Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэл бага хурал болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хорооноос хуралтай холбоотой бүх талын мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх зорилгоор МОНЦАМЭ агентлагийг түшиглэсэн MEDIA CENTER өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус мэдээллийн төвөөр дамжуулан долоо хоног бүрийн тогтсон өдөр, цагуудад СОР17 хуралтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх бөгөөд энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн 197 улсын төлөөллийг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна.

Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбарын манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой юм.

Бэлтгэл ажлын явц өнөөдрийн байдлаар 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 4,500 гаруй гадаадын төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

Мөн хурлын үеэр өндөр дээд түвшний уулзалтууд, сайд нарын хэлэлцүүлэг, Business4Land, Fashion4Land зэрэг олон улсын тусгай арга хэмжээ, Ногоон бүсийн олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, газрын доройтолтой тэмцэх бодлого, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.

КОП17 нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын байгаль орчны бодлого, нүүдлийн соёл иргэншил, газрын тогтвортой менежментийн туршлагыг дэлхийд таниулах, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой талаар холбогдох албаны төлөөлөл мэдээлэл өглөө гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан