Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
ШҮҮХИЙН ЗАХИРГАА – ШИНЭ АЙЛ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүхийн тухай шинэ хуулиар өмнө нь ШЕЗ-ийн даргын ажлыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсарч хийдэг байсныг болиулж, байнгын үйл ажиллагаа явуулах бие даасан байгууллага болголоо. Шинээр байгуулсан энэ байгууллагын талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Ажилдаа ороод хэдхэн хонож байна. Шинэ айл өрх тусгаарлахад хэрэгтэй бүхэн шаардагдаж байна. Байр сав, хүн хүч, дүрэм журам гээд түмэн ажил. ШЕЗ бол шүүхийн захиргаа нь. Шүүх, захиргаа хоёр хамт байсан. Одоо салгаж байгаа юм.

-Яагаад?
-Нэгдэж, нийлэх болгон сайн биш. Салах нь сайн газар гэж бас бий. Энэ бол шүүх эрх мэдлийн байгууллагын онцлог. Шүүхийн захиргааны хэд хэдэн загвар байдаг. Нэг нь, шүүхийн захиргааг Хууль зүйн яамны сайд нь хэрэгжүүлдэг. Үүнийг бид 1990-ээд онд туршсан. Шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хамааралтай болох гээд байсан. Энэ загварын эерэг болон сөрөг талыг олж мэдсэн, зассан. Үүний дараа шүүхийн захиргааг шүүхэд нь өгөх хоёр дахь загварыг туршсан. ШЕЗ-ийн даргыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсардаг болсон. Энэ загвар бас л эерэг, сөрөг талаа харуулсан. Шүүхэд босоо удирдлагын тогтолцоо бий болж эхэлсэн. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлдөг. Эцэст нь гурав дахь буюу бие даасан, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлээс тусдаа шүүхийн захиргааг Монгол Улс анх удаа байгуулж, энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.

-ШЕЗ-ийг байнгын ажиллагаатай болгохын тулд 14 гишүүнтэй байсныг цөөлж, орон тооны таван гишүүнтэй байхаар бүрэлдэхүүнийг нь шинэчилсэн. Бүрэлдэхүүнд багтах гишүүдээ томилуулсан уу?
-ШЕЗ-ийн гишүүний гурвыг гурван шатны шүүхээс тус бүр нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Хуульчдын холбоо тус бүр нэгийг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилох хуультай. Гурван шатны шүүх, Хууль зүйн сайдаас нэр дэвшүүлсэн дөрвөн хүнийг Ерөнхийлөгч томилсон. Харин Хуульчдын холбоо одоогоор байгуулагдаагүй учир нэг гишүүн томилогдоогүй байна.

-ШЕЗ-ийн өмнө нь гүйцэтгэж байсан үүргүүдэд хэр өөрчлөлт оруулсан бол. Ялангуяа, нэмсэн эрх, үүргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ байгууллага ямар  чиг үүрэгтэйг  Шүүхийн захиргааны тухай хуульд тодорхой заасан. Чиг үүргийг өмнөхөөс нь өргөжүүлж, илүү нарийвчилсан. ШЕЗ бол шүүн таслах ажилд үл оролцдог, шүүх эрх мэдэлд үйлчилдэг байгууллага. Шүүхийн бие даасан байдлыг хангана. Өөрөөр хэлбэл, шүүхийг бусад байгууллагаас юм гуйлгахгүй, эрхэмсэг байх нөхцөлийг хангаж ажиллана гэсэн үг.  Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаална. Шүүгчийг шилж олно. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаална. Мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ. Үүний тулд дэргэдээ судалгааны том төв ажиллуулна. Түүнчлэн шүүхийг олон нийтийн хяналтад байлгах үүрэгтэй. Шүүхийг олон нийтэд нээлттэй байлгах нь ч ШЕЗ-ийн хариуцах ажил. Олон нийт шүүх, шүүгчийг сайн хянаснаар шүүх зөв, шударга ажиллах, хараат бус байх байнгын механизм бүрэлдэнэ.

Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах үүднээс хууль тогтоогчид ШЕЗ-д өмнө нь байгаагүй том үүрэг хүлээлгэсэн. Энэ нь шүүхийн төсвийг бие даан боловсруулж УИХ-д шууд өргөн мэдүүлж, батлуулах үүрэг. Ингэснээр шүүх эдийн засгийн хувьд хараат бус болох нөхцөл бүрдэж байгаа. Үндсэн хуульд “Шүүх хараат бусаар ажиллах эдийн засгийн баталгааг төр хариуцна” гэж заасан байдаг. Энэ заалтыг одоо л хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ. Тэгэхээр хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд том сэтгэн, зөв төлөвлөж шүүхийг эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус байх тийм нөхцөл бүрдүүлэх нь бидний өмнө тулгарч буй том зорилт. Мөн өмнө нь шүүгчдийн цалинг УИХ тогтоодог байсан. Одоо шүүхийн захиргааны байгууллага өөрөө тогтооно. Тиймээс шүүгчдийн цалин хангамжийг сайн  тогтоож, хариуцлагыг чангатгаж, шүүхийн үүд хаалгыг нарийн чанд болгоно. Тохиолдлын хүн шүүгч болох ёсгүй. Шилдэг хуульчдаас шүүгчид тохирох зан төлөв бүхий хүн л шүүгч болж байх ёстой. Үүний тулд хийх ажил их байна.

-Тухайлбал, нэн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай байна вэ?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар 3-5 жилд шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тодорхойлохоор заасан. Өөрөөр хэлбэл, шүүгч Доржийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшин ийм төвшинд байна гэдгийг тогтоосны дараа түүнд цалингийн 50 хүртэл хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно. Үнэхээр шүүгч Доржийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшин өндөр байвал гурван сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл буюу нэг сая 500 мянган төгрөг авна гэсэн үг. Тиймээс энэ онд багтааж нийт шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооно. Төвшинг  тогтоохдоо шүүгчдийн “бүтээл” дээр голчлон тулгуурлах болов уу гэж төсөөлж байна.

-Шат шатны шүүгчдийн авдаг цалин өөр өөр гэж сонссон. Тухайлбал, хяналтын шатны шүүгчид хамгийн өндөр цалин авдаг. Давж заалдах шатныхан тэднээс арай доогуур. Анхан шатны шүүхийн шүүгчид хамгийн бага цалин авдаг жишигтэй гэсэн. Тэгэхээр энэ байдалд өөрчлөлт оруулах нь гэж ойлгож болох уу?
-Болно. Энэ жишгийг өөрчилнө. Анхан шатны шүүхийн шүүгчид хамгийн өндөр цалин авдаг болно. Жишээ нь, чи бид хоёр маргаж шүүхэд хандлаа гэж бодъё. Анхан шатны шүүхийн шүүгч энэ хэрэг маргааныг тал бүрээс нь хянаж үзээд чи, бид хоёрын ой тоонд ортол шийдвэрлэж, шийдвэрээ бичээд өгсөн байх юм бол би давж заалдаад, хяналтын шатны шүүхэд хандаж шүүхийн бүхэл бүтэн системийг ажиллуулаад явахгүй. Анхан шатны шүүхэд л асуудал дуусна. Мөн анхан шатны шүүх маш их ачаалалтай ажилладаг. Юу болох нь мэдэгдэхгүй  “түүхий эд” шүүхэд ирдэг. Түүнийг задалж, шинжилж, хэрэг, маргаан мөн, бишийг анхан шатны шүүхийн шүүгч шийддэг. Олон үйл ажиллагаа явуулдаг, нарийн чимхлүүр ажил хийдэг. Энд л төгс шийдвэр гарч байх ёстой. Тийм учраас хамгийн шилдэг шүүгчид анхан шатны шүүхэд ажиллах ёстой. Энэ үүднээс анхан шатны шүүхийн шүүгчийн цалин хангамжийг илүү сайн болгоно гэсэн бодолтой байна.

