Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПАРЛАМЕНТАД СУУДАЛГҮЙ НАМУУД НЭГ ЗАВИНД СУУЖ ЧАДАХ УУ
Монголын Ногоон намаас зохион байгуулсан улс төрийн намуудын ээлжит уулзалт өчигдөр боллоо. Парламентаар удахгүй хэлэлцэх гэж буй Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд саналаа тусгуулахаар тэд ийн зөвлөлдөж байгаа билээ. Энэхүү ээлжит уулзалтын зарыг 15 намд хүргүүлсэн ч тал орчим нь хүрэлцэн ирсэн юм. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн жил байгуулжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, бие даагчид, Ерөнхийлөгчийн тамгын газрын судлаачид нийлсэн 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Төсөл бичих, боловсруулах дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа учир бэлэн болсоны дараа төслөө намуудад хүргүүлж, санал авна гэлээ. Сүүлийн үед улс төрийн намуудын анхаарлыг татаж, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах болсон эдгээрийн хуулийн төслүүдэд тэд ямар санал оруулж, тусгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

Байр суурь, үзэл бодол, саналууд

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч уулзалтыг удирдаж, улс төрийн намууд хуулийн төсөлд өгөх саналуудаа эхлээд танилцуулав. Монголын Консерватив намын хувьд үндэсний эрх ашгийг дээдэлж, үүнийгээ хуульд заавал тусгах ёстой гэж үзэж. Намууд бодлогоор уралддаг учир үзэл баримтлалаа тодорхой гаргаж өгөхгүй бол болохгүй. Үзэл баримтлал ижил байвал улс төрийн намуудыг бүртгэж авахгүй байх хэрэгтэй гэсэн санал гаргав. Мөн хүн нэг л намын гишүүнчлэлтэй байх ёстой гэхэд олон намд гишүүн байх нь харин ч зүйтэй гэж зарим улс төрийн хүчний төлөөлөл багагүй маргалдсан юм. МНН нэгээс олон намын гишүүнчлэлтэй байх нь Үндсэн хууль зөрчихгүй учир байж болох юм гэв. Харин МКН нэг л үзэл баримтлал байх ёстой гэсэн байр сууриндаа бат зогсоно хэмээсэн бол Иргэний хөдөлгөөний нам заавал бүгдийг үзэл баримтлалаар нь бүртгэж болохгүй гэлээ. Парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай яриа байгааг дурдаад заавал УИХ-д суудалтай байх албагүй. Сонгуульд оролцохгүй байж болно гэж хэлж байлаа.  
Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Улс төрийн намууд гишүүнчлэлгүй байх нь зөв. Төв аппаратын ажилтнууд нь бүртгэлтэй байхад л болно. Намууд үзэл баримтлалаа сонгогчдод сурталчлаад санал авдаг байх нь чухал. Бүх намын гишүүн байж болно гэж хутгаад хэрэггүй. Хэдэн удаа сонгуульд нэр дэвшүүлэх нь намуудын дотоод асуудал.  Харин нэг хүн УИХ-д гурваас илүү удаа гишүүн болж суух нь утгагүй. Гурван парламент бол юм хийх хугацаа мөн шүү дээ. Бараг музейд тавигдахаар болсон Лүндээжанцан, Гончигдорж гэх мэтчлэн олон парламентад сууж байгаа хүмүүс одоо болих хэрэгтэй. Тэтгэвэртээ гарах цаг нь болсон. УИХ-ын байгуулсан ажлын хэсэг өөрсдөдөө таалагдахаар хуулиа баталчихна.
Сонгуу­лийн хяналтыг олон нийтэд өгөх нь зөв. Намууд татварын мөнгөнөөс санхүүжих хэрэг­гүй. Намуудын санхүүжилтийг хуулиар хориглох хэрэгтэй шүү” гэлээ.
Социал демократ намын дэд дарга Б.Энхзаяа “Төрийн албан хаагчдын намын харьяаллыг түдгэлзүүлж болно гэж хуульд заасан. Үүнийг нь түдгэлзүүлнэ гэж оруулах нь зөв. Торгуулийн асуудлыг албан тушаалтанд биш намд нь тохож, хэмжээг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Саналын хуудсын хяналтын тооллогыг улс төрийн намууд хийдэг байх хэрэгтэй. Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо тэр хэсэг гэж нэрлэхгүйгээр санамсаргүйгээр сонгох ёстой. Үүнийг хуульд хатуу тусгаж өгөх нь зөв. Намууд өмнөх сонгуулиар эвсэл болж оролцоход Д.Энхбат УИХ-ын гишүүн болсон. Гэтэл эвсэлдээ тайлангаа тавиагүй парламентад суудалтай намуудад өгдөг төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарсан энэ асуудалд ч бас анхаарах нь зөв” гэж ярив.
Эх орончдын нэгдсэн нам “Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл гэж нуухыг авах гээд нүдийг нь сохолчих вий. МАН, АН л үлдэх хууль болчих вий дээ. Сонгуулийн хар машиныг хэрэглэсээр байх юм бол бусад бүх нам татан буугдана. Санхүүжилтээ намууд төрөөс авч болохгүй. Төрөөс мөнгө авах юм бол намуудын нэр хүнд угаасаа унасан байгаа өнөө үед бүр ч шалдаа бууна. Сонгуулийн сурталчилгааны ижил нөхцөл улс төрийн намуудад өгөх ёстой” хэмээлээ.
Энэ үеэр улс төрийн намууд ингэж нэгдэж хуралдах нь зүйтэй, дуу хоолойгоо нийлүүлж хүргэе гэсэн санал гарсан ч бодит байдал дээрээ тийм ч амархан эвлэлдэхээр харагдсангүй. Нэгнийхээ үгийг сонсох тэвчээр тэдэнд байхгүйгээс эхлээд зохион байгуулалтад орж чадахааргүй дур зоргоороо хэсэг ярьцгаав. Зохион байгуулалт нь нэг л цэгцгүй, хаанаас хэн төлөөлж ирээд ямар санал хэлээд байгаа нь тодорхойгүй, учраа олохгүй будилсан байдал л ажиглагдсан юм. Хэдийгээр хэд хэдэн удаа ингэж уулзаж байгаа гэх боловч өдий болтол бусдынхаа үгийг таслаж ярих, үл хүндэтгэх байдалтай уулзалдсаар ирсэн болов уу гэмээр байдал тэнд өрнөв. Улс төрийн намуудын тухай хуулийг парламентад суудалтай намууд өөрсдөдөө ашигтайгаар боловсруулж, батлах гээд байна гэсэн хардалт байгаа ч өөр хоорондоо ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх цаг хугацаа шаардлагатайг нь харуулсан тод жишээ боллоо.  

