Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна МАН-ынхан Ерөнхийлөгчид генсекээ “өгөх”-өөр тохирчээ Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав “ХАНХ СУМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2040)”-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОН “ХӨВСГӨЛ НУУРЫН ХАМГААЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БОЛОН ХИЛ ОРЧМЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой боллоо С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна "Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч ХЗДХЯ хүлээж аваагүй" Хятадын хотуудад олныг хамарсан жагсаал болж, Ши Жиньпин, Коммунист намыг огцрохыг шаарджээ
И.Мөнхжаргал:УДШ цаг хожихын тулд улс төрийн захиалга биелүүлж байна


АН-ын генсек И.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүх(УДШ)-д холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх байсан. Гэтэл УДШ өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлуулсан гэх юм. Энэ үнэн үү, юу болоод байгаа юм бэ?

-Үнэн. Монгол Улсад хуулийн хамгийн сүүлийн шатанд хэргийг хянан шийдвэрлэдэг, хууль тайлбарладаг байгууллага бол УДШ гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл энэ байгууллага захиргааны маргаанд орохдоо гэрчилгээний ард гурван өгүүлбэр сольж бичихийн тулд төсвийн мөнгөөр өмгөөлөгч авна гэнэ. Иргэдийг хэлмэгдүүлээгүй гэдэг баталгаа алга. Яагаад гэвэл ур чадваргүй, хууль зүйн мэдлэггүй хүмүүс УДШ-ийн Тамгын газарт ажилладаг юм байна. Энэ бол хуулийн байгууллагын ялзрал дээд цэгтээ хүрсний нотолгоо.

-УДШ улс төрийн намтай шүүхдэлцдэг тохиолдол өмнө гарч байсан уу?

-Монгол Улсад бүү хэл, дэлхийд ч ийм тохиолдол гарч байгаагүй.

-Гэрчилгээн дээр гурван өгүүлбэр сольж бичихийн тулд УДШ өмгөөлөгч авсан гэж та хэллээ. Гэтэл Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудал үүсээд хоёр жил болох гэж байна. Үүний цаана ямар улс төр яваад байна вэ?

-УДШ нь улс төрийн намын бүртгэлийг л хөтөлдөг. УДШ-ийн гаргасан шийдвэрийг Тамгын газар нь биелүүлэх ёстой. Гэтэл шүүхээс гарсан 4-5 удаагийн шийдвэрийг Тамгын газар нь биелүүлээгүй. Тамгын газрын ажилчид гэрчилгээний ард бичилт хийх л ёстой юм. Энэ нь ямар нэгэн шүүх үйл ажиллагааны процесс биш, улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ажил. Энэ ажлаа хий гэж бид олон удаа шаардсан. Биелүүлээгүй учир Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр уг асуудлыг хэлэлцээд УДШ гэрчилгээн дээр бичилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэрчилгээнд хийх ёстой бичилт бол маш энгийн. “Иргэн С.Эрдэнийг Ардчилсан намын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Ц.Тувааныг бүртгэлд бүртгэв, хасав” гэх мэт процессын тэмдэглэлийг хийх ёстой юм. Харамсалтай нь УДШ үүнийг ойлгохгүй, эсвэл эсэргүүцэж улс төрийн намтай шүүхийн маргаан үүсгэсэн. Сүүлдээ энэ гуравхан өгүүлбэрийг бичих нь зөв эсэхийг хариуцсан ажилтан нь хүртэл ойлгохоо байж өмгөөлөгч авахыг хүссэн.

Өмгөөлөгч гэдэг бол тухайн иргэнд эрх зүйн тусламж үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн дарга өөрөө ажлаа хийж чадахгүй байгаа учраас улсын төсвөөс мөнгө гаргуулж өмгөөлөгч авах гэж байна. Энэ хүний хувийн эрх ашиг зөрчигдөөгүй. Зөвхөн ажлаа хийх чадваргүй, хийж чадахгүй байгаа учир эрх зүйн туслалцаа хүсэж байгаа нь маш том эмгэнэл. Эсвэл энэ албан хаагч улс төрийн даалгавар биелүүлж байна. Өөр ямар нэгэн ойлголт байхгүй.

-Хэрэв тийм бол 2024 оны сонгуулиас өмнө танай нам учир зүйгээ олохгүй бол энэ шүүхийн асуудал чинь дуусахгүй юм биш үү?

-УДШ-ийн дээрх албан тушаалтан ажил мэргэжилдээ тэнцэхгүй хүн. Тийм учраас өмгөөллийн үйлчилгээ авч байна гэж ойлгож байна. Эсвэл цаг хожих гэж байгаа улс төрийн захиалга биелүүлэгч.

-УДШ дээр үүсээд байгаа эл асуудал АН-д өнөөдрийг хүртэл хэдий хэмжээний хохирол учруулаад байна вэ?

-Ардчилсан нам өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгааг нийгэм харж байна. Үүнийг ярихаар хүмүүс Ардчилсан намын дотоод асуудал мэтээр ойлгодог . Гэхдээ би намын хохирол гэхээс илүү нийгмийн хохирлын тухай яримаар байна. Нэгдүгээрт, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2023 оны төсвийг хамгийн их зарлагатайгаар баталлаа. 20.5 их наяд төгрөг. Харамсалтай нь энэ асуудалд Ардчилсан нам хяналт тавих, сөрөг хүчний дуу хоолойг хүргэх бололцоо байсангүй. Хоёрдугаарт, Монгол Улс бол ардчилсан орон. Гэтэл хүний эрхийн асуудал хөсөр орхигдож, хүний эрхийн зөрчлүүд дээд цэгтээ хүрсэн. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн яллагдагч болдог боллоо. Гуравдугаарт, нэг намын тогтолцоо руу хазайж эхэллээ. Энд сөрөг хүчний дуу хоолой дутагдаж байна. Ард түмэн "АН сөрөг хүчний үүргээ биелүүл” гэж байгаа. Гэвч одоогийн нөхцөл байдлаас хамааран МАН-ын зүгээс бидний хэлсэн бүхнийг АН-ын дотоод асуудал мэтээр гуйвуулж нийгэмд ойлгуулж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй мэт харагдуулах гэж хичээж байна. Монгол Улс цаашдаа парламентын тогтолцооноосоо буцах аюул заналхийлж байна. Энэ бол нийгэмд учирч болох асар том хохирол. МАН-ыг хазайлгах хүч зөвхөн АН-д л байсан. Учир нь АН олон намын нэгдэл, олон хүний тэнцвэрийг 30 гаруй жил хадгалж ирсэн. Гэтэл тэд энэ том сөрөг хүчнийг үгүй хийж, өнөөдрийг хүртэл Ардчилсан нийгмийг босголцож ирсэн нэг хөлөө хөрөөдөж хаяхыг хүсч байна. Хэрэв тэд хүссэндээ хүрвэл Монгол Улс нэг намын тогтолцоо буюу дарангуйллын нийгэмд шилжинэ.

-Ер нь танай нам яавал эв цавандаа орох юм бэ. Брюссельд уулзсан төлөөллүүд ажлын хэсэг байгуулсан гэл үү. Бас Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр эвлэрэх ажлын хэсэг байгуулсан гэж байсан. Тал талд уулзалтууд хийгээд яваа гэж дуулдах юм. Үр дүн байна уу?

-2022 оны наймдугаар сарын 14-нд Үндэсний бодлогын хороо хуралдаж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал миний биед намын гишүүдийг эвлэрүүлэх, цаашид АН эв нэгдэлтэйгээр ажлаа явуулах тухай үүрэг өгсөн. Үүний дагуу миний бие Ардчилсан намын шат шатны бүх гишүүдтэй янз бүрийн хэлбэрээр уулзаж намын эв нэгдлийн тухай, АН-ынхаа цаашдын ирээдүйн тухай санал солилцож байна. Одоогоор энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-С.Баярцогт хурдан ирж намаа цэгцлээсэй гэсэн хүлээлт АН-ын жирийн гишүүд дэмжигчдэд байгаа бололтой. Явж, явж намын даргын асуудал, ах нарын эрх ашгийн зөрчилдөөнөөс танай нам тархай бутархай болсон шүү дээ. Тэд байгаа цагт энэ нам хэзээ ч эвэндээ орохгүй юм биш үү?

-Улс төрийн нам хүнд нөхцөлд орлоо гэхэд нэг гишүүн ирээд намаа авардаг тухай ойлголт байхгүй. Мэдээж энэ хүн бол намаа аврахын тулд намынхаа эв нэгдлийн төлөө идэвхтэй зүтгэж буй АН-ын нэгэн гишүүн. АН-ыг өнөөгийн нөхцөл байдлаас нэг биш нийт 200 мянган гишүүн хамтдаа зүтгэж байж гаргаж чадна. Эндээс хэн нэгнийг нь онцолж, хэн нэгнийг үгүйсгэж ярих аргагүй. АН гурван үеийн хэлхээгээ хадгалж явах учиртай. Одоогоор үүссэн нөхцөл байдалд аль нэг үеийг буруутгаж, үгүйсгэх биш бид тойрч суугаад ярилцаж шийдэлд хүрэх нь чухал байна. Мэдээж улс төрд хэн нь манлайлагч байх вэ гэдгийг намын гишүүд шийднэ.

-АН хурдан нэгдэж нийлэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирлээ. Мэдээж шүүх дээр танай асуудал сунжирсаар сонгуультай золгох нь тодорхой. Сөрөг хүчингүй энэ улс яаж доройтож байгаагийн горыг ард түмэн амсаж байна шүү дээ?

- Хамгийн их хохирч байгаа нь ард түмэн. Сөрөг хүчингүй эрх баригчид, дарангуйллын тогтолцоо, дураараа дургисан төсвийн захиран зарцуулалт гэх мэтчилэн маш их сөрөг үр дүн гарч байна. 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нэгдэж орох болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан