Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДАА АЛДАРШУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаа хүндэтгэн алдаршуулж, хүлээн авч уулзах арга хэмжээг хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь үндэсний шилдэг компаниуд болох “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, ТВ9 телевиз, Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Улсын хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбараас 200 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг.

Малчны хотноос, хөнгөн үйлдвэрийн цехээс, уул уурхай, урлаг, спорт гээд бүхий л салбараас төр засаг, түмэн олноороо ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг уг арга хэмжээ өнөөдөр 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны арванхоёрдугаар сарын 31-ний 234 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг бий болгосон түүхтэй.

Ийнхүү 65 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 460 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаараа бахархаж, тэдний үйл хэргийг залуу хойч үе нь үргэлжлүүлэх мөнхөлж, алдаршуулахад өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээний гол зорилго оршиж буй ажээ.

Арга хэмжээний үеэр “Хөдөлмөрийн баатруудын холбоо”-ны тэргүүн Р.Батнасан гуайн баярын сэтгэгдлийг нь сонслоо.

Р.Батнасан: 65 жилийн түүхэнд өчигдрийн байдлаар 465 баатар төрснөөс 150 нь амьд сэрүүн байна

/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч, “Хөдөлмөрийн баатруудын холбоо”-ны тэргүүн/

-“Баатруудаа Сайн байцгаана уу” арга хэмжээ их сайхан болж байна. Баатруудын маань сэтгэгдэл ч их өндөр байгаа харагдана. Танай холбоо өчигдөр хоёр баатраар бүл нэмсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хэчнээн баатартай болж, хэд нь энх тун амьдарч байна вэ?

-Хөдөлмөрийн баатруудын холбоо 1990-ээд оны үеэс эхтэй. Учир нь цаг үе ороо бусгаа тэр үед ихэнх байгууллага үүдээ барьж, хөдөлгөөнд орсон. Үүнээс болж баатрууд маань харъяалагдах байгууллагагүй болсон. Харин хэсэг баатруудын санаачлагаар энэ холбоог үүсгэн байгуулсан түүхтэй. Баатруудынхаа эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдэх, хамгийн гол нь баатруудын хийсэн бүтээсэн, гавьяа нийгэмд мартагдах байдалтай болсныг сэргээх, сурталчлах, арга туршлагыг нь хойч үедээ уламжлуулах зорилго тавьсан.

Бид эдгээр хүмүүсийг энх мэнд байгаа дээр нь арга туршлагаас нь хуваалцах учиртай. Бидний уулзалт цэнгүүнийг анх зохион байгуулах үеэс ТВ9 телевиз дэмжиж ажилласан. Мөн “Женко групп”-ийн үйлдвэрүүд болох “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК ивээн тэтгэж ирсэн.

 Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар нь уурхайчин Д.Даваажав юм. Тэрээр уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, 1957 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх 65 жилийн түүхэнд өчигдрийн байдлаар 465 баатар төрснөөс 150 нь амьд сэрүүн байна.

-Хөдөлмөрийн баатруудын холбоо ямар ажил санаачилж хийж байна вэ?

- Бид баатруудаа сурталчилж, гол нь арга туршлагыг нь дэлгэрүүлж, хойч үед уламжлуулах, үлгэр дууриаллын алтан фондыг бий болгох олон талт ажлыг зохион явуулсан. “Алтан соёмбын эзэд” “Эх орны эрхэм баатрууд” гээд 419 хүн орсон үе, үеийн баатруудын амьдралын түүх, арга туршлагын тухай өгүүлсэн лавлах, толь бичиг зохион бүтээлээ. Мөн дөрвөн бүлэг кино хийсэн. Үүнээс хойш 43 Хөдөлмөрийн баатар төрсөн байна. Тиймээс бид дараагийн номоо гаргахаар бэлтгэл ажлаа базааж эхэлсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг хосгүй үнэт хүмүүс. Монголын ард түмэн баатруудаа дээдлэж, баатрууд маань ач буянаа хайрлаж, ахмадуудыг салбарын зөвлөхөөр ажиллуулаасай гэж хүсч байна. Баатрууд маань урт удаан наслаж, ихийг хийж бүтээж, үр хойчдоо алтан сургаалиа үлдээгээсэй гэж захимаар байна.

-Өнөөдрийн уулзалт, цэнгүүнээс нэгэн уриалга гаргаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид тэрбум мод хөтөлбөрт хамрагдаж, аж төрөн амьдран суугаа газартаа мод тарих, зүлэгжүүлэх, ногоон хөгжил, эх дэлхийгээ хайрлан хамгаалъя гэдэг уриалга гаргаж байгаа юм.

-Таны хувьд салбартаа хэдэн жил ажиллав?

 -Би 1960-аад онд нисэхийн сургууль төгсч ирснээс хойш энэ салбарт тасралтгүй ажилласан. 42 жил нисч 37  орны 100 гаруй хотод Монголынхоо далбаатай онгоцоор бууснаараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоо авсан хүн байгаа юм.

М.Базар-Ууган:Баатруудынхаа хийж бүтээсэн арвин туршлагыг залуу хойч үдээ хүргэхийн тулд сошиал сүлжээг ашиглана

Арга хэмжээний үеэр “Талх чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Базар-Ууганы сэтгэгдлийг сонслоо.

-2013 оноос хойш сүүлийн найман жил “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, ТВ9 телевиз, Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо хамтран “Баатруудаа Сайн байцгаана уу” арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Гол зорилго нь бүхий л салбарт өөрсдийн хийсэн бүтээснээ төр засгаар үнэлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авсан алдартнуудыгаа алдаршуулах, эдгээр хүмүүсийнхээ амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуустаа үлгэрлэн манлайлуулах, цаашид хийж бүтээе гэсэн залуусын ажилд нь хувь нэмэр оруулах юм.

Бид цаашид энэхүү үйл ажиллагааныхаа цар хүрээг нэлээд тэлж, эдгээр баатрынхаа хийж бүтээсэн арвин туршлагыг залуу хойч үдээ хүргэхийн тулд сошиал сүлжээг ашиглан үе шаттайгаар мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхээр ажиллаж байна” гэлээ.

Улсынхаа бүтээн байгуулалтад нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ гайхагдаж, Хөдөлмөрийн баатар гэх энэ эрхэм алдрыг авсан хүмүүсийг таниулж, алдаршуулах, арга туршлагыг нь олон түмэнд таниулах зорилготой энэхүү арга хэмжээнд ирсэн азай буурлууд маань “Жилдээ нэг удаа цугларч, ийнхүү хөөрөлддөг учир хүндэтгэлийн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгдөг” хэмээн хуучлан ярьж байлаа.

Дашрамд сонирхуулахад, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 сарын 31-ний өдрийн зарлигаар социализм байгуулах үйлсэд гарамгай амжилт гаргасан хүмүүст “БНМАУ-ын хөдөлмөрийн баатар” цол олгох болсон. Зарлигт Хөдөлмөрийн баатар цол шагнагчдад Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медаль олгож байхаар заажээ.

Анхны “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг 1957 онд Налайхын уурхайн бэхлэгч малтагч Д.Даваажав хүртэж байсан бол дараа нь 1958 онд Ерөөгийн САА тракторч Н.Бямбацогт, 1959 онд Булган амйгийн Хишиг-Өндөр сумын хоньчин З.Очир, Батсүмбэрийн САА-н саальчин А.Авирмэд, Жаргалантын САА комбайнч Ц.Цэрэн-Очир, Аж үйлдвэрийн комбинатын ажилчин Д.Шарав нарын олон хүнд энэ цолыг олгосон байдаг.

1992 оны Үндсэн хуулиар Улсын нэрийг “Монгол Улс” хэмээн нэрлэх болсон тул үүнээс хойш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох болсон билээ.

1 Сэтгэгдэл
тамирчдад өгч утгыг нь алдуулсан даа.
Хамгийн их уншсан