-Танай байгууллага Шүүхийн багц хуулийн дагуу цөөнгүй дүрэм, журам, стандартын төсөл боловсруулж, батлуулах ёстой. Энэ ажил хэзээ дуусах вэ?
-40 гаруй дүрэм, журам боловсруулна. Энэ бол үнэхээр том ажил. Зуны гурван сар эдгээрийг боловсруулж, батлах нь ШЕЗ-ийн өмнөх хамгийн том ажил. Эдгээр дүрэм, журам дунд өмнө нь мөрдөж байсан нь ч бий, цоо шинээр боловсруулах нь ч байна. Ганцхан дүрмийг жишээ болгож хэлье. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-д “3-5 жил тутамд шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журмыг ШЕЗ боловсруулж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална” гэж заасан. Шүүгчдийн эрх ашгийг хөндсөн энэ ажилд хөнгөн гоомой хандах учиргүй. Зөвхөн үүнийг боловсруулахын тулд томоохон судалгааны ажил хийх шаардлагатай болж байна. Судалгааны баг ч ажилдаа орсон байгаа.

-УИХ шүүхийн багц хуулийг хэлэлцэх үед шүүхийг бүсчилж, дагнасан шүүх байгуулах асуудал маш их маргаан дагуулсан. Дагнасан шүүхтэй байхын ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?
-Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлыг чи олоод асуучихлаа. Шүүхийг дагнаж байгуулах цоо шинэ системийг Шүүхийн багц хуульд тусгасан. Үндсэн хуульд дагнасан шүүх байгуулж болно гэсэн заалт бий. Дагнасан, тусгай, төрөлжсөн шүүх гэж ямар шүүхийг хэлдэг юм бэ гэж хэдхэн жилийн өмнө манай эрдэмтэд маргадаг байсан бол одоо Монголын шүүхийн зохион байгуулалтын үндсэн хэв маяг болчихлоо. Монгол Улсад 2006 онд анхны дагнасан шүүх буюу Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулж байна. Хуульд энэ гурвыг тоочиж өгөөд цаашид дөрөв дэх, тав дахь  болгож нарийвчилж байгуулах бололцоог нээлттэй тусгасан. Дагнасан шүүх байгуулах нь шүүхийн хөгжлийн нэг илрэл. Тухайлбал, нэг шүүгч төрөл бүрийн хэрэг маргааныг шийдээд байхаар хэрэг маргааны тодорхой төрлөөр мэргэшдэггүй. Ерөнхийдөө дундаж шийдвэр гаргаад л явдаг сөрөг талтай байсан. Тийм учраас дагнасан шүүх байгуулснаар шүүгчийг мэргэшүүлэх нөхцөл бүрдэх юм. Шүүгч мэргэшихээр яадаг юм бэ. Чи юу гэж бодож байна вэ.

-Шийдвэрийнх нь чанар сайжирна. Хуулиа зөв хэрэглэж, алдаа гаргахгүй гэж бодож байна.
-Яг зөв. Сайн шүүгч мөн үү гэдгийг мэдэхэд “Би тэдэн жил ажилласан туршлагатай. Эрдмийн тийм зэрэг цолтой. Тийм сургууль төгссөн” гэх элдэв бусын “шошго” хэрэглэх явдал чухал биш. Хамгийн гол нь, тэр шүүгчийн гаргаж буй шийдвэр шахсан бяслаг шиг нягтарсан, хийгүй, талуудад ойлгомжтой, онч мэргэн байх ёстой. “Өө, би ингээд алдсан байна шүү дээ. Би энийг зөв хийсэн учраас заргаа авч байгаа юм байна” гэдгийг нь талуудад ойлгуулсан, тийм шийдвэр гаргах нь шүүгчийн ажил. Тийм шийдвэр гаргаж чадвал хүн чинь ухаалаг амьтан учраас шүүхийн шат бүрийг дамжаад өөртөө ажил гаргаад шүүхийн системийг халаагаад байхгүй шүү дээ.

-ШЕЗ шүүгчдээ мэргэшүүлэхийн тулд цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?
-Шүүгчдийг сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх манай чухал чиг үүрэг. Эмч, хуульч хоёрыг улс нь онцгой анхаарч, мэргэжлийг  нь тасралтгүй дээшлүүлж байдаг. “Чи өөрөө мэргэжлээ дээшлүүлж, ажлын байранд өөрийгөө бэлтгэ” гэж хэлээд найдаж орхиж болдоггүй. Хэрэв эмч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхгүй бол хүний эд эрхтэнийг гэмтээнэ. Хуульч мэргэжлээ дээшлүүлэхгүй бол хүний эрх, эрх чөлөөг гэмтээнэ. Манайд хуульчдын мэргэжлийг дээшлүүлдэг хоёр систем бий.  Монголын хуульчдын холбоо нэгдсэн байдлаар тэдний мэргэжлийг дээшлүүлж, бүх хуульчдаа жилд 10 кредит цагийн сургалтад хамруулдаг. Үүнээс гадна шүүгчдийг ажлын талбарт мэргэжлийг нь дээшлүүлэх чиг үүргийг ШЕЗ хүлээдэг. Шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэхэд тусгай бодлого, нарийн ур ухаан хэрэгтэй гэж боддог. Шүүгчийн толгойтой хэн нэг этгээд дураараа ажиллаж болохгүй гэсэн зарчим баримтална. Шүүгчийн толгой дархлаатай, хамгаалалтай байх ёстой. ШЕЗ-өөс шүүгчдийнхээ мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 2014 оноос тодорхой бодлоготойгоор, тусгай хөтөлбөр гаргаж, мэргэжлийг нь дээшлүүлнэ. Энэ нь ШЕЗ-ийн судалгаанд тулгуурласан бодлого байхаас гадна шүүгчдийн эрэлт хэрэгцээнд тэргүүлэх ач холбогдолтой байх болно. Тухайлбал, олон хууль тогтоомж өөрчлөгдөнө. Онолын үндэс, зарчим зэргийг тайлбарлах, ойлгуулах ажил ойрын нэг хоёр жилийн манай сургалтын үндсэн бодлого байх болно гэсэн төсөөлөлтэй байна.

-“Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог нь буруу. Томилсон шүүгчид нь Ерөнхийлөгчөөс хараат ажилладаг” гэсэн шүүмжлэл их гардаг. Шүүхийн багц хууль батлагдахын өмнө шүүгчийг Ерөнхийлөгч томилдогийг болиулах тухай санал гарч байсан. Гэтэл хуульд Ерөнхийлөгч шүүгчийг томилдогийг нь хэвээр үлдээчихлээ. Яагаад?
-Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилно гэж заасан. Ямар ч хууль Үндсэн хуульд нийцэж байх ёстой. Хүмүүс Ерөнхийлөгч томилсон учир шүүгчид түүнээс хамааралтай байдаг тухай ярьдаг. Би үүнд итгэдэггүй.  Шүүгчид эрх шилжүүлдэг хоёр арга дэлхийд бий. Нэг нь сонгодог, нөгөө нь томилдог. Сонгодог нь ч, томилдог нь ч дотроо хувилбаруудтай. Томилдог нь гэхэд л хоёр хувилбартай. Ерөнхийлөгч юм уу, төрийн  эрх  бүхий албан тушаалтан шууд өөрийн үзэмжээр томилдог. Энэ томилгоо харин асуудалтай. Манайд улсын тухайд сонгон шалгаруулалтын үр дүнд тулгуурлан Ерөнхийлөгч томилдог. Өөрөөр хэлбэл, томилгоо хийж байгаа субъект би тэрийг томилно гэж шууд хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй. Энэ бол дэлхийд байгаа хамгийн сайн систем. Үүнийг зөв хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгч зарим шүүгчийг томилохоос татгалзлаа гэхэд сонгон шалгаруулалтаар олон шат дамжлагаар шалгараад гараад ирсэн тухайн хүнийг татгалзах үндэслэлийг хуульчилсан байх ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан