
Далан хар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд байдаг Хөх хотод өмнө нь 40 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн бүтээн байгуулалттай, аж амьдралтай нь танилцахаар МСНЭ-ээс томилолт авсан сэтгүүлчдийн хамтаар ирж билээ. Харин энэ удаагийн томилолт бусдаас өөр. Өөр гэхийн учир нь МСНЭ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Өвөрмонголын Багшийн их сургуулиас хамтран зохион байгуулсан “Дэлхийн монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалтад хамрагдахаар, өөрийн оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхээр ирсэн нь энэ. Мэргэжил нэгт нөхдийнхөө хамтаар урьдын адил Эрээнээс 490 км зайтай Хөх хот руу автобусанд сууж торох зүйл үгүй замаар, уудам их талаар, уул нуруудыг нүхэлж гаргасан зам зэргээр явсаар хүрч очив.
Өмнөд хөршийн оюун санаа, хэл соёлд уусахгүй нь тулд хэрэндээ л хичээж байгаа Өвөрмонголчууд маань Ар Монголоос ирсэн биднийг санагалзсан сэтгэлээр угтаж авав.
Залуу сэтгүүлчдэд зориулсан сургалтын нээлтэд ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, Багшийн их сургуулийн эрхлэгч Хуан Яа Лин, МСНЭ-ийн төлөөлөгч нар оролцов. Мөн нээлтийн үеэр манай улсад өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан Өвөрмонголын соёлын өдрүүдийн арга хэмжээг сурвалжилж уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд талархал илэрхийлж, онцгойлон баяр хүргэснээр сургалт эхлэв. Сургалтын өдрүүдийг хоёр хэсэгт хувааж 09:00 - 12:00 цагийн хооронд хэвлэл мэдээллийн байгууллагын талаарх танилцуулга дэвшилтэд хөгжил, сүүлийн үеийн өөрсдийн хэрэглэж, хэрэгжүүлж буй техникийн талаарх мэдээлэл өгч байв. Харин 15:00-18:00 цагийн хооронд тухайн танилцуулсан байгууллага дээр практик дадлага хийж санал солилцох боломжоор хангагдсан сургалт маань олон давуу талыг өөртөө цогцлоож, үр өгөөжтэй болж өнгөрснийг дурдах нь зүйтэй болов уу.

Монгол бичиг Өвөрмонголд л мөр бүтэн үлджээ
Үндэсний бахархал болсон босоо монгол бичиг маань Өвөрмонголд л мөр бүтэн үлджээ. Гурван сая шахам хүн амтай Хөх хотын бүхий л албан газруудаас эхлээд жижиг дэлгүүр нь хүртэл хаягаа монгол, хятад хоёр хэлээр бичихдээ түрүүнд нь монгол бичгээр бичсэнээ тавьдаг учир төөрнө гэсэн зовлон байхгүйн дээр сэтгэлд нэг л дотно.
Харамсалтай нь монголчууд биднээс үндэсний бичиг соёлоо гадарлах нь тун цөөн болжээ. Үүнийгээ даяаршиж, хөгжиж буйн шинж гэж зөвтгөсөөр ирсэн. Үгсийн сан маань харь хэлний зээлсэн үгээр баяжигдаж, монгол үг мартагдаж, ул болж үлдсээр байгааг энд өнгөрүүлсэн өдрүүдэд дэндүү ихээр мэдэрснийг нуух юун.
Анги даасан Ундрахбулаг багш маань хүртэл “МУБИС-д бүртгүүлэхээр ирэхэд маань “Паспортоо канондоод нотаритаад ир” гэж хэлж билээ. Хүлээж авсан багшийнхаа хэлснээс юу ч ойлгоогүй” тухайгаа бидэнд хуучлан ярьж байв. Тухайн үед инээлдээд өнгөрсөн ч энэ үг нь бидэнд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэсэн юм.
Ямартай ч Хөх хотод өнгөрөөсөн өдөр хоногуудынхаа сонин хачнаас буюу “Аяны богц”-оо уншигч танд задлая. Юун түрүүнд энэ удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулж чадсан ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрынханд, Өвөрмонголын Багшийн их сургуулийн захирал Тогтох болон анги даасан багш Ундрахбулаг, Тэргүүнбаяр, эрдэм мэдлэгээсээ харамгүй хуваалцсан эрдэмтэн, доктор, профессор багш нартаа баярласан, талархсан сэтгэгдлээ илэрхийлье.
Сонсохоос илүүтэй, практик дээр ажиллах боломж олгосон сургалт

Бид Хөх хотод 14 хоногийн сургалтад суух хугацаандаа тус улсын түүх соёл, зан заншил, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдлын тухай судалж, Өдрийн сонин, Одон телевиз, Үндэсний түүхийн музейгээр зочлоод амжсан юм. Түүгээр ч зогсохгүй Монгол цэцэрлэг, сургуультай танилцаж бүр эртний түүхийн хот болсон Шиань, Ян Аниар ч аялав.
Эхний өдрийн хичээлээр Өвөрмонголын Өдрийн сонины үүсэл хөгжил, сонины дижитал хөгжил, цахимжуулалтын талаарх мэдээллийг өгч Өдрийн сонины байр, ажлын үйл явцтай танилцсан. Энэ удаагийн сургалтын давуу тал нь үзэж, сонсохоос илүү практик дээр ажиллаж, дадлагажиж буйгаараа онцлог байж чадсан юм.
Бидний хамгийн анхны өртөөлсөн газар бол Өвөрмонголын “Одон” телевиз. Тус телевиз нь Өвөрмонгол орны бүхий л аймаг хотуудаас гадна БНХАУ-ын Шинжаан, Хөхнуур, Гансу, Хармөрөн зэрэг 32 муж орон, Ази номхон далайн орнууд, Монгол улс, Оросын Холбооны Улс зэрэг дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлгээ цацаж, гадаад дотоодын үзэгчид, тив дэлхийд тархан суурьшсан монголчуудтайгаа цэнхэр дэлгэцээрээ мэндчилдэг байна. Монгол хэлний төрийн телевиз байж, ухуулга мэдээлэл өгөх үүргийг хариуцлагатай, нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа тус телевизийн хамт олон бидэнд өөрсдийн хэрэглэдэг техник, мэдээллээ бэлтгэдэг арга барил гээд олон туршлагаасаа хуваалцав.
Дараагаар нь “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд манай улсад 25 жилийн ойн баяраа хийсэн “Солонго” сэтгүүлийн сэтгүүлчидтэй биечлэн уулзаж санал солилцох боломж тохиов. ӨМӨЗО-ы Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүл, “Солонго” сонин, Solongonews.mn Solongoru.mn сайт Солонго гар утасны апп, микро блог, вичат зэрэг мэдээллийн хэрэгслээс бидэнд хамгийн ойр нь “Солонго” сэтгүүл. Тус сэтгүүлийн хамт олон анхны дугаараа 1993 онд гаргаж байсан бөгөөд 2004 онд манай улсад албан ёсны бүртгэлтэй болсон байдаг юм. Харин 2011 оноос Монголд хэвлэгдэж эхэлсэн улсын зэрэглэлийн хамгийн анхны гадаад сэтгүүл. Хятадын эдийн засаг, соёл урлаг, ард түмний зан заншил, аж амьдрал, хүмүүнлэгийн үйл ажиллагааг криллээр уншигчдадаа хүргэж ирсэн тэдний сард нэг удаа хэвлэн түгээх ажлыг Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрынхан хийж гүйцэтгэдэг гэж байв.
Харин сонины сэтгүүлчдийн маань анхаарлыг Өвөрмонголын өдрийн сонин зүй ёсоор татсан. Тус сонин нь ӨМӨЗО-ы шинэ хуучин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдлийн туршилтын цэг аж. Одоогоор цаасан хэвлэл мэдээллээс сонин, сэтгүүл, сайт, APP, вичат зэрэг 13 төрлийн шинэ хуучин мэдээллийн хэрэгсэлтэй болж, монгол, хятад, кирилл, орос зэрэг 4 бичгээр мэдээллээ түгээдэг нь бидний анхаарлыг өөрийн эрхгүй татав. Ерөнхийдөө нэгэн салбарт ажилладаг мэргэжил нэгт хоёр улсын сэтгүүлчдийн хооронд онцын ялгаа байхгүй ч хөршийн маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүд техник хэрэгслээрээ давуу байсныг дурдах нь илүүц биз ээ.
Энэ удаагийн “Аяны богц”-оо энэ хүргээд өндөрлөе. Дараа дараагийнхаа сурвалжлагаар бид монгол ахуй үнэртсэн сургууль, цэцэрлэгтэй танилцсан талаарх мэдээллээ хүргэх болно.
Өвөрмонголын Багшийн их сургуулийн хотхоны сонин сайхныг фото зургаар уншигч танд хүргэж байна.































