НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар "Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Аутизмын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, есөн ажил хийхээр төлөвлөсөн.
Өнөөдөр Монголын Аутизмын холбооноос Монгол Улс дахь аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж гүйцэтгэснээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарт танилцууллаа.
Энэхүү судалгаагаар аутизмтай хүүхэд, насанд хүрэгчид болон тэдний гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлохын зэрэгцээ аутизмын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагын түвшнийг үнэллээ.
Мөн судалгааны үр дүн нь цаашдын бодлого боловсруулах, мэдлэгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний хөгжлийн чиглэлийг тодорхойлох, олон нийтийн хандлагыг чиглүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд ашиглах үндсэн мэдээллийн эх сурвалж болох ач холбогдолтой юм.


Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

























