Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“С.Эрдэнэ намаа аврах биш хорлох үйлдэл хийж байна”

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН-ын ҮБХ-ны гишүүд  дээд шүүхэд Л.Гантөмөрийг даргаар бүртгүүлэхээр хандсан. Үүнтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Д.Ганбатыг даргаар батламжилж, дээд шүүхэд хандлаа.  Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ. Хэрвээ УДШ АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэхгүй бол дараагийн алхам юу байх вэ?

-Манай С.Эрдэнэ дарга хүнээр тоглож сураад байгаа шүү дээ. Урьд нь М.Тулгатад тамга өглөө л гэсэн. Бодит байдалд тамгаа өгөөгүй. С.Эрдэнэ бол 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хүн. Ардчилсан тогтолцоотой улс оронд сонгуульд авч орсон намын дарга нь сонгуульд ялагдах юм бол хариуцлагаа хүлээж ажлаа өгдөг. Зууралдаж, заваардаггүй. М.Тулгатад тамгаа өгсөн боловч араас нь баахан бичиг өгөөд дээд шүүхээс нэрийг нь татсан. Д.Ганбат гишүүнийг дарга болгож батламж өгч байх шиг. Урлагийн авьяастан тодруулж байгаа биш шүү дээ. Иймэрхүү байдлаар хүмүүсийг хуурч, будилуулаад байгаа нь харамсалтай санагддаг. Аман дээрээ үнэт, зүйл зарчим ярьчхаад нам нь эвлэрч нийлэх гэж байхад дүрмийн бус гэж тайлбарладаг байж болохгүй.

Дээд шүүхээс С.Эрдэнийг “Та дарга биш” гээд байхад “Би АН-ын дарга” гэж батламж тараагаад байгаа нь зарчимгүй хэрэг юм.

АН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд зангараг гаргаж, манлайлал үзүүлээч ээ. С.Эрдэнийн хийж буй алхмуудыг харахад намаа аврах гэж биш хорлох үйлдэл хийж байна. Хууль дүрэм, зарчим ярьчхаад зарчимгүй аашилдаг байдал харагддаг.

-АН-ын дүрмээр даргыг хэрхэн батламжилдаг юм бэ. Л.Гантөмөр даргыг сонгох процесс дүрмийн дагуу явагдсан гэдгийг та бүхэн хэлдэг. Харин нөгөө талд С.Эрдэнэ “хууль бус сунгаа” гэхчлэн тайлбарладаг шүү дээ?

-АН-ын зарим гишүүний хардаж буйгаар эрх баригчдын хүмүүс С.Эрдэнийг хэрэг, төвгөөр нь айлгаж уяаны нохой болгосон нь үндэстэй юм болов уу гэж бодож эхэлж байна.

Л.Гантөмөр дарга яагаад хууль ёсны гэвэл, АН-ыг төлөөлөх хоёр инстуци байна. Нэг нь УИХ-ын бүлэг дэх АН-ын бүлэг, нөгөө нь намын төлөөлөл. АН даргагүй ч гэсэндээ АН-ын ҮБХ буюу эрх бүхий дээд байгууллага 2020 оны УИХ-ын сонгуулийг шийдсэн, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг шийдсэн, мөн нөхөн сонгуульд оролцсон. Монгол гэр хоёр тулгууртай байдаг шиг нэг талаас нь УИХ дахь бүлэг, нөгөө талаасаа ҮБХ нь хамтраад даргынхаа асуудлыг шийдсэн. Үүнээс өөр гарц гаргалгаа байхгүй.

Дээд шүүх хууль зарчмаа хараад шинээр сонгосон даргыг бүртгэх байх.

С.Эрдэнэ дарга тамга нь хаана байгаа юм гэж яриад байна лээ. Даргагүй тамга ямар ач холбогдолтой юм бэ. АН-ыг даргагүй гээд үзчихсэн. Харин тамга дангаараа намыг төлөөлөхгүй. Зүйрлэж хэлбэл сүнсшиггүй бурхантай адилхан. Тамгыг барих эрхтэй дарга байхгүй байхад тэр тамга ямар ч ач холбогдолгүй. Хоёрдугаарт, тамга гэж яривал хоёр тамга байгаа. Хоёр тамганы маргаан шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй. Дээд шүүх тамганы маргаан шийдэхгээгүй. Намын шинээр сонгосон даргыг бүртгэх гэж байгаа юм. С.Эрдэнэ даргын хувьд төөрөгдүүлж байгаа л зүйл. Ганцхан тохиолдолд тамга нэхэх юм билээ. Улс төрийн нам татан буугдаад үйл ажиллагаа зогсч буй бол тамгаа хураалгадаг. Өөр бусад тохиолдолд тамга ач холбогдолгүй болсон. Ийм байдлаар харвал бидний явуулсан хурал дүрмийн талаасаа асуудалгүй.

"ДЭЭД ШҮҮХЭЭС АН ДАРГАГҮЙ, С.ЭРДЭНИЙГ ДАРГА БИШ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРСАН"

-С.Эрдэнэ даргатай уулзаж эв, нэгдлээ хангах талаар ярилцаж үзсэн үү. Ер нь ҮБХ-ны гишүүд С.Эрдэнэд хариуцлага тооцож чадах уу?

-Өнгөрөгч арванхоёрдугаар сард эвлэрлийн ажлын хэсэгт маргалдаад байгаа талуудыг оруулсан. Харамсалтай нь С.Эрдэнэ энэ хуралд ороогүй. Үнэхээр АН-ын эв нэгдэлд санаа зовж байгаа бол хуралд үгээ хэлэх ёстой байлаа. Ардчилал гэдэг асуудлаа нээлттэй ил тод ярилцаад олонхоор шийдэхийг хэлдэг биз дээ.

2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дээд шүүхийн хуралдаанаар “АН даргагүй” гэх шийдвэр гарсан.

Маш олон хүмүүс надаас танай нам даргагүй юм биш үү, одоо яах вэ гэсэн. Хариуд нь Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ нар хувь хүнийхээ хувьд юу гэж бодох нь хамаагүй. Шийдвэр гаргасан дээд шүүх юу гэж үзсэн нь надад чухал байсан учраас би тухайн үед дээд шүүхэд хүсэлт гаргасан. “Та нар тайлбараа өг, манай нам даргатай юу үгүй юу, С.Эрдэнэ дарга хэвээрээ юу үгүй” гэсэн. Дээд шүүх албан ёсны хариугаа өнгөрөгч оны арваннэгдүгээр сард өгсөн. Хариуд “одоогоор АН даргагүй, С.Эрдэнийг дарга биш” гэсэн шийдвэр гарсан. Энэ хариу хүчин төгөлдөр гэсэн хариу өгсөн. С.Эрдэнэ дарга болохоор цахим бүртгэл, цаасан бүртгэл ярьдаг. Тухайлбал, цаасан дээр С.Эрдэнийн нэр байгаа, цахимд байхгүй гэдэг. Үгүй шүү дээ. Цаасан бүртгэл гэдэг нь дээд шүүхийн тогтоол. Нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан тогтоол гэдэг нь намын цаасан бүртгэл байхгүй юу. Цахим бүртгэл гэдэг нь тэр цаасан шийдвэрийг олон нийтэд мэдээлж байгаа хэлбэр юм. Мөн 2017 оны 01 тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ шүү гэдэг тайлбар тавьдаг.

 2017 онд С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсон нь үнэн гэдгийг тухайн үйл явдлыг баталгаажуулсан тогтоол болохоос биш, одоо дарга гэсэн үг биш юм. Тиймээс мэдээлэлгүй байгаа иргэдээ төөрөгдүүлэх ээ боль.

Зарчимтай ханд гэж С.Эрдэнэд даргад хэлмээр байна. С.Эрдэнэ хууль дээдлэх зармчаа баримтлаад нэг удаа манлайлыг үзүүлчих л дээ. Ярих биш хууль дээдлэх зармын хүрээнд үлгэрлэх ёстой. Манай намын дарга хийсэн хүмүүс үлгэрлэж манлайлах хэрэгтэй. Ардчилсан нийгэмд АН ардчилсан шийдвэрээр, хамтын зарчмаар удирдах хэрэгтэй. Манай өмнөх дүрэм харамсалтай нь намын даргаа тойрдог, хэт их эрх мэдэл төвлөрүүлдэг байсан. Энэнээс татгалзах ёстой. Дээрээс нь С.Эрдэнэ даргын хүсэлт бараг буцах байх. Дээд шүүх өмнө нь бүртгэгдсэн асуудлаа дахиж нийт шүүгчдийн хуралдаанд оруулахгүй юм билээ. Хууль дүрэмдээ нийцүүлэн буцаах байх гэж харж байна.

"Н.ЭНХБАЯРЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ХУУЛЬ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ, ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА ЮМ"

-Шинэ Үндсэн хуулийн тухай яриа олон нийтийн анхаарлын төвд байна. Эрх баригчид 30 жилийн тогтолцооны гажуудал алдаа дутагдлын буруутанг Үндсэн хуультай холбон тайлбарлаж байна. Энэ асуудал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. Шинэ Үндсэн хуулийн сөрөг тал нь юу вэ. Н.Энхбаяр гуай МАН-ын даалгавраар шинэ Үндсэн хууль бичсэн гэх яриа үндэслэлтэй болов уу?

-Үндсэн хуулийн төгсгөлд “мэдэхтун, сахигтун” гэж үг байдаг. Эхлээд улстөрчид Үндсэн хуулиа мэдэж судлах хэрэгтэй. Үндсэн хуулиа мэдээгүй, ойлгоогүй байж өөрчилье гэж дайрдгаа болих хэрэгтэй. Улс төрийн намуудын хийсэн алдаа, улстөрчдийн хийсэн алдаагаа хэн нэгэн буруутан хайдаг. Эхлээд сөрөг хүчин рүүгээ бурууг наадаг байсан бол буруутан хайж байснаа Үндсэн хууль руу чихэж байна. Нэг хэсэг Ц.Элбэгдорж, С.Баярцогт, С.Баяр, МАНАН бүлэглэлээс буруутан хайдаг байлаа. Нөгөөдүүл нь “гудамжинд” байгаад найман жил болоод явахаа байсан чинь Үндсэн хууль руу чихэж байна. Ардчилсан Үндсэн хуульд алдаа оноо байгаа  ч гэсэн энэ 30 жилд хэн нэгэн дарангуйлагчийг төөрүүлсэнгүй. Парламентыг засаглалыг бэхжүүлэх ганц хоёр өөрчлөлтийг хийх ёстой.

-Тухайлбал ямар өөрчлөлтийг хийх ёстой вэ?

-Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог системтэй болох. Өөрөөр өөрчлөх хэрэггүй. Бүтнээр нь өөрчилнө гэдэг улс орноороо тоглох гэж байгаа хэрэг. Жоомоо алах гээд гэрээ шатаадаг шиг байж болохгүй. Үндсэн хуульд бүх ойлголт нь байна. Шинэ Үндсэн хууль гарч ирвэл хөл толгой нь олдохгүй парламент нь хоёр танхимтай болчихсон хэрэлдээд учраа олохоо болиод, Ерөнхийлөгч нь хаанаас нэр дэвших нь ойлгомжгүй юм билээ. Шүүх нь тангарагтны шүүх гээд АНУ-ын зарчмыг авчихсан ч байх шиг. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энд тэндэхийн баахан юмыг цуглуулсан байсан.

Н.Энхбаяр нарын боловсруулсан Үндсэн хуулийг хууль гэж хэлэхгүй. Энэ бол харьцуулсан судалгааны тайлан.

Үндсэн хууль гэдэг бүхнийг багтаадаг зүйл. Ингэж улсаа самрахаа болих хэрэгтэй. Холбооны улс орны сайн гэснийг түүгээд багцлах нь Үндсэн хууль биш ээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан