Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк зэрэг ажилжааны 9 банкны удирдлага оролцож, гэрээг үзэглэв.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж буй банкны удирдлага, хамт олонд талархал илэрхийлээд “Төрөөс хувийн хэвшлийг оновчтой бодлого, хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь чухал гэдгийг үндэсний хөдөлгөөн, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүүд харуулж байна. Салбарын яамнаас аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөнгөлөлттэй зээл, газар олголт, татварын хөнгөлөлт зэргээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна” гэв.
Мөн тэрбээр 2026 онд батлагдсан төсвийн хүрээнд "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 350.0 тэрбум, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор төлөвлөн ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ.
Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн буюу 330.6 сая ам.долларт болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн ээрэх хүчин чадлыг 400.0 тонноор, сүлжих хүчин чадлыг 200.0 мянган ширхэгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.
“Атар-4” аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн, аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд 598.8 мянган га талбайд тариалалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр улаанбуудайн 78 хувь, төмс, хүнсний ногооны 80 хувийг хангасан. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-аар, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор, үтрэмийн багтаамжийг 67.0 мянган тонноор, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар тус тус нэмэгдүүлсэн гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
























