Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан 65 дэлгүүрийг хаалаа

 

Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан 65 дэлгүүрийг хаалаа

Хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалсан 65 газрын үйл ажиллагааг зогсоожээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна.

Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 буюу 69.6 хувийг арилгуулжээ. Улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна. Нийт шалгагдсан газруудын:

  • 330 буюу 36.5 хувь нь  шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэлний зөрчилтэй,
  • 233 буюу 26 хувь нь хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс худалдаалсан,
  • 221 буюу 24.4 хувь нь жижиглэн савласан хүнсний  бүтээгдэхүүний шошгод ХБАБХТХ-ийн 12.4-д заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичээгүй,
  • 215 буюу 24 хувь нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан,
  • 121 буюу 13.4 хувь нь  хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
  • 74 буюу 8.2 хувь нь гарал үүсэл тодорхой бус, гарал үүсэлгүй,
  • 68 буюу 7.5 хувь нь баталгаажилтгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1740.2 мянган төгрөгийн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 201 нэрийн 1597 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүлжээ.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Үүнд,

  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  • Энергийн болон спортын ундаа
  • Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
  • Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
  • Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар
  • Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс

Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) тус тус багтаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан