Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлээ иргэд өөрсдөө ТӨЛЬЕ

 

Цар тахал, хөл хорионд дөрлүүлж, цаг үе бэрх байсан үед иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулсан явдал юм. Тодруулбал, Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сард ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг гаргаж байв. Түүнээс хойш тус шийдвэрийг хэд хэдэн удаа сунгаж, хоёр жил гаруй хугацаанд хэрэгжээд байгаа юм. Улмаар нийт 100 мянга гаруй өрхийн 80 гаруй хувь нь зээлийн төлбөрөө хойшлуулсан байна.  

Энэ шийдвэр ирэх нэгдүгээр сарын нэгнээс эцэслэгдэж, иргэд он гараад орон сууцны зээлийнхээ эргэн төлөлтийг төлж эхлэх учиртай. Энэ нь ч зүй. Учир нь зээлийн эргэн төлөлтийг урт хугацаанд хойшлуулж байгаагийн балаг их. 2013 оноос хойш тасралтгүй, амжилттай хэрэгжиж ирсэн тус зээлийн хөтөлбөр сүүлийн нэг жил саатаад байгаа нь ч эргэн төлөлтийг ухраасантай шууд холбоотой. Товчхондоо, эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас зээл олголт удааширч, ихэнх арилжааны банк орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээл олгохгүй больсон юм. Энэ нь ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдэд багагүй чирэгдэл учруулж байгаа төдийгүй 10 гаруй жил тасралтгүй хэрэгжсэн зээл олгох процесс саатахад хүргээд байгаа юм. 

Ипотекийн зээлээ иргэд өөрсдөө ТӨЛЬЕСангийн сайд Б.Жавхлан 

Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулсныг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Тус зээлийн төлөлтийг хүчингүй болгох биш хойшлуулах боломжийг иргэдэд өгч байгаа. Гэвч хойшлуулах тусам улам хүндрэлтэй байдал бий болж байна. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах юм бол Цар тахлын хуулийг дахин сунгах нөхцөл үүснэ. Бидэнд хугацаа байгаа учраас шаардлагатай бол энэ асуудлаар дахин ярилцана. 

"Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долоодугаар сар хойшлуулна" гэв

Нөхцөл байдал иймдээ хүрч, ипотекийн зээл олголт “тэг зогсолт” хийх дээрээ тулсан ч инфляц хөөрөгдөж, эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаанаар дээрх арга хэмжээг үргэлжлүүлэх тухай шат шатандаа яригдаад эхэлсэн байна. Тодруулбал, энэ талаарх асуудлыг өчигдөр МАН-ын бүлгийн хурал дээр хэлэлцжээ. Улмаар ирэх долоодугаар сарын 1-ныг хүртэл энэ төрлийн зээлийн эргэн төлөлтийг сунгах тухай ярилцсан аж. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж байгаа хэлбэрээр бол 2023 оны долоодугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа" гэсэн юм. 

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, иргэдийн амьжиргаа туйлдаж байгаа үед энэ нь магадгүй оновчтой, зээлтэй иргэдэд тустай шийдвэр байж болзошгүй юм. Гэхдээ өмнө өгүүлсэнчлэн, шинээр зээл авах иргэдийн эрх ашгийн хэрхэн хангах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл зээл олголтыг сааруулахгүй гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн юм. Тэрээр "Ипотекийн зээл 2008 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 100 мянга гаруй иргэнийг хамруулсан. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргана" гэв. 

Тогтолцоо нурах эрсдэл

Тэгэхээр шинээр зээл авах хүсэлтэй нь зээлээ аваад, зээл авсан нь авсан зээлээ хүү, шимтгэл тооцохгүйгээр хойшлуулж таарах нь. Өнгөц харахад сайхан хэрэг. Гэхдээ санхүүжилтийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж эргэн төлөлт байхгүй ч зээл олголтыг үргэлжлүүлнэ гэвэл ирэх оны төсвөөс мөнгө гаргах шаардлагатай. Хэрэв тэгвэл  2017 оноос хойш нэмэлт эргэн төлөлтөөс санхүүжээд голдирлоороо явж байсан бүтэн тогтолцоо нурах эрсдэлтэй. Түүгээр ч зогсохгүй олгох зээлийн тоо төсвөөс гаргасан хөрөнгөний хэмжээнд хязгаарлагдана. Түүнчлэн иргэд мөнгөө төлөхгүй байж болох ч ипотекийн зээлийн санхүүжүүлэгчид буюу бонд эзэмшигчид мөнгөө авах ёстой. Тэгэхээр иргэд авсан зээлээ төлөхгүй болчихоод бонд эзэмшигчдэд хаанаас мөнгө гаргаж өгөх нь тодорхойгүй нөхцөл байдал үргэлжлэх юм. 

Ипотекийн зээлээ иргэд өөрсдөө ТӨЛЬЕМонголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга 

2020 оны гуравдугаар сард Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Түүнээс хойш Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор тус шийдвэрийн хэрэгжих хугацаа дахин сунгагдаж, ирэх оныг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. Ингэхдээ нэг зохицуулалтыг орхигдуулсан. Иргэд мөнгөө төлөхгүй байж болох ч ипотекийн зээлийн санхүүжүүлэгчид буюу бонд эзэмшигчид мөнгөө авах ёстой. Тэгэхээр иргэд авсан зээлээ төлөхгүй болчихоод бонд эзэмшигчдэд хаанаас мөнгө гаргаж өгөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс МИК хуримтлагдсан байсан нөөц сангаасаа зээлээ хойшлуулсан иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд хүүгийн төлбөр өгсөн. Энэ мөнгө нь 400 гаруй тэрбум төгрөг болсон. Гэхдээ үүний тодорхой хэрэг нь бэлэн мөнгөөр, зарим хэсэг нь ирээдүйд төлөх нөхцөлтэйгөөр өр, авлага үүсгэсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулахаар бол энэ асуудлыг дахин харах шаардлагатай. Түүнчлэн зээл хойшлуулснаар хамгийн их хохирол амсах субект нь шинээр зээл авах хүсэлтэй иргэн. Түүнчлэн шинэ барилга босгосон барилгын компаниуд ч хохирно. Учир нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах юм бол 6 хувийн зээлийн эх үүсвэр байхгүй болно. Зээл авсан иргэд зээлээ төлснөөр дараагийн хүмүүсийн зээл авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. 

Дээрх шийдвэрийг анх хөл хорио, цар тахалтай холбоотойгоор гаргаж байсан. Тэгвэл одоо хөл хорионд орж, орлого нь буурсан иргэн аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Цөм ажил, амьдралын горимдоо орсон. Тиймээс авсан зээлээ төлөх үүргийг өөрсдөд нь үүрүүлж, зөв тогтсон тогтолцооны голдиролыг гажаахгүй байх нь зүй. 

1 Сэтгэгдэл
Өөрсдөө төльe 6хувь болговол бүгд төлөөд л явна шүү.
Хамгийн их уншсан