Тайландын Паттаяа хотод энэ сарын 13-14-нд болсон Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид 12 алт, найман мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
Тус тэмцээнд 23 улсын 240 тамирчин 58 ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн өсвөрийн тав, насанд хүрэгчдийн найман тамирчин оролцсон байна.
Монголын баг тамирчдын медалийн амжилтыг дэвжээ, байгууллагаар нь танилцуулъя.
“ЭЗО” дэвжээний тамирчид
Монголын Гардан тулааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “ЭЗО” дэвжээний үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер, хар бүс таван дант С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд алтан медаль хүртжээ.
Мөн тус дэвжээний тамирчдаас:
- Д.Учрал 10-11 насны ангиллын өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль,
- Д.Гэгээ 10-11 насны ангиллын өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль,
- М.Баянмөнх 14-15 насны ангиллын өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль хүртсэн байна.
“Хаянгарваа” дэвжээний тамирчид
Тус дэвжээний багш, дасгалжуулагч, гардан тулааны дэлхийн аварга, хар бүс хоёр дант А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль хүртжээ.
Түүнчлэн CHECK MEDIA агентлагийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алт, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Бусад тамирчдын амжилтаас дурдвал:
- А.Жамбал 15-17 насны ангиллын тулаан болон өөрийгөө хамгаалах төрөлд тус бүр мөнгөн медаль,
- Г.Номин 14-15 насны ангиллын тулаан болон өөрийгөө хамгаалах төрөлд тус бүр алтан медаль хүртжээ.
Цагдаагийн ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчид
Цагдаагийн ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчдаас:
- Цагдаагийн дэслэгч О.Балжинням өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль,
- Цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль,
- Цагдаагийн дэслэгч Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль,
- Цагдаагийн дэслэгч Э.Наранжав өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Хилийн цэргийн 0303 дугаар анги, клубүүдийн тамирчин
Хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан шонхор”, “Бату файтэрс” клубийн тамирчин, ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль хүртжээ.
Тэмцээний үеэр гардан тулааны олон улсын шүүгч Б.Алтанзул Монгол Улсаа төлөөлөн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан байна.
Монголын баг тамирчид ийнхүү багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, Азийн аваргын цом хүртлээ.

Эх сурвалж: Монголын гардан тулааны холбоо

























