Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын сөнөөгч онгоцууд Тайваний хоолойг гаталлаа

22.45 цаг: Хятадын "Су-35" сөнөөгч онгоцууд Тайваний хоолойг гаталсан талаар тус улсын төрийн мэдлийн "CGTN" агентлаг мэдээллээ. 

Тэгвэл Ненси Пелосигийн зорчиж буй "U.S. Air Force SPAR19" онгоц дөнгөж сая Тайваний нийслэл Тайпей хотын Соншан нисэх онгоцны буудалд газардаад байна. 

Тайлбар


22.20 цаг: Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок хэрэв БНХАУ-ын арми аралд довтолсон тохиолдолд Тайваньд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. 

Тэрээр мягмар гаригт Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ"-нд нэгдсэн орсон орнуудын бага хуралд оролцох үеэрээ "Герман улс олон улсын хууль журам зөрчигдөж, том хөрш нь жижиг хөрш рүү гээ халдан түрэмгийлэхийг зөвшөөрөхгүй. Энэ асуудал БНХАУ-д ч хамааатай" гэжээ. 

 

Анналена Баербок


22.00 цаг: Нислэгийн хяналтын “Flightradar24” вебсайтын мэдээллээс харахад АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосигийн зорчиж буй “U.S. Air Force SPAR19” онгоц 40 орчим минутын дараа Тайваний нийслэл Тайпед газардах гэж байна.

Өөрөөр хэлбэл, онгоц Тайваний агаарын орон зайд оржээ. Одоогоор БНХАУ-ын агаарын хүчний зүгээс ямар нэгэн үйлдэл хийсэн гэх мэдээлэл гараагүй байна. 

Үүнтэй зэрэгцэн Тайваний төрийн байгууллагуудын вебсайтууд кибер халдлагад өртөн, серверүүд нь унаад байгаа юм. Тайваний Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Чан Тун Ханы мэдээлснээр Ерөнхийлөгчийн вебсайт гаднаас "DDOS" хадлагад өртөж, серверүүдийн ачаалал ердийн ачааллаас 200 дахин нэмэгдээд байгаа аж. 

SPAR19


Азийн орнуудад айлчлал хийж буй Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси БНХАУ-ын заналхийллийг үл харгалзан мягмар гаригт Тайваньд айлчлахаар төлөвлөсөн талаар Цагаан ордны эх сурвалж мэдээлсэн.

Ненси Пелоси даваа гаригт Сингапурт айлчилсан бол өнөө өглөө Малайзад газардсан. Тэгвэл түүний зорчиж байх магадлалтай АНУ-ын агаарын нисэх хүчний “SPAR19” онгоц Малайзаас хөөрсөн. Нислэгийн хяналтын “Flightradar24” вебсайтын мэдээллээс харахад онгоц нэг цаг орчмын өмнө Индонезийн арлууд дээгүүр нисэж өнгөрсөн бол яг одоо хойд зүг буюу Тайванийг чиглэн Филиппины арлын ойролцоо нисэж байна.

Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоц тээвэрлэгч “USS Ronald Reagan” хөлөг онгоц тэргүүтэй байлдааны дөрвөн хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист нэвтрээд байгаа юм. Мөн Пентагоны албаны төлөөлөгчийн мэдээлснээр Өмнөд Хятадын тэнгис орчимд АНУ-ын тэнгисийн цэргийн “USS Tripoli” бөмбөгдөгч хөлөг онгоцыг байршуулаад байгаа аж. Гэхдээ Вашингтоны албаны эх сурвалжууд энэ нь ердийн эргүүлийн үйл ажиллагаа гэж мэдээлжээ.

Тайвань байлдааны бэлэн байдлыг зэргээ нэмэгдүүлээд байна

Гэвч Тайваний Батлан хамгаалах яам мягмар гаригаас пүрэв гаригийн үд хүртэл байлдааны бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлсэн нь асуудлыг хурцатгаад байна. 

Цагаан ордны эх сурвалж АНУ-ын тагнуулын байгуулагууд БНХАУ-ын хариу арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй зарим мэдээллийг цуглуулсан. Гэсэн ч бид Бээжин сөргөлдөөнийг хэр зэрэг эрсдэлд оруулахад бэлэн байгааг мэдэхгүй хэвээр байгаа гэжээ. 

Тэгвэл БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүч даваа гаригаас эхлэн Тайваний хоолой орчимд эргүүлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. “Reuters” агентлагийн мэдээлснээр мягмар гаригийн өглөөнөөс эхлэн Хятадын сөнөөгч онгоцууд болон байлдааны хөлөг онгоцууд Тайваний хоолойн орчимд хөдөлгөөнөө улам эрчимжүүлжээ. Тухайлбал, мягмар гаригт Хятадын гурван сөнөөгч хөлөг онгоц Тайваний зүүн эрэг орчимд дөхөж, байлдааны хөлөг онгоц руу цохилт өгөх симуляц сургуулилт хийсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны тэргүүнтэй утсаар ярих үеэрээ Тайваний асуудлаар галаар наадахгүй байхыг анхааруулж, сөргөлдөөн хоёр их гүрний дунд дайн өдөөж болзошгүйг сануулсан. Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян даваа гаригт БНХАУ-ын арми Пелосигийн айлчлалыг зүгээр хараад суухгүй. Бээжин өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд эрс шийдэмгий, хүчтэй хариу арга хэмжээ авах болно гэж хатуу анхааруулсан. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мягмар гаригт “АНУ-ын аливаа улс төрийн өндөр албан тушаалтны Тайваньд хийх айлчлал сайнаар төгсөхгүй” гэж мэдэгдээд байна.

Тайваний хямралыг АНУ болон БНХАУ-ын эрх баригчид улс төрийн зэвсэг болгон ашиглаж байж болзошгүй

АНУ-ын улс төрийн зарим шинжээч Ненси Пелоси Тайваньд айлчлах асуудал хөндөж, БНХАУ-тай аюулгүй байдлын зөрчил үүсгэх замаар ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын дунд шатны сонгуулийн улс төр хийж байна гэж дүгнэсэн. Түүнчлэн БНХАУ-д ирэх намар чухал улс төрийн шилжилт явагдах тул Ши Жиньпиний хүрээлэл аюулгүй байдлын асуудлаар мөн нам дотроо улс төр хийж байж болзошгүй гэж харж байгаа юм. Тиймээс зарим ажиглагч хоёр их гүрний дунд мөргөлдөөн гарах бодит эрсдэл нүүрлээгүй гэж дүгнэсэн.

Гэсэн ч цэргийн шинжээчид хэдий Вашингтон болон Бээжингийн хэн нь ч мөргөлдөөнийг хүсэхгүй байлаа ч сөргөлдөөн хурцадсан энэ үед талууд Тайваний хоолой орчимд зэвсэглэлээ нэмэгдүүлсээр байгаа нь санамсаргүй осол гарах эрсдлийг улам өндөр болгож буйг анхааруулж байгаа юм. Мөн ийм нөхцөлд талууд дипломат шугамаар тогтмол мэдээлэл солилцож, аливаа үл ойлголцол, буруу тооцооллоос үүдэн дайн гарахаас болгоомжлохыг уриалсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан