Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Даваацэрэн: Банкнаас зээл авсны төлөө дампуурна гэж ярьж болохгүй

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа.
Дээрх асуудал болон сүүлийн үед хэвлэлээр гараад буй “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүтэй холбоотой зарим мэдээллийн талаар тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс тодрууллаа.


-“Эрдэнэт” үйлдвэр нь Оросын талын хувьцаа эзэм­­­шигчдээ ногдол аш­гаа өгөхгүй байна гэсэн мэ­дээлэл бий. Энэ талаар?
-2012 оны ногдол ашиг болох 47 сая доллар манай үйлдвэрийн эргэлтэд байгаа. Энэ 47 сая долларыг Оросын талын ямар байгууллагын данс руу шилжүүлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Оросын талын байгууллага нь албан ёсоор тодорхой болоогүй байсан юм. Одоо албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болсон учраас асуудал шийдэгдээд явна.

-Оросын талын хувьцаа эзэмшигч нь өөрийн хувиа төрийн өмчит компани руугаа шилжүүллээ. "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-Хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн ч үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үйлдвэрийн үндсэн дүрэм, худалдан авалт хэвээр үргэлжилнэ. Дотоод дүрэм хэлэлцээрийн үндсэн агуулгад өөрчлөлт ороогүй. Өмнө нь Оросын Төрийн өмчийн хороо 49 хувийг албан ёсоор эзэмшдэг байсан. 2008 онд Оросын тал өөрийн хувиа “Орос технологи” компанидаа 100 эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг Засгийн газар хооронд хэлэлцэж явсаар өнөөдөр Оросын талыг тус компанид 100 хувь эзэмшүүлэхээр соёрхон батлагдлаа. 

-100 тэрбумыг Оросын талд шилжүүлэх хөрөнгө “Эрдэ­нэт” үйлдвэрт бий юү?
-Жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад эргүүлж төлдөг том эргэлттэй үйлдвэр шүү дээ. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй. Эргэлтийн хөрөнгөн доторхи мөнгөө бид “Орос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ.

-“Шилэн данс”-аа хөтлөөгүй гэх шалтгаанаар таныг огцруулна гэх яриа гарсан?
-Хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрэхэд бэлэн. Гэхдээ аливаа хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж байдаг. “Шилэн данс”-ны үндсэн зориулалт нь Монгол Улсын төсөв, төсвөөс санхүүждэг аж, ахуй нэгж, компани, төрийн байгууллагад илүү хамааралтай. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүд уг хуулийг яаж хэрэгжүүлэх талаарх аргачлал нь одоохондоо гараагүй байна.
“Шилэн данс”-ны хууль батлагдсаны дараа манай байгууллагаас Үндэсний аудитын газарт “Хамтарсан үйлдвэрүүд тус хуулийг хэрэгжүүлэх тусгай аргачлал алга. Түүнийг гаргаж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Засгийн газарт хандсан. Тэгэхээр Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараа бид уг хуулиа хэрэгжүүлээд явна. Хэрэгжүүлэхгүй гэх бүдүүн зүрх байхгүй. Гэхдээ манай улсын Үндсэн хуульд олон улсын гэрээ хэлцэл нь тус улсынхаа дотоодын хууль, журмаас дээгүүр байна гээд заасан. Монгол  болон ОХУ-ын ЗГ хооронд байгуулсан хэлэлцээрт “Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Гэхдээ шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ харилцан тохирч, журмын да­гуу тохиролцоно” гэсэн байдаг.
Тэгэхээр нэгдүгээрт, Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүд дээрээ “Шилэн данс”-ыг хэрэгжүүлэх журмаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, энэ журмыг хэрэгжүүлэх гэж буй талаараа хувьцаа эзэмшигчид хуралдаж баталгаажуулах ёстой. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр нь аж, ахуй нэгж. Тэгэхээр бизнесийн нууц гэж юм бий. Түүнийгээ хязгаарлах ёстой. Ялангуяа олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компанийн хувьд зарим зүйлийг нууцлах, аюулгүй байдлаа хангах зэрэг асуудал бий. Бид шилэн байна гээд хамаг зүйлээ дэлгээд бусдын өмнө унаад өгвөл сайн зүйл мөн үү гэдгийг бас харах ёстой.

-Манайх бас өөрийн талын хувьцаагаа “Эрдэнэс Эм Жи Эл” компани руу шилжүүлнэ гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?
-Сая уг асуудлыг шийдсэнгүй. Энэ талаар одоохондоо яриагүй. Зөвхөн Оросын талын хувьцаа эзэмшигчийн асуудлыг л шийдсэн.

-“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэр явагдаж байна. Хэвийн гэж ойлгож болох уу?
-Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сая Сангийн яам, Татварын Ерөнхий газарт тайлангаа гаргаж өгсөн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татварт 10 тэрбум төгрөг өгөхөөр байгаа. “Эрдэнэт”  үйлдвэр Оросын ногдол хувийг өгөөгүйн улмаас дампуурч байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд тарааж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэр жилд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн боловсруулаад худалдаанд гаргадаг. Оросын талын ногдол ашгийг өгчихөөр өрөнд ороод, дампуурчихгүй . Мөн "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн буруу мэдээлэл гарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унаснаараа манай олдог орлого 200 тэрбумаар буурсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01