Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар өмчлөх эрхийг минь хаасан нь хэний буруу вэ


Иргэн бүр газар өмчлөх эрх хуулиар баталгаажсан. Монгол Улсын иргэн гэдгийг нь батлах төрсний гэрчилгээ авсан нялхсаас эхлээд хүн бүр Монгол Улсын нутаг дэвсгэрт газар өмчлөх эрхтэй. Насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг эх, асран хамгаалагч, хар­гал­зан дэмжигч нь хуулийн эт­гээд болно хэмээн хуулиар зохи­цуулсан. Хүүхэд асрах га­зарт хүмүүжиж байгаа болон бү­тэн өнчин хүүхдүүдийн хувьд газар эзэмших эрх нь ч нээлттэй. Харамсалтай нь, өнөө­дөр хүн бүрт газар эзэм­ших эрх нь нээлттэй бус хаалттай болчихоод байна. 2003 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 85 мянга орчим иргэнд 4623.9 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлжээ. Өөрөөр хэлбэл,  дөнгөж 7.5 хувь  нь л газраа эзэмшсэн гэсэн тоо­цоо гарчээ.

Газар өмчлөх хууль анх батлагдсанаас хойш хоёр жил хүчинтэй байсан бол 2005 онд гурван жилээр сунгажээ. Харин 2008 онд таван жилээр сунгаж, энэ оны тавдугаар сарын 1-нээр дуусгавар болохоор байсан. Аз болоход өнгөр­сөн пар­ламентын хуга­цаа дуусгавар болохтой зэрэгцэн Ардчилсан нам­аас сонгогдсон Д.Ганхуяг, Х.Бат­тулга, Л.Болд нарын гишүүний санаачилгаар энэ­хүү хуулийн хугацааг дахин таван жилээр сунгаж 2018 он хүртэл хү­чинтэй болсон. Өнгөрсөн оны эхэнд Налайх дүүрэгт 300 га, Сонгинохайрхан дүүр­гийн 21 дүгээр хороо Дэлгэр­булангийн аманд 100 га, Хан-Уулын Биокомбинатад 80 га, Багахангайд 160 га гэхчлэн байршилд газар өмч­лөх бо­ломж­тойг НИТХ-аас ба­талж сүр дуулиантайхан зар­ласан. Гэ­тэл өнгөрсөн оныг дуустал нийс­лэлийн аль ч дүүргийн газрын алба нэг ч иргэнээс газар эзэмших өргөдөл хүлээн аваагүй. Өргөдөл бариад очвол “Шинээр олгох газ­рын зураг төлөвлөлтийг гар­гаж байгаа” гэдэг ганцхан хариулт өгдөг. Нийслэлийн газрын албанаас Сар шинийн бая­рын өмнө өргөдөл хүлээн авч эхэллээ гэсэн мэдээлэл гарсан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн газрын албаар очиход газрын зохион байгуу­лагч мэргэжилтэн нь “Манайх одоохондоо иргэдээс газар өмчлөхтэй холбоотой өргөдөл хүлээн авахгүй байгаа. БЗД-ийн ИТХ-аар иргэдэд эзэмшүүлэх газрыг хэлэлцүүлж батлуулна. Тэгээд дахин газрын зураг кадастрыг нь гаргаад иргэдэд өмчлүүлнэ” гэсэн хариулт өг­лөө. Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт Гачууртын цаана Шар хоолойн аманд газар олгоно гэсэн. Яагаад дахиад ИТХ-аар хэлэлцэх болов хэмээн тодруулахад “Нийслэлийн газ­рын албанаас зарласан газар.

Юутай ч, иргэдээс өргөдөл хүлээн авахаар бол албан ёсоор мэдэгдэнэ. Энэ онд багтаад өргөдөл хүлээн авч эхэлнэ” гэснээс өөр дорвитой хариулт өгсөнгүй. Нийслэлийн газрын албанаас энэ талаар тодруулахад өнөөх 2012 оны эхэнд хэлж байсан зураг тө­сөл, төлөвлөлтөө л ярив. Хэрвээ 2013  оны тавдугаар сарын 1-нээр газар өмчлөх хуулийн хугацаа дуусгавар болсон бол яах вэ. Энэ олон хүн 0.07 га газар байтугай одоо амьдарч байгаа хашааны газраа өмчилж амжаагүй тохиолдолд хэн хариуцлагыг нь хүлээх байсан бэ. Анхнаасаа эмх замбараагүй, дураараа бариад олон жил болчихсон гэр хорооллын дахин төлөвлөлтийг зургаан сарын дотор нарийвчлан гаргаад ирчихэж болдог...Гэтэл нийслэлээс зайдуухан орших алслагдсан газруудад яахаараа хоёр жил дамнаад ч кадастрын зураг, төлөвлөлтийг нь хийж дуусдаггүй байна аа.  Хуулиар олгосон газар өмчилж авах нээлттэй эрхийг минь ингээд хаачихсан Нийслэлийн газрын алба болон харьяа дүүргийн нөхдүүдэд хариуцлага тооцооч ээ. Хэрвээ ингээд хоёр, гурван жилээр зураг төслөө зураад, зохиогоод суусаар байтал газар өмчлөх хүчинтэй хугацаа буюу 2018 онтой золгох вий дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан