Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсныг Монголбанкны Ерөнхийлөгч дурдаад, энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэлээ.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэлээ. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч, бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 2027 онд 6 хувь, дунд хугацаанд 5 хувь +/- 2 нэгж хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг тууштай баримтална гэв.
Энэхүү тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгөх чиглэлийг тусгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг даалгах гэсэн агуулга бүхий 3 заалттай аж.
Тогтоолын хавсралтад 2027 онд мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 14 бодлогын арга хэмжээ, түүний биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусган боловсруулсан байна.

Түүнчлэн төсөлд дөрвөн суурь өөрчлөлтийг бодлогын түвшинд тусгажээ. Тодруулбал, Төв банкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдалыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх шийдлийг дэвшүүлэхийн зэрэгцээ инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Улмаар бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 12 тулгуур үзүүлэлтийг хариуцах нэгж, суурь түвшин, зорилтот түвшин, тайлагнах давтамжийн хамт матриц хэлбэрээр тодорхойлсоноос гадна их өгөгдөл, ухаалаг хяналт шалгалт (SupTech), нээлттэй банк (Open banking), mBridge болон стэйблкойн зэрэг дэлхийн төв банкнуудын орчин үеийн чиг хандлагыг бодлогын зорилго, эрх зүйн орчин, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан судалж, туршин, үе шаттай нэвтрүүлнэ.
Ингэснээр бодлого, хяналт шалгалтын шийдвэрийг бодит мэдээлэлд суурилан шуурхай гаргах, төлбөрийн системийн үр ашиг, хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкнаас баримталж байгаа "2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” бүрэн хэрэгжихийн сацуу Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийх эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ
























