Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР УУЛ УУРХАЙН ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ЗАРИМ ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ГАРДУУЛАВ БАЯНХОНГОРЧУУД АРДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР АСУУДЛАА ДЭВШҮҮЛЖ, ХАМТАРСАН ШИЙДЭЛД ХҮРЧЭЭ SARS CoV-2 вирусын халдварыг илрүүлэх оношлуур хандивлажээ SARS CoV-2 ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ Бх-ПГУ ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа ИХ ДУУЛГА: Манай гурван жүдоч 66 кг-д алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай уулзлаа ИХ ДУУЛГА: Г.Энхрийлэн АЛТ, М.Ичинхорлоо ХҮРЭЛ медаль хүртлээ С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй” гэж Улсын Дээд Шүүх дүгнэжээ
Хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултар

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд амласан. Нөгөө “Кофи Аннантай уулзлаа” буюу үхсэн хүнтэй уулзсан дуулиан шуугианаар тэрбум модны аян эхэлснийг бид мэднэ. Төрийн тэргүүний санаачилга шаардлагын улмаас Монголд тэрбум модны хөдөлгөөн өрнөж, ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна гэдэг шиг дээр дооргүй бужигнаж байна. “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Тиймээс цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга мод тарих” гэж Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индрээс мэдэгдсэн.

Хэрвээ тэрбум мод тарих энэ ажил манай улстөрчдийн ээлжит шоу шиг үр дүнгүй хий хоосон зүйл болоод өнгөрвөл монголчууд бид дэлхийн хамгийн худалч үндэстэн болно. Ерөнхийлөгч нь юу ч хамаагүй ярьж байдаг, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гутамшигт орон гэж дэлхийд үнэлэгдэнэ. Тэгэхээр дэлхий нийтэд амласан амлалтаа Монгол Улс хариуцлагатайгаар биелүүлэх учиртай. Яг одоо бол тэрбум мод гээд хүн бүр уухичиж давхиад үр бүтээлтэй зүйл харагдахгүй байна. Хүрэлсүх ч өөрөө худлаа дүр эсгэж буй мэт олон нийтэд итгэл үнэмшилгүй сэтгэгдэл төрүүлээд төрийн албан хаагчид даргадаа, удирдлагадаа таалагдахын тулд мод тарьж байгаа байдал илт анзаарагдаж байна. “Тэрбум мод тарих гэж байгаа бол мэргэжлийн ойн байгууллагууд, мод үржүүлгийн газрруудад санхүүжилтийг нь өгөөд, алсын төлөвлөгөөг нь гаргуулаад ажиллавал үр дүнтэй болно. Түүнээс төрийн болон хувийн хэвшлүүдийг хүчээр шахаад, нөгөө газар нь дарга харахаараа мод тарьж байна гэж жүжиглээд байвал хий дэмий зарлага болоод дуусна” гэж эдийн засагч судлаачдын хэлээд байгаа үнэн.

Сум, дүүргүүдийн удирдлагууд дээд дарга нартаа мод тарьж байгаа, ажил хийж байгаа гэдгээ харуулах, яам агентлагийн дарга сайд нар, УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчдөө сайн хүн болох гэж үндсэндээ Хүүк даргаасаа улс төрийн оноо авах гэж хэдэн зуун мянган мод тарьсан болж ээлж өнгөрөөж байна. Шуудхан хэлэхэд, тэрбум үндэсний хөдөлгөөн хуучин социализмын үеийн уриа лоозон шиг ард түмнийг албадан ажиллуулсан, дарга нарын хэнээрхэл хэтэрсэн ямар ч үр дүнгүй хий хоосон зүйл болж байна. Энэ байдлаараа монголчууд тэрбум модыг тэрбум жил тарихаар байна.

“Мод тарих амархан ч ургуулах хэцүү. Тиймээс зүгээр суулгаад орхиж болохгүй. Гол нь тухайн модны ургах нөхцөл, ямар мод хаана илүү сайн ургах вэ гэдгийг бодолцож шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарих нь зүйтэй. Тэрбум мод гээд ус ч байхгүй газар сонгоод баахан мод суулгаж байна. Хэн усалж, хэн арчлах вэ гэдэг зохион байгуулалтын ажил тодорхой бус байна. Дээрээс нь мод тарина гэдгийг мод шилжүүлэн суулгахтай хольж хутгаад байна. Мод тарьж ургуулна гэдэг шилжүүлэн суулгахаас огт өөр ажил” гэж бүхий л насаараа мод тарьж буй модны гол мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ хэлсэн бол ой судлалын доктор МУИС-ийн профессор Н.Батхүү “Тарьсан модоо 20-25 жилийн туршид арчилж тордох хамгаалах ажил хамгийн чухал бөгөөд орхигдсон асуудал болсон. Ойг нөхөн сэргээх, ой байгаагүй газарт ой тарьж ургуулах зэрэг ажилд малын бэлчээрлэлтээс хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Малын талхагдлаас хамгаалах арга хэмжээ авахгүй бол хичнээн ч мод тариад нэмэргүй” гэж хэлсэн юм. Ойд судлалын эрдэмтэд модны мэргэжилтнүүд тэрбум модны талаар ийнхүү саналаа илэрхийлсээр байна.

Тэгэхээр Хүрэлсүх Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мод тарих хөдөлгөөндөө шинжлэх ухаанчаар хандаж, хамгийн гол нь модны мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачдаа татан оролцуулах хэрэгтэй байна. Модыг даргадаа долдойдож ажил хийж буй дүр эсгэсэн албан тушаалтан бус шинжлэх ухааны эрдэмтэн хаана ямар газар, ямар цаг улиралд, хэрхэн үрслүүлж тарьж суулгахыг нь мэддэг юм шүү гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Гурван жил тарьц суулгацаа бэлдэж байж ургуулах газраа тарих ёстой гэдгийг эрдэмтэд хатуу хэлж байгаа. Гэтэл өнөөдөрюун гурван жил тарьц суулгацаа бэлдэх газар сайгүй, энд тэндгүй шууд л тарьж, асар их хөрөнгийг газар булаад хаяж байгаа нь үнэн. “Тэрбум модны 40 хувьд нь жимсний мод тарих чухал. Энэ нь эдийн засгийн эргэлтэд нөлөө үзүүлнэ. Ажлын байр бий болно. Монголчууд өнөөдөр жимс жимсгэний бүтээгдэхүүний 97 хувийг гаднааас авч байгаа.Цаашид дотоодын хэрэгцээгээ хангадаг болох хэрэгтэй. Жимсний аж ахуй эрхлэх хувийн хэвшилд газрыг нь шууд өгөх ёстой. Мод тарихад хөрс ус, уур амьсгал, газрын гадарга, агаарын даралт найрлага гээд олон хүчин зүйл нөлөөлдөг учир шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй гэдгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал доктор А.Буянбаатар хэлж байна.

Мод тарих энэ ажлыг хувийн хэвшилд хариуцуулах нь бодит үр дүнд хүрнэ гэдгийг модны мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн эрдэмтэд үзэж байгаа. Энэ бол хамгийн үр дүнтэй арга. “Та бүхэн энэ газарт мод тарь. Энэ газрыг ой болго” гээд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд газрыг нь өгөх хэрэгтэй. Монголд юу л байна газар л байна. Төрөөс олгосон төдөн га газартаа тухайн компани шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтдийн заавар зөвлөгөөний дагуу модоо тарьж, ном дүрмийн дагуу ой бий болгосны дараа тухайн газрыг нь бүр хувьчлаад өгчих нь зөв. Үндсэндээ төрөөс өгсөн газар тухайн компани аж ахуйн нэгжийн хувийн эзэмшил болоод Монголд бас нэг ой нэмэгдэнэ. Манай улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн гэдэг. Мод тарихад байгалийн бүс бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр хангайн бүсэд хоёр мянган ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг.

Төрөөс өгсөн газартаа аж ахуйн нэгжүүд хувийн орон сууц барьж, худаг гаргаад тухайн газартаа тэр чигээр нь мод тарьж, хуульд заасны дагуу хоёр мянган мод тарин хувийн ойг бий болгох. Хэдэн жилийн дараа ойжуулсан газрыг нь тухайн компанид бүр эзэмшил болгож өгөх ийм л гарц гаргалгаа харагдаад байна. Ингэж байж хувийн аж ахуй эрхэлж байгаа бүхэн өөрийн эдлэн газартай болж үр дүнд нь Монгол Улс ойн баялаг орон болно. Ийм зарчмаар явбал тэрбум мод үндэсний хөдөлгөөн бодит ажил болох учиртай.

Түүнээс хаа сайгүй мод тарьж Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжсэн дүр эсгээд, түүнийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй нөхдүүд очиж шалгасан болоод энэ байдлаараа явбал дэлхий нийтэд амласан монголчуудын тэрбум модны хөдөлгөөн үлгэр болно. Энд тэндгүй ухаж төнхсөн, газар сэндийчсэн хар нүх л үлдэнэ. Энэ бол ямар нэгэн улс төр биш, ард түмэн олон нийтэд таалагдах гэсэн ажил биш. Монгол төрийн тэргүүний НҮБ-ын индэр дээрээс хэлсэн хариуцлагатай үг. Иймийн учир төрийн албан хаагчид шахалт шаардлагаар мод тарьсан нэр зүүн ээлж өнгөрөөх биш харин хувийн хэвшлийнхэн итгэл үнэмшилтэйгээр өөртөө зориулж, өөрийнхөө үр удамд зориулж ойг бий болгох нь хамгийн үр нөлөөтэй. Эцэст нь дахин хэлэхэд, хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултрах нь хамгийн зөв арга.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан