Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмийн сангуудаар хүүхдийн ханиаданд зөвлөдөг антибиотик, эм, сиропууд тасарчэ

Улирлын томуу, агаарын бохирдолтой хавсарсан амьсгалын замын өвчин хүн амын дунд ид тархаж байна. Халуурч бүлээрсэн, ханиалгаж бүгшүүлсэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд эмнэлэг, эмийн сан бараадаж ханиад томууг сайн дарах эм, бэлдмэлийг сураглана. Тэгвэл эмийн сангуудаар хүүхдийн ханиаданд зөвлөдөг антибиотик, эм, сиропууд тасарчээ. Энэ талаар бид сурвалжлахаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эмийн сангуудаар орлоо.

Иргэдийн түгээмэл хэрэглэдэг антибиотик, сироп тасарчээ

Сүүлийн саруудад ханиад, томууны улмаас эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж буй. Иймд зарим хүүхдүүдийг гэрээр буюу өрхийн эмчийн хяналтад эмчилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл ханиад, томуунд уудаг "Амоксиклав" сироп, "Фромилидын" сироп "Миксагрип" ханиадны эм болон "Осельтамивир" эм бэлдмэлүүд эмийн сангаар тасарчээ. Энэ талаар СБД-ийн нэгдүгээр хорооны “Ази фарма” эмийн сангийн эм зүйч Л.Отгонтамираас тодруулсан юм

Тэрээр" Ойрын хэдэн сард зарим нэр төрлийн эм,бэлдмэлүүд буюу антибиотик болон "Амоксиклав" сироп хүүхдийн тунтайгаас тасраад байна. Гадуур ханиад томуугийн халдвар их байгаа учир антибиотикын хэрэглээ өндөр, эрэлт их байна. Эцэг эхчүүдийн хувьд ихэвчлэн бага насны хүүхдэд уулгахаар жимсний амттай ханиадны сироп, хоолойн үрэвслийн үед хэрэглэдэг кларитромицин антибиотик асууж орж ирж байна. Манайд тус эмүүд тасарсан хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа" гэсэн юм. Харин Сүхбаатар дүүргийн зарим эмийн сангуудаар ороход "Амоксиклав" сироп олдсон ч нэг дахин үнэтэй зарагдаж буй. Эцэг эхчүүдийн хувьд эмийн үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад маш өндөр болсон. Мөн олдоц багатай байгаа талаар хэлж байлаа. Түүнчлэн хүүхдийн ханиаданд зөвлөдөг ихэнх эм, тариа даатгалд хамрагддаггүй. Гэтэл ханиад томууны ид дэгдэлтийн үеэр эмнэлэгт ор хүрээлцээгүй, хүүхдээ гэрээр эмчилдэг учир эмийн зардал маш өндөр гардаг гэдгийг хэлж байв.

Ийнхүү бид Чингэлтэй дүүргийн эмийн сангуудаар орж дээрх эмүүдийг тодруулахад мөн л адил тасарсан тоотой хэдэн газар л өндөр үнэтэй зарагдаж байгаа талаар хэлсэн юм. 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ө.Сүрэнтөгс" Хүүхэд ханиад хүрээд гурван өдөр өндөр халуурч байна. Өрхийн эмчид нь үзүүлээд бичиж өгсөн эмүүдийг нь хайж явна. Энд байдаг эмийн сангуудад дандаа өндөр тунтай эмүүд байна. Бага насны хүүхдэд уулгах учир заавал бага тунтайг нь хайж байгаа юм. Эмийн үнэ маш өндөр байна. Жишээ нь толгойн өвчин намдаагч, халууны эмээс эхлээд хоолойн цацлагын үнэ хүртэл нэмэгдсэн. Өнгөрсөн жил "Фарингоспрей" гэх хоолойн цацлага 9800 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр энэхүү цацлага эмийн санд 20-25 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна" гэв.

Эмийн сангуудад зарим нэр төрлийн антибиотик, сироп тасарчээХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр

 Томуу, томуу төст өвчин үүсгэгч голлох гурван вирус 0-4 насныханд түгээмэл байна. Хүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдөр ХӨСҮТ-д 198 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 20 орчим хүүхэд нь уушгины хатгаагаар хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байна. Тийм учраас хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх. 0-5 насны хүүхдүүддээ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Эмийн сангуудад зарим нэр төрлийн антибиотик, сироп тасарчээХалдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан 

Энэ жил томуугийн улирал эдгэрэх явц удаан, сунжруу байна. Энэ жилийн хувьд өвчлөлийн дэгдэлтийн оргил үе эрт эхэлсэн. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгийн ирц буурсан ч халдварын тархалт буурахгүй байгаа нь эцэг, эх асран хамгаалагчидтай холбоотой. Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийг хамарсан баяр ёслолд хүүхдээ дагуулж очихгүй байх, хүүхдийн тоглоомын төвүүдээр бага үйлчлүүлэх нь зөв. Учир нь томуугийн дэгдэлт өндөр идэвхжилтэй байх хугацаа урт байх төлөвтэй байна. Хүмүүс вирусийн гаралтай томуу биш байхад вирусийн эсрэг эм ууж улам хүндрэх нөхцөл үүсгэдэг. Мөн хүүхдүүддээ дур мэдэж эм өгөх, антибиотик хэрэглэх тохиолдол гардаг. Энэ бол маш буруу. Заавал эмчийн зааврын дагуу өндөр тунтай эм, тариаг хэрэглэнэ.

Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтлах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  • Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай
  •  Жорд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
  • Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй
  • Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх
  • Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан