Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэтгэлэгтэй сургалтад суулган ажлын байранд зуучлах төслийн бүртгэл өнөөдөр дуусна Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Улаанбаатарт 24-26 градус дулаан байна Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо Иргэн Д.Монголхүүг Сүхбаатарын талбайд 1 жил нэвтрэх эрхгүй болголоо БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ САЛБАРЫН ХУУЛИУДЫН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, САЛБАРЫН ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ БАГИЙН АЖЛЫН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АЖИЛ ҮҮРГИЙН Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг Архангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут “Улаанбаатар марафон” зохион байгуулахтай холбоотой 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно Гурвалсан тогтолцооноос МИК гарвал ипотекийн зээл зогсоно
ХЗБХ: 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын байнгын хороо өнөөдөр (2022.01.24) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар оролцов.

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 13 удаа, Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч 3 удаа, нийт 16 удаа хуралдаж, нийт 40 асуудлыг хэлэлцэн шийдвэрлжээ.

Байнгын хорооны хуралдаанаар 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 39 удаа хуралдаж, 12 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 11 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргажээ.

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэх 1, анхны хэлэлцүүлгийн 7, бусад Байнгын хороонд хүргүүлсэн 3, бусад асуудлаарх 7, нийт 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 118 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 80 хуулийн төсөлд болон Улсын Их Хурлын 6 тогтоолын төслүүдийг батлуулсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр Хууль зүйн байнгын хороо дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан онцлох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар хуульчилсан байдаг хэдий ч байгууллагууд мэдээллийг харилцан адилгүй мэдээлдэг, зарим тохиолдолд албаны нууцын ангилалд оруулдаг байдлаас үүдэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж холбогдох төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Эл хуулийн төслийг ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нээлттэй байхаар заасан 5 төрлийн 68 мэдээллийг аливаа байгууллага, албан тушаалтан нууцын ангилалд оруулах боломжгүй болгон хуульчилснаараа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Түүнчлэн аливаа төрлийн төрийн үйлчилгээ үзүүлэхдээ төрд байгаа иргэний хувийн мэдээллийг дахин шаарддаггүй байхаар хуульчилснаараа иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг хүнд суртлыг халж буйгаараа онцгой ач холбогдолтой болохыг С.Бямбацогт дарга хэллээ.

Дараа нь тэрбээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг онцоллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийг энэхүү заалтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх зорилгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталсан гэв. Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийгболон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

Одоо хэрэгжиж буй хуулиар хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг хувь хүнээс гадна ажил үүргийн хүрээнд тухайн иргэний хувийн мэдээллийг мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан байна. Хэрвээ мэдээлэл хадгалагч байгууллага, албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.

Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар С.Бямбацогт дарга мэдээлэл өгөв. 10 жилийн өмнө баталсан энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан гэв. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй байсныг өргөжүүлж хохирогч тал,  түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахаар дээрх хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” /2021 оны 76 дугаар/, “Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай” /2021 оны 80 дугаар/, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” /2021 оны 90 дүгээр/, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 92 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” /2021 оны 95 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 96 дугаар/, “Хуулийн төсөл буцаах тухай” /2022 оны 03 дугаар/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан болохыг мэдээллээ.

Ирэх буюу 2022 оны хаврын ээлжит чуулганаар нэлээд өргөн хүрээний асуудлыг дэвшилтэт зохицуулалттай болгох Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дуулгав. Түүнчлэн Хууль зүйн туслалцааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний, Захиргааны ерөнхий хууль болон Дампуурлын тухай хуулийн төслүүд зэрэг одоогоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байгаа хэдий ч ирэх чуулганы хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай хэд хэдэн төсөл бий гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа.

Тайлант хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гишүүд идэвхтэй, ачаалалтай ажилласан гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн дурдав. Тухайлбал, анх удаа Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх судалгаа, тайланг Ц.Мөнх-Оргил гишүүний санаачилгаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, холбогдох ажлын хэсгийг байгуулсан болохыг тэмдэглэн хэлсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг батлахад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй, тус Байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт идэвхтэй ажилласан болохыг дурдав.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх бодлогыг баримталж, идэвхтэй ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилсон үйл явцын талаар онцлон байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын шүүхийн тухай хууль дахь олон нийтийн мэдэх эрхийг хангах, парламентын дотоод ардчиллын хүрээнд аливаа төрлийн шийдвэр гаргалтыг иргэдэд нээлттэй байлгах чиглэлд Хууль зүйн байнгын хороо бодит ажлыг хийсэн гэдгийг тэмдэглэлээ. Алдаа, оноо, шүүмжлэл яригдаж байгаа хэдий ч парламент томилгооны үйл явц, шийдвэрээ нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангаж буйгаараа өмнөхөөсөө үлэмж дээшилсэн, дэвшилт болсон үйл явц гэдгийг хэллээ. Түүнчлэн шүүх, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллагын 2022 оны төсвийн асуудал дээр Хууль зүйн байнгын хороо онцгой анхаарал хандуулж, Засгийн газар, Сангийн яам тэргүүтэй холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, идэвхтэй ажилласны үр дүнд зохих хэмжээний дэвшилт гарсан гэдгийг танилцууллаа.

2020 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Улсын Их Хурал ээлжит чуулган бүрээрээ хүний эрхийг хангах болон авлигын эсрэг зохицуулалт бүхий эрх зүйн томоохон шинэчлэлтүүдийг хийж, холбогдох шийдвэр гаргаж байгааг Ж.Сүхбаатар гишүүн мэдээллээ. Харин 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, авлигатай тэмцэх, шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх чиглэлд голлон анхаарч, ажилласан бөгөөд Улсын Их Хурлын удирдлагуудын зүгээс ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хамгийн өндөр ачаалалтай ажиллаж, ачааны хүндийг үүрсэн хэмээн тодотгож байсныг дурдав. Хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудаас гадна тэр дундах үйл явц, үе шатууд нээлттэй, ил тод болсноороо нэн онцлогтой гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн тэмдэглэн хэлсэн.

Ц.Мөнхцэцэг гишүүн Хүний эрхий дэд хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. …” гэж заасан эрхийн талаар болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлыг Хүний эрхийн дэд хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Дэд хорооны хуралдаанд холбогдох хууль, хяналтын байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон. Мөн арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулсан.

Цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд иргэний жагсаал, цуглаан хийх эрхийн асуудлаар тодорхой зөрчлүүд гарсан бөгөөд иргэдээс энэ чиглэлээр ирүүлсэн гомдол, хүсэлт, өргөдлийн дагуу Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдсан байна. Үүнээс үүдэн цаашид жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн дагуу хийх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, одоо мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжуудыг өөрчлөх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа Ц.Мөнхцэцэг гишүүн мэдээллээ. Олон улсын жишгээр иргэд жагсаал, цуглаан хийх мэдэгдэл хүргүүлээд л жагсаал, цуглаанаа хийх эрх нь нээгддэг бол манайд одоо мөрдөгдөж буй хуулиар тухайн аймаг, дүүргийн Засаг дарга бүртгэж, зөвшөөрөх асуудал яригддаг. Тиймээс цаашид энэ төрлийн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхээр төлөвлөж буйгаа тэрбээр танилцуулсан. Түүнчлэн тэрбээр Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүдийн сонгон шалгаруулалтын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгч ирэх чуулганаар холбогдох томилгоо хийхээр төлөвлөөд байгааг дуулгав.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулт, мэдээлэл, тайлбар өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан