийн ам.долларын ханштай нийцүүлж 1200 төгрөг болгосон юм байна лээ.

2005 онд 1 ам.доллар 1200 төгрөг, нэг талх 460 төгрөг байсан. Тиймээс хурамжийн үнийг нэмэх эсэх асуултыг олон нийтэд үлдээнэ.

Энэ тухай хэлэлцүүлгийг мэргэжлийн хүмүүсийн түвшинд ярилцах цаг нь болсон. Зөв үү, буруу юу. Нэмэх үү, нэмэхгүй юу. Үүнийг би тодорхойлохгүй. Олон нийт шийднэ. Ард түмэн биднээс чанартай уран бүтээл хараат бус байдлыг олон нийтэд үйлчлэхийг шаардаж байна. Түүнээс биш мөнгөний тухай асуудлыг ярьж байна гэж бодохгүй байна.

-Сүүлийн асуулт. Өнгөрсөн 4-5 жил удирдлагаа огцруулна, солино гэсэн "чөтгөрийн тойрог" шиг байдал үүрлэчихсэн гэх шүүмжлэл бий. Өнгөрсөн хугацаанд МҮОНРТ-д үүсээд байсан ажилтан, албан тушаалтнуудын хооронд үүсээд байсан хагарал нэг талдаа гарч чадсан уу. Бүгд нэгэн цул болж нэгэн зорилгын төлөө урагшлахад бэлэн үү ?

-Би бэлэн байгаа гэж ойлгож байгаа. Манай уран бүтээлчдийн бидний хоорондын асуудал болж өнгөрсөн. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой.

Нийгэмд хагарал хуваагдал мэт харагдаж байж магадгүй. Зарим нэг улстөрчид үүнийг ашиглаж өөрсдийнхөө талд ашигтай шийдэхийг хүсэж байсан.

Дотоод ардчиллын асуудлыг хагарал болж харагдуулж , ашиг хонжоо хайх гэж оролдсон ч байж магадгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага дотроо ардчилалтай. Тиймээс уран бүтээлчид өөрсдийн асуудлаа гаргаж тавьсан. Ажиллах нөхцөл, хөтөлбөрийн бодлого дээр чиний буруу, миний зөв гэж ярилцсан. Одоо ч манайд дотоод ардчилал явагдаж байгаа. Үүн дээр би эмзэглэдэггүй. Учир нь би өөрөө тэдний нэг шүү дээ. Дотоод ардчиллын асуудал аль ч газар байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

2 Сэтгэгдэл
Tsohioonii nuh
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан