Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд: Үндсэн хуулийнхаа хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг бий болгож баталгаажуулсаар байна

Монгол Улсын нийт иргэд ээ,
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийт иргэд, Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдэд баярын мэнд дэвшүүлье.

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ялалт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчлөх бодит нөхцөлийг бүрдүүлсэн.
Үүний дагуу 1990 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатуудыг сонгох сонгууль явуулж, анх удаа ардчилсан зарчмаар Ардын Их Хурлын 430 депутатыг сонгож, Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулсан түүхтэй.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах нь Ар­дын Их Хурал, Улсын Бага Хур­лын эрхэм зорилго байсан. Энэ зорилтоо хэрэг­жүүлэ­хийн тулд ард түмнээсээ өргөн санал авч Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, Ардын Их Хурлаар 76 хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан.
1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмыг тодорхойлж өгсөнөөрөө түүхэн ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд 2000 онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгох, Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудал мэтгэлцээний байдалтай байна.
Үүнтэй холбогдуулан 2011 онд Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргасан.
Энэ хуулийн дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.

Үндсэн хууль бол хэзээ ч гар хүрч болохгүй дархлагдсан хууль биш.
Нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох эрх Улсын Их Хуралд байгаа.
Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шинжлэх ухааны судалгаанд үндэслэж, улс төрийн намуудын зөвшилцөл, ард иргэдийн өргөн оролцоонд тулгуурлан ул суурьтай шийдэх ёстой.
Та бид өнгөрсөн 22 жилд алдаж, оносон хэдий ч шинэ Үнд­сэн хуулийнхаа хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг бий болгож баталгаажуулсаар байна. Үүний нэгэн баталгаа гэвэл өнгөрсөн хугацаанд УИХ-ын болон орон нутгийн зургаа дахь удаагийн, Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө.

Энэ бол монголчууд бид ардчиллын зарчимд сурал­цаж өөрийн итгэл үнэмшлээрээ сонгуульд оролцдог болж байгаагийн бодит илэрхийлэл.
Цаашид Ардчиллын үнэт зүйлсийг улам баталгаажуулж улс нь улс шиг хөгжсөн, хүн ард нь хүн шиг амьдарсан тийм нийгмийн харилцааг эх орондоо цогцлоон бүтээх нь Та бидний эрхэм зорилт болж байна.
Хөх Монголын эрэлхэг ард түмэн эв эеийг эрхэмлэн, эрдэм оюуны хүчээр энэ эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна.
Та бүхэнд дахин баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улс минь мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

2014.01.13


0 Сэтгэгдэл
САНАЛ 100 % ШҮҮ
Хамгийн их уншсан