УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр орой УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын дөрвөн гишүүн 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир илтгэхдээ, 1993 оны ээлжит сонгуулиас хойш нийт найман удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурсаар ирсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны “Сонгогчийн зан төлөвийн судалгаа"-нд оролцогчид сонгуульд оролцоогүй шалтгаанаа газар зүйн байршлаас хамааралтай холбож хариулсан зэрэг нь энэхүү хуулийн төслийг санаачлах үндэслэл болсон гэв.
Тиймээс 250 орчим мянган сонгуулийн насны иргэнд эрхээ эдлэх боломжоор хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, урьдчилан санал өгөх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг таван өдөр болгох зохицуулалтыг тусгажээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2024 оны парламентын сонгуулиас өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.

























