Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Энхбаяртай ярилцлаа.
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай бие даасан хууль батлагдлаа. Энэ хуулийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Шүүх олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэд шүүн таслах буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд шууд оролцож, хяналт тавин, шийдвэр гаргах тогтолцооны эрх зүйн үндсийг бий болгоход энэ хууль чухал ач холбогдолтой. Энэ хуулиар шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага, сонгон шалгаруулах, ажиллах нөхцөлөөр хангах зэрэг харилцааг зохицуулсан.
-Тэгэхээр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгчтэй адил эрхтэй оролцоно гэсэн үг үү?
-Иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхээс хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэхэд оролцоно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс эрүүгийн хүнд, онц хүнд хэрэг болон ээдрээ төвөгтэй хэрэг маргаануудыг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох болсон. Ингэхдээ иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд багтаж аливаа хэрэг маргааныг таслах эрхтэйгээр оролцох болсноороо хуулийн гол онцлог оршиж байгаа юм. Энэ нь иргэдийн төлөөлөгч зөвлөлдөх тасалгаанд шүүгчтэй адил эрх эдлэх бөгөөд тухайн иргэний хувьд маш өндөр хариуцлага үүрч байгаа хэлбэр л дээ. Нэгэнт иргэдийн төлөөлөл шүүгчтэй адил эрх мэдэлтэй оролцох учраас шүүгчдэд хараат бус, асуудалд зарчимтай хандах ёстой гэсэн шаардлага тавигдана. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохын өмнө нөлөөллийн мэдүүлэг хөтлөх юм.
-Нөлөөллийн мэдүүлэг гэж юу вэ?
-Иргэдийн төлөөлөгч нь шүүгчтэй адил нөлөөллийн мэдүүлэг хөтлөх юм. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч, иргэн, хуулийн этгээдээс шүүн таслах ажиллагаатай нь холбогдуулан нөлөөлөх оролдлого хийвэл иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Мөн хэргийн бусад оролцогчид энэ талаар мэдвэл тухайн асуудлыг хөндөж тавиад шалгуулах боломжтой. Хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх гэж оролдсон бол хувь хүнд мөнгөн торгууль ногдуулах, эрүүгийн шинжтэй байвал шалгаж ял оногдуулах, төрийн албан хаагч бол хашиж байгаа албан тушаалаас нь шүүхийн журмаар огцруулах улмаар дахиж төрийн алба хаах эрхийг нь хасах зэрэг хариуцлага тооцох юм. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллагаас шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх гэж оролдсон бол торгууль ногдуулна.
-Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцож байсан тохиолдол өмнө нь манайд байсан уу?
-Социализмын үед иргэдийн төлөөлөгч нь ардын төлөөлөгч нэртэйгээр шүүн таслах ажиллагаанд таслах буюу шийдвэр гаргах эрхтэйгээр оролцож байсан юм билээ. Гэхдээ тухайн үед тэдний ажиллах эрх зүйн үндсийг тусгай хуулиар зохицуулж байгаагүй. Зөвхөн эрүү, иргэний байцаан шийтгэх хуулийн зарим зүйл хэсгүүдээр тодорхойлж байсан. Бидний өмнө мөрдөж байсан хуулиар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцдог хүмүүс хуралд тогтмол оролцсоор байгаад шүүхийн ажилтан шиг болчихсон, зөвхөн эрүүгийн хэргийн шүүгдэгч гэм буруутай эсэх, иргэний хэрэгт хэн нь буруутай гэж үзэж буй саналаа бичгээр гаргах замаар оролцдог байсан.
-Шинэ хуулиар зохицуулагдаж байгаа иргэдийн төлөөлөгчийн оролцоо өмнөхөөсөө юугаараа ялгаатай байна вэ?
-Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцож улмаар шийдвэр гаргах эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцох болсноороо онцгой ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс шүүн таслах ажиллагаанд биечлэн оролцож аливаа хэрэг маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэлцэж байгаа гэсэн үг. Иргэдийн төлөөлөгч нь өөрсдийн оролцож байгаа тухайн шүүх хуралдаанд шүүгч нартай нэгэн адил шийдвэр гаргах эрхтэй оролцож, зөвлөлдөх тасалгаанд саналаа гаргаж, хамтын зарчмаар хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Мөн санал нийлэхгүй бол тусгай санал гаргах эрхтэй. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч нь танхимд шүүгч, хэргийн оролцогч, иргэдийн өмнө тангараг өргөдөг болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ оны зургадугаар сарын 19-ний өдрийн есдүгээр тогтоолоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, “Тангарагны хуудасны загвар”-ыг баталсан.
-Иргэдийн төлөөлөгчид ямар шаардлага тавьж байгаа вэ. Нөгөөтэйгүүр тэдний аюулгүй байдлыг хэрхэн анхаарах бол?
-Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, баталгааг уг хуулиар баталгаажуулж өгсөн. Иргэдийн төлөөлөгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн байх юм. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний аюулгүй байдлыг шүүхийн тамгын газар хангах бөгөөд сонгон шалгаруулсан иргэдийн төлөөлөгч нарын нэрийг задруулахыг хуулиар хориглосон. Энэ нь иргэдийн төлөөлөгчдийн аюулгүй байдал, ямарваа нэг нөлөөнд орох эрсдэлээс хамгаалж байгаа явдал юм.
-Иргэдийн төлөөлөгч нарт хүлээлгэх үүргийн талаар ярьвал?
-Тодорхой эрх, үүрэг хүлээж шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлүүд бий. Тухайлбал, шүүх хуралдааныг орхих, шалтгаангүйгээр ирэхгүй байх, хэргийн оролцогч, түүний өмгөөлөгчтэй уулзах, нотлох баримт цуглуулан, аливаа нууцтай холбоотой мэдээллийг задруулах, шүүх хуралдаан болон тухайн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх, зөвлөлдөх тасалгаанд гарсан санал, хэлэлцсэн асуудлыг задруулах зэргийг хориглосон. Нэгэнт тангараг өргөж хэрэг маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдэж байгаа учраас хориглосон зүйлүүдийг сайтар мөрдөж ажиллах ёстой л доо. Нөгөөтэйгүүр бусад байгууллага, албан тушаалтнаас иргэдийн төлөөлөгчтэй харилцахдаа хориглох зүйлүүдийг хуульд тусгасан. Тухайлбал, шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад байгууллага, албан тушаалтны зүгээс иргэдийн төлөөлөгчдөд ямар нэг хэлбэрээр хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд нөлөөлөхийг хориглосон байгаа.
-Тухайн иргэдийн төлөөлөгч үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцох вэ?
-Ийм өндөр эрх эдэлж хэрэг маргаан шийдвэрлэж шударга ёс болоод хуулийг сахиулах гэж байгаа хүн маш өндөр хариуцлагатай байх ёстой. Иргэдийн төлөөлөгч үүргээ биелүүлээгүй, дээр дурьдсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол мөнгөн торгууль ногдуулахаар заасан. Мөн сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгчийн ажил олгогч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүргээ зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан.
-Иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгон шалгаруулах юм бэ?
-Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болохгүй албан тушаалтнууд гэж байгаа. Үүнд улс төрийн, төрийн тусгай албан хаагч, шүүхийн ажилтан, Засаг дарга, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч нар хамаарагдана. Дээрх албан хаагчдаас бусад хүн сонгогдох эрхтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ оны 6 сард Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг баталсан. Энэ журамд зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөл батлах юм. Иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо нэрсийн нэгдсэн жагсаалтаас долоо хоног тутам шүүх хуралдаанд оролцох 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар гаргах юм. Нэрсийг тохиолдлын журмаар гаргах програм хангамжийг хийлгээд дууссан. Гол иргэдийн төлөөлөгчийг сонгоход хөндлөнгийн хүн, албан тушаалтны оролцоогүйгээр тусгай програмын тусламжтайгаар сонгох юм.
Шүүх хуралдааны тов зарлагдмагц дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сонгоно. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн эмнэлгийн магадлагаагаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас, ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан, бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байсан бол чөлөөлөгдөж болно. Харин энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ. Энэ тохиолдолд сугалаагаар нөөцөд үлдсэн хоёр хүнээс иргэдийн төлөөлөгчийг сонгож, шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.
-Иргэдийн төлөөлөгчийн ажиллах нөхцөл, цалин хөлс ямар байх вэ?
-Шүүхийн төсвөөс иргэдийн төлөөлөгчдөд хөлс олгохоор хуульчилсан. Хөлсний хэмжээ, олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн сайдтай хамтарч батлах юм.
-Иргэдийн төлөөлөгчийг яаж хэрхэн сургаж дадлагажуулах тухай хуульд тусгагдсан уу?
-Шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг маргаан шийдвэрлэх гэж байгаа иргэдийн төлөөлөгч нь тодорхой хэмжээгээр шүүх хуралдааны дэг болон эдлэх эрх хэмжээ, үүрэг, хариуцлагын талаар ойлголт мэдээлэлтэй, хувийн ёс зүйтэй байх учиртай. Шүүхийн тамгын газраас дээрх мэдээллээр иргэдийн төлөөлөгчийг хангах үүрэгтэй бөгөөд тэдэнд зориулж гарын авлага, танилцуулга бэлтгээд тараана. Мөн жил бүр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан нэгдсэн сургалтад хамруулна.
-Нэг хүн жилд хэдэн удаа шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох боломжтой вэ?
-Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт нь тухайн жилдээ хүчинтэй. Энэ хуулиар шүүхийн иргэдийн төлөөлөгчид сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Тиймээс иргэн тухайн жилд нэг л удаа иргэдийн төлөөлөгчөөр оролцоно гэж ойлгох хэрэгтэй. Зарим тохиолдолд огт оролцохгүй байх тохиолдол ч гарч болно.