Өнгөрсөн долоодугаар сараас хойш Монгол Улсад шатахуун хомсдож, иргэн хонон өнжин дугаарлаж байж шатахуунаа авч байсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард асуудал хэсэг гайгүй болсон ч дахин хомсдож эхлээд байгаа юм.
Мөн шатахууны үнэ байн байн нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд энгийн АИ-92 шатахуун 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөг болсон байна.
Энэ талаар АҮЭБЯ-наас мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ын сайд Б.Мөнхтамир "Дэлхий нийт дайн, тогтворгүй байдалтай холбоотойгоор шатахууны хомсдолтой тулаад байна. Энэ нь Монгол Улсыг ч тойрсонгүй. Аравдугаар сард 78 мянган тонн шатахуун авахаар ААН-үүд гэрээлээд байгаа. ОХУ-аас тогтвортой байдлын гэрээгээр шатахуунаа авдаг гурван жилийн гэрээтэй байсан. Гэвч дайнаас үүдэж, ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртсөн гэх шалтгаанаар шатахууны үнэ өсөж, нийлүүлэлт багассан байдалтай байна.
Энэ сарын нийлүүлэлтээс 190 доллараар шатахууны үнэ өссөн байна. Тиймээс ААН-үүд ч мөн шатахууны үнээ өнөөдрөөс нэмсэн байна. Тиймээс шуурхай штаб зарим зохицуулалтыг хийсэн. Бид нэн түрүүнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох ёстой. Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз улсуудтай хэлцлүүд хийгдэж байна.
Өнөөдрөөс ААН-үүд шатахуунаа 500-550 төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь ОХУ-аас авдаг шатахууны үнэ өссөнтэй холбоотой. Тиймээс энэ нь үндэслэлтэй эсэхийг шалгахыг Монополын эсрэг газарт үүрэгдсэн" гэлээ.
























