Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Д.Хүрэлсүх: Бид сайхан нийгэм байгуулсан. Үүнээс хойшхийг залуучууд маань хийнэ

Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндэс суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойдоо хүрч буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт ушигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэн, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа ээлжит зочноор Д.Хүрэлсүхийг урилаа.

-Таныг яагаад “боксчин Хүрлээ” гэдэг юм бэ. Та чинь тийм “сахилгагүй” нөхөр байсан хэрэг үү?
-Намайг Дэлэгийн Хүрэлсүх гэдэг. Тухайн үед Хувьсгалт намд нэг, Соцдек-д нэг Хүрэлсүх байлаа. Нэг удаа би “намайг Хүрэлсүх гэж дуудахаа ер нь больё. Та хэд Хүүеэ гэж бай” гэтэл Тэнгэр Цолмон л  “боксчин” гээд л хочилчихсон. Учир нь, энэ спортын төлөө би гэдэг хүн нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан. Гурван хүү маань гурвуулаа боксоор  хичээллэж олон улсын болон улсын чанартай тэмцээнээс медаль авч аавыгаа баярлуулсан юм шүү.

-Та нарт ингэж хоч өгдөг нэг хүн байжээ?
-Мэдэхгүй ээ, МоАХ-ны анхдагчдаас нэрийнхээ урд тодотголгүй хүн байхгүй дээ. Манайхан Хайнзангийн Цэгмэд гэж хүнийг Хайнзан гэнэ, Сахал Болд, Жижиг Болд гээд л нэг нэгнээ дуудчихдаг байлаа.
Хүрлээ ах бид хоёрын яриа эндээс эхэллээ. Тэр найзуудынхаа тухай ярих дуртай. Гэхдээ найзууд, үзэл бодол нэгт нөхөд минь хэмээн хэлэх бүртээ хоолойд нь юм торно. Хааяа цааш нь залгина. Хааяа нулимс болгон дусаана. Отто фон Бисмаркийн “"Хувьсгалыг суутнууд сэдэж, зоригтнууд хийж, адгийн шаарууд завшдаг" гэдэг үг бид хоёрын энэ ярилцлаганд яг тохирох мэт санагдлаа.

-Та Ардчилсан хувьсгалтай, ардчилсан хувьсгалын анхдагчидтай хэрхэн холбогдсон билээ?
-Манай гэр Багшийн дээдийн хажууд байлаа. Өглөө бүр гэрээсээ Сэлбийн зуслан хүртэл жаахан гүйнэ. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өглөө гүйчихээд харьж явтал Залуучуудын соёлын ордонд Дарь.Сүхбаатар, Чимэдийн Энхээ, Ц.Элбэгдорж нарын 50 гаруй хүн ардчиллын тухай ярилцаж байсан цуглаан руу орчихов. Сонсоод байх нь ээ  их зөв юм ярьж байна шүү. Тэгээд л ардчилсан холбоонд элссэн. Тэр цагаас хойш Ардчилсан холбооныхоо бүх үйл ажиллагаанд оролцсон. Ухуулах хуудас наахаас эхлээд олон юм хийсэн.
-Тухайн үед ямар ажил хийж байсан билээ. Цуглаанаас хамгийн гол нь юуг ухаарч, энэ хөдөлгөөнийг дэмжих ёстой гэсэн бодолтой болсон бэ?
-Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны засвар угсралтын конторт техникч хийдэг байлаа. Жирийн л нэг ажилтан учраас МАХН-ын гишүүн  хүн бол улс орноо авч явдаг гэсэн ойлголттой л байсан үе. Цуглаанд суугаад л нэг намын тогтолцоо биднийг хааш нь хөтлөөд байгааг ойлгосон. Хүн өмчтэй болох ёстой юм байна, түүнийхээ төлөө хүн маш хичээж явдаг юм байна гэдгийг хамгийн сайн  мэдэрсэн.

-Мэдээж тухайн үед анхдагчид маань өөр өөрийн хүлээсэн үүрэгтэй байсан биз. Таны хувьд ямар үүргийг илүүтэй хүлээж байв?
-Өө, бүх үүргийг л хүлээж байсан. Хотын гаалийн дарга хийж байгаа Хишигбат мөн Сахал Пүүжээ, Тэнгэр Цолмон, Пүрэвжал нар манайд цуглаад хаана хаана, хэн юу наахаа ярилцаад л гарна. Би Багшийн дээдээс Төмөр зам хүртэл замын урд хойд талд ухуулах хуудас наана. Бид хэд чинь бас баригдах үе гарна аа. Гэхдээ бие биенийхээ зоригийг мохооно гээд тэр бүр яриад байхгүй. Тэнгэр Цолмон, Р.Оргил бид гурав 64 дүгээр дэлгүүрийн орчим хуудас нааж байгаад баригдсан юм. Р.Оргил маань жаахан хүүхэд байсан учраас бид хоёр ухуулах хуудсаа өгөөд “Миний дүү явж бай. Хоёр ах нь алзахгүй ээ” гээд аминдаа л нөгөөдөхөө хаацайлж байлаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн биднийг хорь гаруй цаг суулгаад сулласан шүү хөөрхий.

