Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Ипотект хамрагдах хүсэлтэй иргэдийн боломжийг төр хааж болохгүй"

 

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл дахин  хойшлуулах эсэх саналыг УИХ-аас ажлын хэсэг гарган судалж буй. Тус ажлын хэсгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах шийдвэрийг үргэлжлүүлэх саналтай байгааг илэрхийлсэн. Шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэх юм. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Ипотекийн зээлийн тогтолцоо өөрийгөө санхүүжүүлдэг. Гэтэл хоёр хоногийн өмнө МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зургаа дахь удаагаа эргэн төлөлтийг хойшлуулна гэдгийг мэдэгдсэн. Энэ нь ямар эрсдэлийг үүсгэж байна вэ?

-Тус мэдэгдлийн тухайд төр засаг попорч, буруу бодлогыг хэрэгжүүлэх гэж байна гэдгийг харуулж байна. Ипотекийн зээлийг авсан 400 гаруй мянган иргэн буюу 106 мянган өрх бий. Тэдгээр хүмүүсийн эрх ашигт нийцүүлж бодлогогүй шийдвэр гаргаснаар цаана нь үлдэж байгаа энэ зээлийг авах гэж байгаа иргэд хохирч байна. Өөрөөр хэлбэл, гурван сая гаруй иргэний ипотекийн зээлд хамрагдах боломжийг хулгайлж байгаа юм. Угтаа бол энэ хөтөлбөр бол зээл авсан иргэн эргэн төлөлтөө хийснээр дараагийн хүнд зээлийн эрх нээгддэг тогтолцоотой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэн төлөлт явахгүй байгаагаас шалтгаалж, мөнгөн урсгал байхгүй байхад Монголбанкыг зээл гарга гэж баахан шахсан. Үүнээс болж их хэмжээний мөнгө хэвлэж гаргаж, инфляцын дарамт үүсэх эрсдэлтэй болсон учраас хязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн.

Хэрэв цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлье гэж үзэж л байгаа бол эргэн төлөлтийг сунгаж болохгүй. Иргэдээ бага хувийн хүүтэй зээлээр орон сууцжуулах хэрэгцээ байгаа бол эргэн төлөлтийг хийж эхлэхээс өөр сонголтгүй.

Тэгэхгүйгээр энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлнэ гэвэл Монгол Улсын валютын нөөцийг улам багасгахад нөлөөлнө. Инфляци өндөр байгаа энэ үед Монголбанкыг хүнд байдалд оруулах нь утгагүй.

Нэг гараар бодлогын хүүгээ хоёр дахин нэмж 12 хувь болгоод зах зээлээс мөнгө татах оролдлого хийгээд байдаг. Хажуугаар нь эргэн төлөлтийг хумих боломжийг олгохгүй бол нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, ипотекийн зээл авах боломжид хор уршигтай. Төр иргэдийнхээ боломжийг хулгайлж болохгүй.

-Зээлийн эргэн төлөлтийг ийнхүү олон удаа хойшлуулах нь банкуудад эрсдэлтэй юу?

-Банкуудын хувьд өөрсдийн эх үүсвэрээр гаргасан санхүүжилт харьцангуй бага. Сүүлийн 4-5 жилд 60/40-ийн харьцаатай буюу 40 хувийг банкууд гаргаж явсан. Сая 80/20 болголоо. Гэхдээ үүнээс хойш бодлогын хүүг нэмж 12 хувьд хүргэсэн. Тиймээс сүүлд гаргасан харьцаагаар ч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй.

Тэгээд дээрээс нь дундын үүрэг гүйцэтгэгч Монголын ипотекийн корпораци зээлийн шаардлагыг хангаж байгаа эсэх шалгалтыг хийж, түүнийг нь үнэт цаас болгох замаар борлуулах ажлыг хийхэд дарамт их үүсч байна.

Мөн банкуудад ч тодорхой хэмжээний дарамт үүсч байгаа. Энэ хөтөлбөрийг банкууд нийгмийн сайн сайхны төлөө төр засагтай хамтарч хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн үр өгөөж талаас харсан ч эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй байх нь зүйтэй. Мөн цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ илүү зорилтот бүлэг рүү чиглэдэг болгомоор байна. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшин барьж байгаа, утааг багасгаж янданг цөөлж байгаа өрхүүдэд ч энэ зээлийг олгох хэрэгтэй. Эсвэл Улаанбаатарын төвлөрлийг бууруулж, орон нутагт орон сууц авч байгаа иргэдээ дэмжих нь зөв болов уу.

-Ипотекийн зээлийг хүүг 8-4 хувь хүртэл буулгах тухай хүртэл яригдаж байна. Энэ нь эргээд тус хөтөлбөрийн тогтолцоог нураах магадлалтай юу?

-Олон өрх ипотекийн зээл авсан байгаа учраас үүн дээр улс төрийн тоглолт хийх тохиолдол их гарч байна. Хөлөө дөнгөж олж байгаа энэ тогтолцоонд улстөрчид оролцсоноор эвдэж, хөтөлбөр цаашид үргэлжлэхгүй ч байж болох эрсдэлтэй тулгараад байна. Тэгэхээр ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд улс төрөөс ангид байлгаж, зах зээлийн зарчим руу ойртуулах шаардлагатай.

Саяхныг хүртэл зах зээлийн зарчим руу дөхөж ирж байлаа. Макро эдийн засгийн орчин тогтвортой, бодлогын хүү зургаан хувьтай байх үед 6 хувийн зээл олгох боломжтой нөхцөл байсан.

Харин одоо бодлогын хүү 12 хувь болсон үед зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь боломжгүй. Урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлсний дараагаар зээлийн хүү, эргэн төлөлтөд анхаарах нь чухал. Тиймээс энэ бүхнийг тооцож байж хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж харж байна.

-Арилжааны банкууд ипотек болон орон сууц, бусад урт хугацааны зээлүүдийг хязгаарлаад байгаа. Энэ тал дээр Банкны холбооны зүгээс ямар байр суурь барьж байгаа вэ?

-Макро эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, төлбөрийн тэнцэл дээр дарамттай, валютын нөөц буурсан хүнд байдалд байна. Дээрээс нь геополитикийн байдлаас шалтгаалж Монгол Улсад импортлогдсон инфляци байгаа. Ер нь дэлхий нийтээр хоёр оронтой инфляцитай байна. Хил гаалийн хязгаарлалт ч хэвээрээ үргэлжилж байна. Ийм нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй.

Бодлогын хүүг нэмнэ гэдэг зах зээл дээр нийлүүлэгдсэн байгаа мөнгөний хэмжээг бууруулах дохиог төв банк өгч байна гэсэн үг.

Банкуудын хувьд энэ дохионы дагуу л ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр байгаа хоёр гарын нэг нь хумих оролдлого хийж байвал нөгөө талдаа ч хэмнэх, хумих шаардлага үүснэ. Ингэж байж инфляцийг бууруулах үр дүнд хүрнэ. Тиймээс зах зээлийн зарчмаар л арилжааны банкууд ажиллаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай банкыг дотоодод байгуулах тал дээр Монголын банкны холбооны зүгээс ямар байр суурьтай байна?

-Хуулийн төслийн нэр нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэж байгаа. Тус хуулийн төсөлд гадаад, дотоодын гэж ялгасан зүйл байхгүй.

Хөрөнгө оруулалтын банкны орчин бол сонгодог утгаараа Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй.

Одоо байгаа төслийн тухайд сонгодог зарчим руу ойртуулахад нэлээдгүй ажиллагаа шаардлагатай. Үүнд Монголын банкны холбооны зүгээс хамтарч ажиллаж, сонгодог утгаар хөрөнгө оруулалтын банкны төгс эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллана гэж харж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан