“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж буй юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн саналаар хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

























