Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийн этгээдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх төслийг дэмжлээ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. 

2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгад оролцогчдын дийлэнх нь хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай гэжээ. Одоогийн хуулиар хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, найман шат дамжлагаар дамжин, тав хоног зарцуулж байгаа аж. 2008 оны байдлаар 44,464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол 2013 онд 93,733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийдэг гэнэ. Мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр уг бүртгэлийг хийж, энэ тогтолцоог шинэчлэх шаардлага гарч байгааг хуралдаанд Хуульзүйн сайд танилцуулсан юм.

Төслийн шинэчилсэн найруулгад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэхийг тусгажээ. Мөн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүрт­гэл болон хувийн хэрэг хөт­лөх, лавлагаа олгох гэх мэт­чилэн асуудлыг багтаасан байна.

Бүртгэлийн цахим мэдээл­лийн сүлжээ /онлайн хэлбэр/-г нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, бүртгэлийн болон бусад өргөдөл гаргах, өргөдлийн шийдвэрлэлтийн явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авдаг болохоор шинэчлэн найруулжээ. Ингэснээр хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Уг асуудалд гишүүдээс ямар нэг асуулт, санал гараагүй учир олонхийн саналаар хэлэл­цэхээр дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар болов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан