Монгол Улс бодлогогүй ийм олон жил явах гэж хэмээн дээр дооргүй халагласаар төрөөс баримтлах бодлого гэдгийг олон салбарт буй болгосон билээ. Үүнийгээ ч бататгахаар Шинэчлэлийн Засгийн газар хэл аманд өртөн байж Эдийн засгийн хөгжлийн яам гээчийг шинээр байгуулж, сайдаар нь Н.Батбаярыг тавьсан. Үнэндээ хөгжлийн бодлоготой улс болох гэж хичээснийх. Харин энэ яамнаас ямар бодлого өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсныг уншигч та санаж байна уу. “Гудамж” бол төсөл болохоос бодлого биш гэдгийг юун түрүүнд сануулах хэрэгтэй байх.
Монгол Улсын эдийн засаг хямарлаа гэдгийг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд байхад ганцхан манай Эдийн засгийн хөгжлийн сайд л үгүйсгэж толгой сэгсэрч суусаар. Энэ бүхний үр дүнд ард түмэн Шинэчлэлийн Засгийн газрыг нөгөө талаас нь харж эхлэв. Зөвхөн доод төвшинд шүүмжлээд зогсохгүй дээд төвшнийхэн ч сэтгэл дундуур буйгаа илэрхийлсээр... Ерөнхийлөгчийн амнаас ч “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гээч боллоо гэх үг цухалзав.
Бөө, гал тахигч, гавьяат эдийн засагч гээд есөн шид нь бүрдээд байгаа Н.Батбаяр сайдын хувьд “Чингис” бонд гэх хүүтэй мөнгийг зээлж ирснээрээ яам байгуулсны шидийг үзүүллээ хэмээн нэг хэсэг “онгироод” амжсан ч харин өнөөдөр хүүтэй мөнгөнийхөө үйлийг үзэж сууна гэвэл буруудахгүй л болов уу. “Би зээлж ирсэн юм чинь юунд хэрхэн зарцуулахаа өөрөө мэднэ” гэгчээр өөрөөс нь дээгүүр “сэвсэн” сайдынхаа ид шидээс айсан уу, эсвэл сүрдсэн үү ямар ч байсан Ерөнхий сайд үг хэлж чадахгүй гүлдийсээр хоёр жилийг үдэв бололтой. Харин хажуугаар нь зарим сайд, хотын дарга тоолбол нас чацуу, жинлэвэл ардчилалд оруулсан хувь нэмрээр илүүгийн хувьд ширүүхэн үг хэлж, ам мурийж, нударга зөрүүлэхдээ тулсан гэдгээ хэвлэлийнхэнд ярьж байсныг бодоход сангийн нярвын хувьд ч үнэхээр хатуу сайд бололтой юм. Гэвч улсын их сангийн эзэн нь Ерөнхий сайд, нярав нь Сангийн яам байх ёстой гэдгийг Эдийн засгийн сайд маань андуурсан бололтой. Улсын их сангийн эзэн нь Н.Батбаяр сайд, нярав нь Н.Батбаяр сайд, зуучлагч нь Ч.Улаан сайд, харин харуул нь Ерөнхий сайд болчихоод байна гэдгийг өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хатуухан бас шулуухан хэллээ. Тэрээр Их сангийн эзэн байж чадахгүй Ерөнхий сайдад кабинетээрээ суудлаасаа огцрох гээгүй юм бол Монгол Улсад гай болоод байгаа зарим нэг сайдаа өөрөө огцруулах санал оруул хэмээн зөвлөсөн ч гэв.
Мэдээж тэргүүн эгнээнд Эдийн засгийн хөгжлийн сайд бичигджээ. Зөвхөн сайд огцроод зогсохгүй Эдийн засгийн хөгжлийн яамыг ч татан буулгах шаардлагатай гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.
Тэрээр “Улс төр бол эдийн засгийн сонирхлуудын нийлбэр юм гээд. Тэгэхээр улс төрөө атгаж, хариуцлагаа барьж л байгаа бол эдийн засгаа гартаа барь гэж. Эдийн засгийн хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болж байгаа юм бол энэ асуудлаа Ерөнхий сайд өөрөө гартаа ав. Асуудлаа Ерөнхий сайдтайгаа ярьдаг болъё. Эдийн засгийн хөгжлийн яамаа зүгээр л Засгийн газрын бүтцээс нь гаргачих. Тэр яамны зарим нэг үүргийг Сангийн яаманд өгнө л биз. Зарим үүргийг нь өөр газарт өг гэж би маш тодорхой санал хэлж байгаа. Ардчиллын хувьд улстөр гэдэг бол хариуцлага, улстөр гэдэг бол ёсзүй, улс төр гэдэг үйлчилгээ” хэмээн тов тодорхой хэлсэн.
Тэгэхээр Ардчилсан нам 1996-2000 онд төр барихдаа дөрвөн Засгийн газрыг огцруулж, дараагийн сонгуулиар дөрөвхөн суудалтай болтлоо ард түмний дунд нэр нүүргүй болохгүйн тулд энэ удаад зөв гаргалгаа хийх учиртай. Хамгийн гол нь Н.Алтанхуягийн Засгийн газар эхний алхмаа зөв хийж байж, дараагийн алхмаа зоригтой хийх бядтай болно. Мэдээж хүн бүр нь улс төр ярьж, улс төрийг “ойлгодог” манайх шиг газарт Ерөнхий сайдаас олон арга ухаан шаардах нь. Тэгэхээр танхимаасаа хасах нэрсийг жагсаалтын хамгийн эхэнд хэнийг бичих вэ?
Одоогоор Ерөнхийлөгчийн “санал болгосноор” Эдийн засгийн хөгжлийн сайдыг улаан шугамын дор оруулах нь тодорхой боллоо. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “санал болгосноор” Хууль зүйн сайдаа улаан шугамын дээр гаргах уу, доор оруулах уу гэдэг Ерөнхий сайдад хамгийн хэцүүхэн шийдвэр болоод буй. Ерөнхийлөгчийн хэлснээр Хууль зүйн сайд бол ноцтой алдаатай, гэхдээ түүнийгээ толгой гудайн ойлгодог нэгэн гэнэ. Харин УИХ-ын даргынхаар бол тэр уучилж болшгүй алдаа гаргасан сайд.
Ямар ч байсан энэ хоёрын асуудлыг УИХ-д даатгахаас өөр аргагүй гэдэг нь тодорхой болов. Харин жагсаалтын гуравдугаарт хэн байх вэ.
Олон улсын томоохон хэвлэлүүдэд “махан толгой”-гоороо цоллуулснаараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг байх уу, салбар нь салбайтлаа уруудаж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал байх уу.
Эсвэл хямарсан эдийн засгийн аварч чадахгүйгээрээ Ч.Улаан сайд байх уу. Ерөнхийлөгчийн хэлснээр хоёр гурав дөрөв бүүр таван сайдыг огцруулахаар санал оруулаад ирэх хэрэгтэй гэж үзвэл ямартай ч “айргийн тав”-ын нэр тодорхой болох шив. “ Давхар дээл” тайлуулах хуулийг татахгүй гэхээр ажил муу хийж байгаа сайд нартайгаа хариуцлага тооцож, эхнээс нь огцруулах санал Ерөнхий сайд өөрөө өргөн барих шахаанд оржээ. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газрын хувьд өрөөсөн хөл дээрээ дэнчигнээд үлдэх нэг гарц. Гэхдээ галт тэрэг хөдлөөд замынхаа дунд яваа гэдгийг мартах учиргүй. Магадгүй өдий хүртэл Ерөнхий сайд нь сайд нартаа дээрэлхүүлж, өөрийн толгойгүй, эрх мэдэлгүй мэт явчихаад үлдэж буй хоёр жилийн хугацаанд өргөс авсан мэт ажиллах нь юу л бол гэх эргэлзээ олон хүнд үлдэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “ Ерөнхий сайд гэдэг бол Парламентын засаглалтай улс орны хамгийн том улс төрийн манлайлагч, хамгийн том удирдлага нь байдаг. Хамгийн том бүрэн эрх мэдэлтэй хүн нь байдаг. Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил шүү дээ. Монгол үндэстний эрх ашиг бол хөгжил. Монгол Улс хөгжих хэрэгтэй” гэдэг үгийг төгсгөлд нь үлдээе.