-Танай гэрт цугласныг бодоход гэрт бүлийн хүн тань дургүйцээгүй юм аа даа?
-Миний хөгшин анхнаас нь дэмжсэн. Бид хоёр 1975 онд гэр бүл болсон гурван сайхан хүү, долоон ачтай. Биднийг өлсгөлөн зарлаж байх үед хамгаалалтанд байгаа хүүхдүүдийн хоолыг миний хөгшин хийгээд зөөж байсан, тийм л ухаантай хүн.

-Хэн гэж хүн байдаг билээ?
-Ёндонгийн Бямбажав гэж хүн байгаа юм. 38 жил тогооч хийсэн. Одоо ач нараа хараад л гэртээ сууж байна даа.

-Гэр  бүлийн хүн чинь сайхан хүлээж авсан юм байж. Харин байгууллага чинь, удирдлагууд тань мэдсэн үү. Энэ нөхөр Ардчилсан хувьсгал хийгээд явна даа гэдгийг чинь?
-Тэр үеийн зарим байгууллагын дарга их мундаг хүмүүс байсан юм шүү. Би гэдэг хүн байгууллага дээрээ МоАХ-ны хороо анх байгуулсан. 1990 оны нэгдүгээр сарын 28 санагддаг юм. Сүхбаатарын Амарсанаа, Цагаандарийн Энхтүвшин хоёрыг дагуулаад байгууллага дээрээ ярилцлага, ухуулга хийлгэлээ. Гэтэл манай дарга Өвгөний Цэрэндэжид гэж хөгшин их сайхан хүлээж аваад, залуучууд зөв юм хийж байгаа юм байна, тууштай ажиллаарай гэж билээ.

-Их л хүнд үе байсан. Хазгай гишгэвэл баригдаж, хоригдох гээд л хэцүү байсан гэж зарим хүн ярьдаг. Таны хувьд хүнд өдөр олон байв уу?
-Би хувьдаа нэг их хүнд өдөр тохиолдсон гэж боддоггүй. Нийт ард түмэн Ардчилсан хувьсгалыг маш өндөр сэтгэлээр хүлээж авсан. Ер нь, нийгмээ өөрчлөх цаг болж гэдгийг мэдэрчихсэн байлаа. Тэр үеийнхэн маань үнэхээр ухамсартай. Хувьсгалт намын зарим үүрийн дарга биднийг маш зөв юм хийж байна гэж хүлээж авах ч үе байлаа. Хүмүүс ярьдаг л даа. Их хүнд үе байсан гэж. Бид төмөр үүрээд явсан уу, буу бариад гарсан уу, буудалцсан уу. Хүний урманд нэг ч дусал цус гаргаагүй хийсэн хувьсгал юм шүү. Тэнгэр Цолмон маань цуглаан хийдгийн өглөө “За,  залуус аа халаасандаа байгаа үзгээ ч цагаан байрныхаа гадаа орхиод явна шүү” гэж байсан. Ухаантай байгаа биз. Өөрийнхөө тухай ярихаар найзуудынхаа тухай л яримаар санагдах юм. Аав минь “Миний хүү өөрийнхөө тухай битгий ярьж бай. Нөхрийнхөө тухай л ярь. Нөхөр чинь чиний тухай ярьдаг юм шүү” гэж их хэлдэг байсан. Би энэ үгийг л  мөрдөж явдаг хүн.

-Тэгвэл хоёулаа найзуудынхаа тухай ярья. Хамт мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхдөөс чинь заримдаа гэнэт гүйж очоод уулзмаар хүн бий биз дээ?
-Байлгүй яахав. Сахал Пүүжээтэйгээ л уулзмаар санагддаг юм. Бид хоёр олон жил их дотно явлаа. Тэнгэр Цолмон, Ангараг, Сахал Пүүжээ, дуучин Нандинцэцэг бид хэд чинь цусан тангарагтай андууд даа. Нандиа маань хүний дээд байсан юм шүү. Найзыг маань амьд байхад гавьяат өгчихгүй яав даа гэж заримдаа бодно оо. МоАХ-ноос байр өгсөн шүү, гэхдээ.

-Дуучин Нандинцэцэгийг их л хэцүүхэн амьдарч байгаад нас барсан юм шиг ярьдаг.Та ойр байсан хүний хувьд бодит үнэнийг нь хэлээч?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Яагаад тийм яриа гардаг байсан юм бүү мэд. Тэр маань өөрийнхөөрөө л амьдарч байгаад явсан шүү. Мөнгөгүй үедээ Драгонд очоод дуулаад хэдэн төгрөгтэй болчихно. Ямар ч байсан өөрийнхөө амьжиргааг аваад л явдаг байлаа. Ингээд яриад суухаар байхгүй болсон нөхдөө их бодох юм аа. Сайхан үйл хэргийн төлөө бид сэтгэл санаа нэгтэй зүтгэж, залуу насаа зориулсан хүмүүс дээ.

-Тэгвэл та өөрийнхөө хувьд хамгийн ихээр дурсч явах ёстой андынхаа тухай бидэнд яриач?
-Тэнгэр Цолмон минь. Гутлын үйлдвэрээс Ардчилсан хувьсгалыг дэмжиж, өөрийн хувь нэмрээ тэнгэрт одотлоо оруулж явсан шударга сайхан анд минь /хоолой нь зангираад.../

-”Тэнгэр” компани  нэгэн үе МоАХ-ны гол санхүүжүүлэгч байсан гэж ярьдаг байх аа?
-Хүн бүр шахуу хувиараа эрхлэх аж ахуй байгуулж эхлэх үед Цолмон маань “Тэнгэр” компани гэж байгуулаад МоАХ-г үнэхээр тэжээж байсан. Бид хэд чинь онгорхой сейфтэй ч мөнгөө тэндээ хадгалж л явсан. “Тэнгэр” компани нь Тэнгэрийн ундаа гээд хийж, Их тэнгэрийн ам руу нийлүүлж байсан юм. Анна гүнжийн амсч байсан ундаа даа.

-Санжаасүрэнгийн Зоригтой хэр ойр байв?
-Ойр байлгүй яахав. Их даруу, юмны наана цааныг их бодож хийдэг л хүн байсан. Яаж яваад тийм болсныг бид лав ерөөсөө ойлгодоггүй юм. Хишигбат маань Зоригийн анхны нарийн бичиг нь, өөрөөр хэлбэл МоАХ-ны анхны боловсон хүчин байсан шүү.

-Ардчиллын анхдагчид гээд хүмүүс зөндөө л байдаг. Яг үнэндээ бол бид та бүхнийг өнөөдөр ялгаж танихгүй. Тэгэхээр амьд түүх болж байгаа та нар л өөрсдийгөө маш сайн олонд таниулах хэрэгтэй байна?
-Биднээс хэн нь ч хувийнхаа эрх ашгийнхаа төлөө гэж явж байсангүй. Би ядуу байна, хоосон байна гэдэггүй хүмүүс. Заримдаа үлдсэн хэд маань сууж байгаад ганц нэг юм ууна аа. Тэгээд л найз нөхдөө дурсаж, тэрийгээ энийгээ эргэж очихсон л гэж ярьдаг. Хоосон яваа найзууд минь бий. Гэхдээ тэд маань сэтгэлээрээ баян амьдарсан юм шүү.

-Та бүхний зорьж байсан тэр зорилго өнөөдөр биелж чадсан гэж та боддог уу?
-Зорилгодоо хүрсээн. Бидэнд өнөөдөр цээжээ дэлдээд, яваад байх шаардлага алга. Сайхан нийгэм байгуулсан. Үүнээс хойшхийг залуучууд маань хийнэ. Одоо МоАХ маань дэндүү өөдрөг сайхан явах цаг нь болсон. Сайн үйлсийн төлөө явсандаа л баярлаж байдаг.

-Ардчилал Засгийн эрхэнд нэг биш удаа гарсан. Та нар яагаад албан тушаал авдагггүй юм бэ. Энэ асуултад танаас хариулт авмаар байна?
-Хийх ёстой хүмүүс нь хийг дээ. Бид хийх ёстойг нь хийгээд хөрсийг нь бэлтгээд өгчихсөн. Би харамсах юмгүй амьдарсан хүн. Үүгээрээ бахархдаг.

-Бахархах юм хийсэн учраас ?
-Өөрийгөө тэгж товойлгоод ч яахав. Гэхдээ бид хийж байгаа үйл хэргийнхээ үр дүнд итгэлтэй байлаа. “Ардчилал” сонин өдөр тутам болохоосоо өмнө ердөө 28 захиалагчтай болчихсон үе байсан. Ах нь сэтгэлээрээ менежер хийгээд гүйж явсан юм шүү.

-Ардчилсан хувьсгалын үйл хэргийн төлөө та олон зүйл хийсэн гэлээ. Би таныг Лениний хөшөө руу будаг цацсан “сахилгагүйчүүдийн” нэг гэж сонссон?
-1990 оны өлсгөлөнгийн дараа Хятадын коммунист намын нэг дарга ирнэ гэлээ.Тэгээд бид хэд ярилаа. Лениний хөшөөг буулгая гэж. Очиж үзээд нэг шөнийн дотор буулгах ямар ч боломжгүй юм байна гэдгийг мэдэрсэн л дээ. Тэгээд пенцилиний шилэнд будаг хийж байгаад яг толгойд нь онох санаатай шидлээ. Ёстой хэцүү юм билээ. Толгойд онодог нь ховор. Коммунистуудад эсэргүүцэл илэрхийлж байгаа нь тэр.

-Сонин дээр шөнө дунд будаг цацсан байна гээд бичиж байсан санагдана?
-“Үнэн” сонин дээр гарсан. Сахилгагүй хүүхдүүд шөнө Лениний хөшөө рүү будаг цацлаа гэж. Үнэндээ бид нар өдрөөр будагтай шил шидсэн л дээ.

-Хувьсгал хийлээ. Албан тушаал авсангүй. Амьдрах хэрэгтэй. Хувьсгалын дараа та чухам юу хийв?
-Хүмүүсийн нэг адил хувиараа эрхлэх аж ахуй гээчийг байгуулаад тохиролцооны дэлгүүр нэг цайны газар, ломбард ажиллууллаа. Улаан –Үд рүү наймаанд явна. Зах зээл гэдгийг жинхэнэ мэдрээд нэг төгрөгөө хоёр төгрөг болгох ёстой гээд л зүтгэж байлаа.

-Тийм үү. Ямар нэртэй “компани”-тай байсан юм бэ?
-В.Баясгалан гэдэг найзтайгаа хамт “Чин тайх” гэж аж ахуй байгуулсан. Би нэрнийхээ учрыг нь сайн ойлгодоггүй. Энэ чинь ямар учиртай нэр вэ гэсэн Цогт хунтайжийн ээж гэж билээ. Ингээд л анх зах зээлд хөл тавьж наймаа хийсэн хүн дээ.

-МоАХ-доо хувиараа эрхлэх аж ахуйтай гишүүд нь их тусалж байсан гэдэг?
-Таван цаас олонгуутаа холбоондоо өгдөг л байлаа. Сонингоо гаргачих юмсан, тэрийгээ хийчих юмсан гээд. Одоо бодоход хэдэн төгрөг өгснөө сайн мэдэхгүй. Манай холбооны нягтлан Бат-ирээдүй гэж бий. Бид Шороотын Цэвээн гэж хочилдог л доо хөөрхий. Тэр маань олон юмыг сайн мэдэх хүний нэг дээ. Бид нар өнөөдөр залуу байсан бол арай өөр засаг байгуулна даа гэж заримдаа боддог шүү.

-Энэ засгийн үйл ажиллагаанд жаахан сэтгэл дундуур байна аа гэсэн үг үү?
-Яг үнэнийг хэлэхэд сэтгэл жаахан дундуур байдаг. Алтанхуяг чинь 1994 оны өлсгөлөнд суусан хүний нэг. Хэдийгээр эхлүүлсэн ажил нь зөв ч, хийж байгаа нь бага харагдах юм. Их том амлаж гарч ирсэн хүмүүс. Амласан амандаа хүрэх л хэрэгтэй. Энэ Засгийн газраас их юм шалтгаалах үе гэдгийг мэдээсэй. Ах нь жагсаалтаар УИХ-д гишүүнээр сонгохыг л их буруу зүйл хийж байна гэж харамсдаг шүү. Ард түмнээсээ сонгогдоогүй байж УИХ-ын гишүүн гээд сууж болохгүй биз.

-Ардчилсан намынхан дотроо хэд хэдэн фракцид  хуваагддаг. МоАХ бол өнөөдөр нэг нь болчихлоо?
-МоАХ-ноос Ардчилсан нам гарсан нь үнэн ч, би хувьдаа нам энэ тэрд тийм ч дуртай биш. МоАХ-доо л үнэнч байя. МоАХ бол нийгмийн маш хүчтэй том давалгаа юм шүү. МоАХ-ныхон маань яг чин шударгаар ажиллаж, АН-д харъяалагдахгүй байх ёстой гэж би боддог. Хамгийн хүчтэй хөдөлгөөн байх ёстой. Анх эхлүүлсэн үйл ажиллагаагаа тууштай хийж, залуу боловсон хүчнээ сайхан бэлтгээсэй.  МоАХ бол хэзээ ч нурахгүй байгууллага. Хүүхдүүд маань ч  МоАХ-ны гишүүн.

-Та уруу татаа юу?
-Үгүй ээ, аавынхаа, бидний үйл хэргийг ойлгодог, дэмждэг.

-Хүүхдүүд нь өнөөдөр юу хийж байна?
-Миний хүү Ариунзул боксын дасгалжуулагч. Багшийн сургууль төгсөөд л тамирчин болсон. 1992 онд миний хүү хуучнаар Чехсловакийн тэмцээнээс Гранпри аваад аавыгаа их баярлуулж байлаа. Дунд хүү Ариунтөгс маань 1994 онд Улаанбаатарын цомоос хүрэл медаль авч, аавыгаа их баярлуулсан. Бага хүү Ариунцог маань гурван удаагийн улсын аварга. Монголын боксчид бүгд мэднэ дээ. Хоёр бага хүү маань одоо тогооч хийж байна. Ээжийгээ л дуурайсан байх. Одоо хөгшин бид хоёр Бэлхэд хашаа байшинд сайхан амьдарч байгаа. Хөгшин маань өглөө ажилтай юм шиг бага хүүгийнхээ хүүг харах гээд гарна. Надад харуулах нь цөөн болж. Ер нь ач нар маань том болж байна.

-Танаас “Бид хийх ёстой юмаа хийсэн. Одоо хэнээс ч юу горьдохгүй. Биднийг харж үзсэнгүй гэж хэлэхгүй” гэдэг үг хэд хэд сонслоо. Гэхдээ “Би Ардчиллын анхдагч байна. Намайг харж үзэх ёстой” гэж байгаа хүнтэй нэг биш удаа таарсан шүү?
-Тэр чинь бидний ар хударгаар л явагсад  хэлдэг байх даа. Яг халуун цэг дээр байсан хүмүүс нь хэзээ ч надад тийм юм өгсөнгүй, өг гэж хэлэхгүй дээ.

-Социализмын үед сайхан байж дээ хэмээн халаглах хүмүүст та юу гэж хэлэх вэ? Танд тийм үе гарах уу?
-Үгүй дээ. Би түрүүн хэлсэн. Өөрийнхөө хийсэн бүхэнд сэтгэл хангалуун явдаг гэж. Тэр харамсаж байгаа хүмүүс талх 1.40 төгрөг, мах 7.50 төгрөг гэдгээр л ойлгоод байдаг учраас тэр. Би ч гэсэн тэр үед хангалуун байсан. Гэхдээ өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн өмчтэй, тэрийгээ хайрлаж хамгаалж, арчилж торддог болсон гэдгийг сайн бодох хэрэгтэй байх аа.

-Та одоо тэтгэвэр хэдийг авч байна?
- Хортой нөхцөлөөр 1994 онд 14000 төгрөгөөр тэтгэвэрт гарч байлаа. Одоо 200 гаруй мянган төгрөгийн тэтгэвэртэй. Сая 20-иод мянган төгрөг нэмэгдсэн байна лээ.

 Н.БАТ

0 Сэтгэгдэл
ямар нийгэм байгуулсан гээд байна. Аан.
Odoo ch tegeed ter ueiig medehgui huuhduuded yu ch gej yarij bolno gej boddog bolson boltoi. Yag yu hiisniig ni uneleh vee.
энэ хогийн бузар луйварчдийн нийгмийг байгууллахад их хувь нэмэр оруулсан монголоо алдахад хүргэсэн шаарнуудын нэг шив
ЭНЭ ОДОО ГОЁ НИЙГЭМ ҮҮ?
Мөнгөнөөс өөрийг бодохоо байж хүн чанараа алдаж байгаа монголчууд, утаанд хордож байгаа монголчууд, эрүүл хүнсээр хооллож чадахгүй байгаа монголчууд. ЭНЭ ТЭГЭЭД САЙХАН НИЙГЭМ үү
Та нар хэдэн удаа жагссанаа яасан ихи дэврэгдэгийн. Аюултай байсан чгэх шиг, сайхан нийгэм байгуулсан гэх шиг. Та нараас өмнө Монгол улсыг жинхэнэ эх орончид нь байгуулсан байсийм.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан