Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу яаралтай буулгая!

Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу буулгах бүрэн боломж байгааг Шадар сайд зарласнаас хойш таван сар өнгөрчээ.

Монголбанкны мэдээгээр 2013 оноос хойш 110 мянга орчим иргэн ипотекийн зээл авсанаас 90 орчим хувь нь найман хувийн зээлд хамрагдсан байдаг. Иймээс Шадар сайд С.Амарсайханы хэлсэн үг биеллээ олбол 100 мянга орчим иргэний нуруун дээрх ачаа хөнгөрнө гэсэн үг. Тухайлбал, найман хувийн ипотекийн зээлтэй иргэн сар бүр 500 мянган төгрөг төлж байсан бол зургаан хувь болсноор 100 мянган төгрөгөөр буурна.

Шинэ он гарангуут ипотекийн зээл төлөлт эхэлнэ. Covid-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндэрч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн тул Засгийн газар, Монголбанк хамтран 2020 оноос ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн хугацаанд энэхүү шийдвэрийг таван ч удаа хэрэгжүүлснээр 63.2 мянган иргэн хамрагджээ. Тэдний хувьд 2023 оноос ипотекийн зээлээ хэрхэн цаг хугацаандаа төлж барагдуулах вэ гэдэг нь асуудал болж хувираад байна. Учир нь, Монголд цар тахал буурсан ч өмнөд хөрш хатуу хөл хориогоо үргэлжлүүлэх, хойд хөрш Украинд дайн зарласан зэргээс үүдэж, эдийн засаг улам хүндэрч, төгрөг цаас болж хувираад буй. Ийм үед ипотекийн найман хувийн зээл зургаан хувь болж буурсан нөхцөлд иргэдэд дэмжлэг болох юм. Зөвхөн найман хувийн зээлтэй иргэдийн хүүгийн дарамт буураад зогсохгүй эргэн төлөлт сайжирч, ипотекийн зээл олгогдох эх үүсвэр саадгүй бүрдэнэ гэсэн үг.

Албаныхны мэдээгээр ипотекийн зээл төлөлтийг хойшлуулснаар 3.4 их наяд төгрөг “царцжээ”. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ипотекийн зээл гацаатай байсан нь эх үүсвэр бага байсантай холбоотой.

УИХ-ын намрын чуулган эхэлсэн даруйд УИХ дахь МАН-ын бүлгээр ипотекийн зээл төлөлтийг үргэлжлүүлэн хойшлуулах уу, эсвэл буцаагаад хэвийн байдалд нь оруулах уу гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр ч эл асуудал яригдаж буй бөгөөд 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж магадгүй тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ам алдсан. Гэхдээ би үхсэнээс чи үх гэдэг зарчим барьж болохгүй. Учир нь ипотекийн зээлийн эргэн төлөлт зогссоноос эх үүсвэр эрс багассан.  Хэрэв олонхийн бүлэг ипотекийн зээл төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах шийдвэрт санал нэгдвэл шинээр байртай болох мянга мянган залуусын мөрөөдөл үгүй болж, Олон улсын валютын сан/ОУВС/-гаас Засгийн газарт хандан өгсөн ипотекийн зээл олголтоо зогсоох зөвлөмж л хэрэгжинэ гэсэн үг.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд эдийн засаг хүнд ч барилгын компаниуд өр зээл тавьж байгаад орон сууцнуудыг олноор нь барьсан. Ипотекийн зээлийн эх үүсвэр тааруугаас байрных нь борлуулт эрс саарсан ч шинэ он гарангуут борлогдоно гэсэн хүлээлттэйгээр өнөөдрийг хүргэсэн. Ипотекийн зээлийн эргэн төлөлт эхлэхээр байртай болно гэсэн иргэд ч хэдэн зуугаараа банкинд өгсөн хүсэлтээ хүлээж байгаа.

Иймээс Засгийн газар Монголбанк арилжааны банкуудтайгаа ярилцаад шинэ оноос ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувиар төлж эхлэх шийдвэр гаргачихвал эдийн засаг амаргүй үед цагаа олсон шийдэл болж бууна. Зээл төлөлтийг хойшлуулснаар иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхгүй, харин зээл төлөх хугацаа нь хойшилж л байгаа хэрэг.

Эдийн засгийн хүндрэл зөвхөн Монгол Улсаар тогтохгүй дэлхий нийтээр тулгамдсан асуудал болж хувирсан. Эдийн засгаа агшаахгүй, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахын тулд улс орнуудын төв банк бодлогын хүүгээ өсгөх, ипотекийн зээлийн хүүгээ эргэн өсгөх зэрэг арга хэмжээ авч буй мэдээлэл цацагдах болсон.

Ийм үед Монгол Улс ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь руу буулгах нь эрсдэлтэй, найман хувийн зээл бол дундаж гэж үзэх хүмүүс бий. Дэлхийн улс орнуудын ипотекийн зээлийн хүүг сонирхвол,  АНУ, БНХАУ-д моргейжийн зээлийн хүү 5 хувь орчим бол хөгжиж буй Бразил, Индонез зэрэг улсуудад хүү 9-10 хувь байгаа юм.

Гэхдээ Монгол Улс Улаанбаатар хотын гэр хорооллоо цаг алдалгүй барилгажуулж, агаарын бохирдлоо бууруулах зорилгодоо хүрье гэвэл ипотекийн зээлийн хүүг зургаа байтугай хувиар бууруулж гэмээнэ жинхэнэ зорилтот хэсгийг бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээлд хамруулах боломж бүрдэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан