
Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит чуулган 10-р сарын 28-ны өдөр АЗХ-ны Ерөнхийлөгчийн 09 тоот тушаалын дагуу зохион байгуулагдаж, Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо.
Түүний хувьд улс төр, банк санхүү, бизнесийн салбарт ажилласан туршлагатай бөгөөд 2020, 2024 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан туршлагатай. Одоогоор Хан-Уул дүүргийн Монголын залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажилладаг бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Чуулганы хүндэт зочноор УИХ-ын гишүүн бөгөөд АН-ын залуучуудын асуудал хариуцсан дэд дарга П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Гантөмөр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, СХД-ийн АН-ын дарга П.Галиндэв, АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Нянтайсанжаа, Д.Дашням, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй, ХЭГ-ын дарга Г.Ариунболор нар хүндэт зочноор оролцов.
Б.Билэгт "Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний хувьд залуучуудын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохоор зорьж байна. Энэ хүрээнд “Хүний төлөө хот – New UB Club” санаачилгыг хэрэгжүүлж, нийслэлийн хөгжлийн бодлогод залуучуудын оролцоог бодитой нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдралын чанар, хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг хэлэлцэх нээлттэй талбар бүрдүүлнэ" хэмээн яриандаа онцоллоо.
























