Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ер нь сонгуульд саналаа өгье байз

Сүүлийн хэдэн жил ямар ч сонгуульд саналаа өгч амжихгүй л яваад байгаа юм байна, хө. Өнгөрсөн удаа гэхэд л манай гэрийнхэн бүгдээрээ л өгөөгүй юмдаг. Бид дор бүрий дээ л... ийм ажилтай байсан юм. Бас ч гэж хүндэтгэх шалтгаан гэмээр юм уу даа.

Би. За би яахав. Амралтын өдөр байсан болохоор өнөө л зах дээрээ гарч хэд гурван төгрөг олсон нь дээр гэж бодоод, өнөө л зардаг хэдэн оймс энэ тэрээ аваад гарчихсан байсан болохоор  саналаа өгөөгүй. Ядаж байхад татварынхан татвараа тушаа гээд, мөнгөгүй байсан болохоор амралтын өдөр хэд гурван төгрөгийн орлого орчих байх гээд л тэр л дээ.

Гэтэл миний өгөх гээд зүтгээд байсан тэр татварыг чинь Татварын байгууллагынхан бүр бүгдээрээ нийлээд цөлмөөд идээд байдаг юм гэв үү. Бүр заримынх нь гэрт, насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр хэдэн тэрбумаар төгрөг эргэлдэж байдаг юм гэх шив. Үгүй ер миний өгөөд байдаг татварыг тэд идээд байдаг байна шүү.

Тэр идэж уугчдаас салахын тулд энэ жил ер нь саналаа өгөх нь дээр  юм байна хө.
Эхнэр. Хөөрхий дөө тэр багш хүн болохоор амралтын мөнгөө авахын тулд ангиа засуулах гээд бас саналаа өгөөгүй юм аа. Ангиа засч угааж тушаасан багшийн а амралтын нь мөнгийг олгоно гээд захирал нь шаардаад байхаар сонгуулийн өдөр ангийнхаа шал, ширээг угаагаад зогсч байсан юм. 

Одоо бодоод байхад тэгэж зүтгээд байхад өнөөх боловсролын салбарт төрөөс өгч байсан мөнгийг сайд нь идээд л хэдэн арван дансаар дамжуулаад угааж байдаг юм байна шүү дээ. Тэгээд бас хэн хүнээс мөнгө нэхээд, шинэ сургуулийг ашиглалтад авахгүй суудаг сайд гэнэ. Манай авгай ангидаа 45 хүүхдийг гурав гурваар нь суулгачихаад дунд нь хоолойгоо сөөтөл хашгирч байхад шүү дээ. Ийм сайдаас салахын тулд энэ жил авгайгаа санал өг хэмээн хөөж явуулна аа хө.

Охин: Тэр яахав залуу амьтан, хүүхэд төрүүлсэн ухаантай. Өнөөх нь ханиад томуу эргүүлээд болох биш. Тэгээд яахав дээ, цэвэр агаарт гаргах нь дээр гээд яг сонгууль болох үеэр ойрхон зуур хөдөө явчихсан байсан юм аа. Сонгууль өгнө гэхээр цаг алдах гээд болдоггүй, тэгээд нөхөртэйгээ охинтойгоо гурвуул хар өглөөгүүр яваад өгсөн юм.

Гэтэл  хөөрхий зээг минь эрүүл саруул байлгах Эрүүл мэндийн салбарын мөнгөнөөс өнөөх сайд нь идэж уугаад нууц хүүхдийнхээ гэрт хэдэн зуун саяар нь хадгалж байдаг юм гэх шив дээ. Бидний эрүүл мэндийн төлөө зарах мөнгөөр тэр яамныхан нь гадаадынхны хог дээр хаяж байсан машин авчраад хулхидаж суудаг юм гэв үү. Ийм луйварчдаас салахын тулд энэ жил охин хүргэн хоёроороо заавал санал өгүүлэх юм шүү.

Том хүү. Зайлуул даа, тэр гэж мөнгө олох санаатай хаа байгаа Дорнодод. Дачин ч гэнэ үү, Тамсаг ч гэл үү нэг газар нойр хоолгүй мөлхөж байгаа амьтан. Нэг их мөнгө олоод л орон сууц машин авчих гэж мөрөөдсөн хүн, өндөр цалинтай гээд тйиш явсан юм.  Тэгээд яахав дээ, ээлжтэй байсан гээд мөн л сонгуульд саналаа өгөөгүй.

Тэгэхнээ манай улсын Газрын тосны газрын дарга Амарсайхан гэнэ үү. Өнөөх нефтийн чинь мөнгийг хэдэн арван саяар нь гадаадын данс руу шилжүүлээд идэж суудаг юм гэх шив дээ. Манай хүү цалин нэг л олигтой биш байна гээд үглээд байдаг. Гэтэл тэр луйварчин хамаг мөнгийг нь хувьдаа идээд байдаг бол яаж цалин нь нэмэгдэх билээ дээ. Түүнээс салахын тулд том хүүгээрээ санал өгүүлэлгүй болохгүй нь ээ.

Хүү: Тэр маань бас хүндэтгэх шалтгаантай байсан юм аа. Зайлуул залуу юм болохоороо найз нартайгаа нийлээд Бээжин орчихоод ирье гээд онгоцны билет авчихаж. Тэгээд бүтэн сайн өдрийн өглөө нисчихсэн юм. Урд өдөр нь явна гээд юун урьдчилсан санал өгөхтэй мантай.

Гэтэл юу гэнэв ээ хө. Тэр МИАТ-ынхан чинь Дайны эрсдэлийн даатгал нэрээр хэдэн арван тэрбум төгрөг луйвардаж аваад гадаад руу шилжүүлсэн гэнэ үү. Авгай хүүхэд, нууц амрагийн нь дансанд тэрбум тэрбумаараа төгрөг хадгалаатай байдаг ч гэх шиг. Аягүй бол тэр цуснууд чинь гадаадын даатгалаас их мөнгө авахын тулд  онгоцоо зориуд унагаж ч мэдэх хүмүүс байж шүү.
Ийм булай луйварчдаас салахын тулд энэ жил хүүгээрээ заавал сонгуулийн санал өгүүлэх юм шүү, хө.

......Нээрээ бодоод байхад сүүлийн хэдэн ч сонгуулиар манайхан ийм “хүндэтгэх шалтгаанаар” санал өгөөгүй юм бэ дээ. За яана л гээ биз, сайндаа л дөрөв таван хүн гээд л бодоод байсан. Ямар бидний саналаар дутав гэдэг байж. Тэгээд бодоод байсан чинь айл бүр, хүн бүгд ингэж бодоод хойш суугаад байх хооронд энэ авлигачид чинь бүр толгойгоо өндийлгөөд хэсэг, хороон даргаас өгссөөр байгаад бүр сайд, УИХ-ын гишүүн нь хүртэл авлигач болчихсон байна шүү.
Больё та минь. Ерөөсөө больё. Тэнд нэг хүн, хөөрхий Элбэгдорж, энд нэг хэдэн хүн, Засгийн газар тэр авлигатай чинь тэмцье гээд байхад “хүндэтгэх шалтгаан” гээд хойш нь татаж, доош нь малтаад яах юм. Ганцаас газар дүүрдэг юм гэдэг.
Би, бид энэ жил гэрээрээ саналаа өгнө өө, хө. Гэрийнхнийгээ цөмийг нь дагуулж очоод саналаа өгөх юм шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан