Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

IUCN: МОНГОЛЧУУД БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН УР УХААНАА ҮЕЭС ҮЕД УЛАМЖЛУУЛДАГ НЬ СТРАТЕГИЙН ДАВУУ ТАЛ БОЛЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.23/ Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Ерөнхий захирал Гретель Агиляр, Ерөнхий захирлын орлогч Стюарт Магиннис, Ази бүсийн захирал бөгөөд Номхон далайн бүсийн төвийн захирал Диндо Кампила, Ой, бэлчээрийн багийн дарга Четан Кумар болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс, IUCN-тай байгаль хамгааллын чиглэлээр 1950-иад оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд анх тахь, хавтгай зэрэг ховор, нэн ховор амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр эхэлсэн хамтын ажиллагаа өнөөдөр байгаль хамгааллын өргөн хүрээг хамарсан стратегийн түншлэл болон өргөжөөд байна.Энэ хүрээнд 2025 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал хөшүүрэг болсон юм.

Уулзалтын эхэнд IUCN-ны Ерөнхий захирал Гретель Агиляр Монгол Улсын Их Хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг сааруулахад чухал ач холбогдолтой алхам болсныг онцоллоо.Түүнчлэн монголчууд газар нутгаа хамгаалах, байгальтайгаа зохицон амьдрах арга ухаанаа үеэс үед уламжлан хадгалж хойч үедээ өвлүүлж ирсэн нь байгаль хамгааллын бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдол бүхий өв соёл, стратегийн давуу тал болж буйг сайшаав.Мөн улс орнууд нийтлэг тулгамдсан асуудлаа хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх, харилцан туршлага, мэдлэгээ солилцохын зэрэгцээ өөр өөрийн онцлогт тохирсон шийдлээр нэгдэн ажиллахад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.Энэ хүрээнд Монгол Улсын санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад түгээн нэвтрүүлэх, хэрэгжилтийг нь дэмжихэд техникийн туслалцаа, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойгоо IUCN-ны төлөөлөл илэрхийлэв.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн IUCN-д талархал илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг илүү үр дүнд чиглэсэн, урт хугацааны стратегийн түвшинд өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэлээ.Тэрбээр COP17-ын хүрээнд гарч буй шийдвэр, санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, газрын доройтлыг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр IUCN-тай хамтран ажиллахын чухлыг онцлов.Мөн “Монгол Улсын өв” төсөл нь бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, доройтсон газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, олон улсын түншлэлийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо.Түүнчлэн уг санаачилгыг зөвхөн нэг удаагийн төсөл хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр COP17-ын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааны үндэс болгон хөгжүүлж, газар, уур амьсгал, ус, биологийн олон янз байдлын харилцан уялдааг хангасан цогц, стратегийн түншлэл болгон өргөжүүлэх боломжтой гэлээ.See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан