Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын эв нэгдлийн төлөө ИЛ ЗАХИДАЛ (Э. Бат-Үүл, С. Эрдэнэ нарт)

Энэхүү ил захидлыг Та хоёрт МоАХ-ны “Ах дүү тавын” нэг, Ш.Түвдэндорж бичиж байна! Ингэж онцолсон нь ах дүүсээрээ анхны ардчиллын төлөө тэмцэн, түүхийг нь бичилцэж, сонгуульт ажил хашиж, хариуцлагыг нь үүрч ирсний хувьд надад Ардчилсан намын өнөөгийн төлөв байдалд санаа зовних, шийдэл гарц хайх бүрэн эрх бий гэж үзсэнийх болно. 1989 оны сүүлчээр ĸоммунист дэглэмийг эсэргүүцсэн анхны улстөрийн байгууллага МоАХ байгуулагдсан билээ. Тухайн үед МАХН-ыг сөрөх, тэмцэх гэдэг амь зольсон бэрх зүйл байсан нь үнэн. Дэлхийн II дайнд нэг гэр бүлээс мордсон 7 хүүгийн тухай өгүүлдэг “Журавли” (Тогоруун цуваа) дууны түүхтэй зүйрлэм эрсдэлт нөхцөлд нэгэн айлын ах дүү таван залуус сэтгэлийнхээ дуудлагаар тангараг өргөж МоАХ-д элсэж байлаа. Тийм ч учраас Ардчилагчид биднийг Ардчилсан холбооны "ах дүү 5" гэж нэрлэх болсон юм. Задран унах үйл нь ирсэн ЗХУ монгол биднийг зөнд нь орхиж, улс орны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хэцүү бэрх цагийг даван туулахад МоАХ[1]ны зорин тэмцсэн АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ л аврал болсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо цөөн хүмүүс ярихаасаа ч залхдаг болсон гэх "Ардчиллын” нэрээр хуучин "дайсагнагч" тал байсан Япон, АНУ тэргүүтэй ĸапиталист орнууд л биднийг өвөл хөлдөөчихгүй, өвдөг сөхрөөчихгүй дэмжиж "хандивлагч орнуудын зөвлөгөөнийг" удаа дараа зохион байгуулж, сэргээн босгож, шилжилтийн хүнд цагийг давуулсныг бид мартдаг юмаа гэхэд түүх мартахгүй. Ухвар мөчид, богино ойтой зарим хүний муучлан гутаахыг чармайдаг Ардчилсан холбооны олон түүхэн гавьяаны нэгээхнийг дурдахад энэ! Бүдүүн Аагий, Сахал Төмрөө, Говь Баяраа, Мурий Баяраа гэхээр МоАХ-ны ууган гишүүд андахгүй. Бүгд л МоАХ, Ардчилсан намын идэвхитэй зүтгэлтнүүд байлаа. Ардчиллын өрнөл, өлсгөлөн, жагсаал, цуглаан, уналт босолт, айдас, хүйдэс, баяр гунигтай үргэлжид хамт явсан тэд маань биднийг орхин оджээ. Үр хүүхдүүд нь бусад партизанууд, тэдний гэр бүлүүдийн адил хоёр идэхгүй хоосон хонохгүй чадан ядан амьдарч л явна. Ардчилсан тогтолцоог босгох, төлөвшүүлэх, нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө амин хувийн амьдралаа зольсон ч үр шимийг нь хүртэж чадаагүй, зөвхөн хийсэн зүтгэсэн үйлстээ сэтгэлээрээ баян явдаг эгэл олон партизануудынхаа дэмжлэг буянаар Э. Бат-Үүл, С. Эрдэнэ тэргүүтэй зарим нөхөд маань нам, төрийн томоохон албан тушаалуудыг удаа дараа хашиж, бусдаасаа илүү боломжинд хүрсэн хүмүүс. Би ах нарынхаа зорилго, үйлсийг бодсон ч, Ардчилсан нам дахь өөрийн замналаа ч бодсон намынхаа хувь заяаны талаар Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарт хандаж үг дайх эрхтэй хүн. 1990 оны хавар Ардчилсан намыг байгуулах гээд хоол ундаа ч умартан хуралдах танхим хайгаад гудамжаар алхаж явах цагт ирээдүйн монгол үндэстний сайн сайхныг мөрөөдөн хөөрөлдөж явснаа Бат-Үүл Та санадаг уу? Тэр өдрүүдэд олон аавын хөвгүүдийн нөхөрлөл эхэлсэн. Өнөөг хүртэл сайдсан муудсан, салсан нийлсэн, хэрэлдсэн эвлэрсэн, чадсан хийсэн, бүтэлгүйтсэн зүйл ч олон. Уруул дордойвч элэг дордойхгүйн үлгэрээр - Ардчиллын туйлын зорилгын эсрэг- Журмын нөхөдтэйгээ өргөсөн тангарагийнхаа эсрэг - Одоо мэнд байгаа болон тэнгэрт дэвшсэн олон зуун партизануудын чин хүслийн эсрэг явсан хүн бидний дунд ховор. Гэвч олон жилийн дараа гишгэсэн мөрөө эргээд харахад анхдагчдаас Бат-Үүл Та, дараа үеийнхээс С.Эрдэнэ та хоёр ийм болчихсон мэт санагдана. Олон түмэн юу гэж боддог эсэх надад хамаагүй.

Үнэн гэвэл шилжилтийн эхэн үеийн улстөрийн хамгийн том алдааг 1990 онд МАХН(МАН) -ыг татан буулгаж, улс төрийн ижил тэгш боломжийг бий болгоогүйд оршдог гэж ардчилагчид үздэг. Энэ алдааг Э.Бат-Үүл Та гардан гүйцэтгэсний гайгаар одоо ардчилсан хувьсгал хүрсэн амжилтаасаа ухарч, хуучин дэглэмийн үед монгол улсыг буцаан аваачих хэмжээнд хүрчээ. Цаашилбал 1994 оны улстөрийн өлсгөлөн, 2016 оны УИХ- ын сонгуулийн хууль зэрэг өрсөлдөгч намд боломж нээж өгсөн хэд хэдэн удаагийн сэжигтэй үйлдлүүд бүрт Таны оролцоо зүтгэл байдгийг эс дурдан Ардчилсан намд “үхлийн” гэмээр цохилт өгөн муужруулсан гуравхан үйлдлийг чинь баримт түшин тоочъё. 1. 1990 оны Хөвсгөлийн өлсгөлөнг зорилгодоо хүрэхээс урьтаж, хулгайгаар МАХН-тай Та минь тохирч гарын үсэг зурсан. Үр дүнд нь МАН-ыг тараах, улс төрийн намууд нэг ижил гараанаас эхлэх түүхэн боломжийг алдагдуулж, улс төр дэх хөрөнгө хүч, гишүүнчлэл, хүний нөөцийн эрс ялгавартай байдлыг үлдээсэн билээ. Зөвхөн МАН үүрд хожих энэ тохирооны чинь гайгаар Ардчилсан нам парламентын сонгуульд хэзээ ч дийлэнх олонх болж, дангаар засаглаж үзээгүй өдий хүрсэн.

2. 1998 онд Ардчилсан хөдөлгөөний удирдагч С. Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарч ард түмэн буруутныг олохыг шаардаж, тэмцэхэд бэлэн болсон цаг үед Та ямар ч шалтаг шалтгаангүйгээр "Зоригийг МАХН алаагүй шүү" гэх гэнэтийн хачирхам мэдэгдлийг хийсэн билээ. Таны энэ болчимгүй мэдэглийг хүлээж байсан мэт тухайн цагийн эрх баригчид “Ардчилсан хүчнийхэн нэгнийгээ нухсан” гэх ойлголтыг тархаан дэвэргэж, дараа дараагийн сонгуульд ашиглах болсон. Өнөөдөр ч тэр муухай ойлголт амь бөхтэй байгаагийн буруутан нь өөр хэн ч биш, Та! МАН цаг үргэлжид хожиж ирсэн үр дүнгээс хөөж бодвол Тантай өдий хүртэл тохиролцсон, хамссан улс төрийн тоглолтыг явуулсаар иржээ гэж хардмаар.

3. 2008 оны 7 сарын 1-ний өдөр. Шударга бус сонгуулийн булхайг иргэд сонгогчид  эсэргүүцэн босож, эрх баригч МАХН-ынхан гэмгүй таван иргэдээ буудан хороосон ээдрээтэй цаг мөч. Молеĸул Б.Батбаяр, Э.Бат-Үүл Та хоёр бусдынхаа үгнээс зөрж МАХН-ынхантай үгсэн УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр ирц бүрдэж хууль бус гэгдэж байсан УИХ-ын бүрэлдэхүүнийг хууль ёсны болгосон байдаг. Улмаар дэлхийн улс төрд урьд хожид байгаагүй холион бантан монголд хэрэгжин “стандарт бус Засгийн газар” нэрээр эрх баригчид, сөрөг хүчинтэй нэг хөнжилд орж МАНАН бүлэглэл үүсэх үндсийг тавьсан билээ. МАН-ын зүгээс МАНАН-г АН гэж харагдуулахаар сурталчилсны үр дүнг 2016, 2020 оны УИХ, Сонгинохайрхан дүүрэгт явагдсан 2021 оны УИХ-ын нөхөн сонгууль тус тус харуулсан. Бат-Үүл Та "айлын эрх хүүхдэд" сүнсгүй ялагдсан гутамшигт түүх энд бичигдсэн. Таны энэ ялагдал мөн л тэр жилийн Булганы нөхөн сонгууль шиг МАН-ын захиа даалгавраар явагдлаа гэж олон хүн дүгнэж байсансан. Тэгээд ч МАНАН гэдэг нэрнээс АН маань яаж салах юм бүү мэд. Би Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар 2 удаа, Нийслэлийн Намын даргаар мөн 2 удаа сонгогдон ажиллаж байсан хүний хувьд  намын аппаратын зардал, гишүүдтэйгээ ажиллах, хурал зөвлөгөөн хийх зэрэгт санхүүгийн болон бусад биет дэмжлэг чухал байдгийг яс махаараа мэдэрсэн. Бид хувь, хувьсгалын амьдрал хэцүүдэх цагтаа нэг л хүнийг тойрч, зулгааж, мөлжиж аврагддаг байсан.

Ядарсан цагтаа гуйж очдог хирнээ, ялсан мөчдөө тэр хүнийг Та үргэлж гадуурхаж, муулж ирсэн байдаг. Үүнийг намын үе үеийн удирдлага, гишүүд, аппаратын ажилтнууд гэрчилнэ. Гэр бүл тань ч гэрчилнэ. Гэтэл зовох цаг бүрт чинь халуун гараа сунгаж явсан жинхэнэ анд, хандивлагчаа өдөр бүр шахуу өстөн дайснаа хэмээн дуудаж, хаа хамаагүй зүйлд хүртэл гүтгэн, элдвээр доромжлох болсныг чинь одоо бид харж, сонсоод гайхан хачирхдаг. Аминд чинь орж явсан олон явдлыг мэддэгийн хувьд тэсэлгүй хэдэн үг тэрлэж байна. Эр хүн ядарч, дор орж болно. Гэхдээ яаж ч ядарсан, хар амиа аргацаахын төлөөх адгуу хүслээрээ хүн ёсны наад захын хэм хэмжээг таслах учиргүй гэх ёс зүй бидний үеийн хотын хүүхдүүдийн амьдрал, өссөн орчинд төлөвшсөн байдаг. Та дошныхоо ёсыг гутамшигтайгаар эвдлээ. Аугаа өвөг дээдсийнхээ түүхээс тань мэт ийм жудаггүй хүнийг монголчууд хэзээ ч үнэлж байгаагүйг одоо цагийнхан сайн мэднэ. Бидний ах нар та нарын бас маниусын үе сайдсан муудсан аль ч тохиолдолд жудаг зааж “хамраа нээлгэж цус гойжвол бууж өгдөг” ёс зүйг мөрдөж ирсэн дээ. Уг нь Та хоёрт маань уулзвал ярилцах түүх их л байгаа байх даа. Юунаас болоод ийм хүний мөсгүй, жудаггүй зан гаргаад явааг чинь ойлгох юм алга. Би цаг үргэлжид намынхаа дүрэм журмыг мөрдөх, гишүүдийн олонхийн шийдвэрийг дагах ардчилсан журмаа барьж ирсэн учир өөрийгөө зөвийн талд зогсдог гэж ойлгодог. Тэр ч утгаараа намын олонх илт дэмжсэн хүнийг тууштай дэмжинэ. Та чаддаг юм  бол Ардчилсан намын 113 мянган гишүүнийг “долоогчид” гэж дуудаарай !!! Хэдхэн хүнд “долоох” магадлал байдаг байж магад, нийт гишүүд бол хэзээ ч үгүй шүү, Бат-үүл даргаа!МАН-д үргэлжлүүлэн үйлчилсээр тэдний даалгавраар журмын андаа "зарж идэх" явцдаа Ардчилсан намын үй олон гишүүдийн итгэл, сэтгэлийг дэвсэлж өөрийгөө ч, өөрийнхөө байгуулалцсан намаа ч шившиглэж яваагаа ухаарах зай Танд үлдсэн болов уу? 90-ээд оны эхэн үеийн Үүл, одоогийн Бат-Үүл баатар хоёрт ямар ялгаа байгааг хэлж өгөөч?! Та тавиул туршуул биш юм бол Ардчилалдаа, журмын андууддаа сүүлчийн тусаа хүргэж, намыг сэргээн босгоход гай бололгүй, амаа хамхин, гараа татаж хойш суувал хэрэг болж магадгүй юм. АН эвлээд бүтчихвэл ард түмэн итгэлээ алдчихаагүй байгаа нь өчигдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн харуулаад л байна. Хувийн өчүүхэн эрх ашгаа нийтийн төлөө умартаж, үлдсэн насаа бусдад гай бололгүй амар эдлэхийг Таниас хичээнгүйлэн хүсье. Миний сайн найз асан С.Эрдэнэ минь ээ. “Эрдэнээ[1]Түвдээ” гэж хоршоо үг болтлоо хэлхэлдэж, андалж явсны хувьд чамд хэлэх хатуу боловч үнэн үг байна. Би чамайг хэзээ, хэрхэн МоАХ, Ардчилсан намд орж ирснийг чинь мэднэ. Нийслэл, Баянгол дүүрэг гээд нам дотроо хамтран ажиллаж, МАХН-тай хэрхэн тэмцэлдэж явснаа санаж байгаа юу? Чи бид хоёрт ажлын тал дээр ч, гэр бүлийн хувьд ч үй зайгүй нөхөрлөж явсан цаг их тул чамайг багагүй мэднэ. Чи бид хоёрт хувийн, хувьсгалын өс нэгээхэн ч байхгүй. Ханан гэр холдож, хадан гэр ойртсон насандаа төрөлх намынхаа хувь заяагаар тоглох цаг мөн үү, эрэгцүүлэн бодооч гэж анддаа хэлмээр байна.

Үлдэх насаа сэтгэл тайван, буянтай өнгөрөөх талаар бодооч. Журмын нөхөд чинь чамайг үзэн ядаж, хараалаар булаад удлаа. Ингэж амьдрах сайхан уу, ийм байдалтай хорвоог туулах амар уу?! Чи УИХ-ын сонгуульд ялагдаад намын даргын сонгуульт ажлаа өгчихөөд эргээд хуурамч тамга хийж аваад дарга хэвээрээ байгаа мэтээр дэлхий дээр байхгүй гажуудал үүсгээд зууралдаад байгаа чинь юуны учир вэ? Би чамайг албан тушаалд ийм ихээр шунан тачааддаг гэж бодож чадахгүй. Эсвэл ямар нэг мултрахын аргагүй барьцаанд орсон ч гэж бас бодохгүй байна. Одоо бид нас залуу гэхээргүй боллоо. Эр хүний жудаг зааж уучлахаа уучлаад, орхихыг орхиод, мартахыг мартаж үз анд минь. Өөрийг чинь өдий хүргэсэн  намаа зүрхнээсээ хайрлан, олон зуун мянган гишүүдээ хүндэтгэн, өсч яваа залуу үедээ сайны дууриал үзүүлээд, хэлэлцэж ярилцаад, хувь заяаг нь буухиалуулан өгвөл яасан юм бэ?! Энэ нам биднийг үгүй болсон ч эх орны хөгжил цэцэглэлтийг түүчээлэх, ардчилсан тогтолцоог үргэлжлүүлэх учир жанцантай. Бид ардчилагчдад гай болж, хөлийг нь туших, ĸоммунист дуршилд зай тавьж өгөх эрхгүй. Ардчиллыг Ардчилсан намтай булшлахыг оролдвол хэдэн үедээ яс чинь амрахгүй, сүнс чинь төрлөө олохгүй шүү! Үйлийн үрээс өөр тайлбаргүй энэ орчлонгийн жамыг санаж, үлдэх амьдралаа цэвэрхэн өнгөрөө анд минь. Ганц биеийнхээ амин ашгийг асар олон журмын нөхдийн хүсэл зоригоос илүүд үзэх нь хэзээ ч уучлагдахгүй хар нүгэл болно шүү. Эргэцүүлэн бодоод, эрүүл ухаанаар шийдээрэй анд минь! Эцэст нь Бат-Үүл, Эрдэнэ та хоёрыг эрийн жудаг харуулж, энэ цагаас эхлэн намынхаа эв нэгдэлд бүхнээ зориулахаас буцахгүй гэдэгт би найдсаар байгаа. Итгэл найдвар хамгийн сүллд бөхдөг гэдэг. Ардчилалын төлөө бүхнээ зориулсан Ах нар маань ч тэнгэрээс “Итгээд үз” хэмээн надад шивнэж байна. Ах нарын минь тэнгэрт дэвшсэн партизан андууд ч мөн хамт харж байгаа. Тэдний итгэлийг хүндэлж, сүнсийг амирлуулахыг Та хоёроосоо андын хувиар, дүүгийн журмаар хичээнгүйлэн гуйя.

Хүндэтгэн ёсолсон: МоАХ-ны 5 дахь дарга Шаравдоржийн отгон хүү Түвдэндорж

1 Сэтгэгдэл
алуурчид мөн тоох байх даа
Хамгийн их уншсан