Улс төрийн намын тухай хуулийн төслийг гуравдугаар сард намуудад хүргэнэ

УИХ-ын ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн С.Баярцогт хурлын дундуур ирж, мэдээлэл өгөв. 2013 оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг долдугаар сард нь улс төрийн намуудад албан бичгээр ханджээ. Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд санал авахаар хоёр ч удаа хандсан боловч Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намаас л хариу ирсэн гэнэ. Зарим намын төлөөлөл ийм бичиг огт ирээгүй гэж хэлж байгаа харагдав. Анхнаасаа хуулийн төслийг хоёр тусдаа боловсруулахаар яригдаж байсан ч эхлээд Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн найруулахаар болж. Ингэхдээ үзэл баримтлал, гишүүнчлэл, санхүүжилт гэсэн хэд хэдэн чухал чиглэл тус бүрээр авч үзжээ. Юуны өмнө намууд мөрийн хөтөлбөртөө заасан зорилтдоо чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байхыг чухалчилж. Гишүүнчлэлийг хатуу, сул, гишүүнчлэлгүй гэсэн хувилбараар ярьж, тодорхой саналууд ч нэлээд ирсэн байна. Удаан хугацаанд судлаад гишүүнчлэлгүй нам гэж байхгүй хэмээн үзээд сул гишүүнчлэлтэй байхаар тогтжээ. Бүх гишүүдээсээ татвар авдаггүй байдаг олон улсын жишиг байсныг ч мөн харгалзан үзэх гэнэ.
Санхүүжилтийн хувьд үйл ажиллагааны, сонгуулийн, бодлогын гэж хуваажээ. Улс төрийн намууд санхүүгийнхээ 70 орчим хувийг зөвхөн сонгуульд зарцуулж байгаа тул энэ зардлыг багасгах санал гарсан байна. Бодлогын хувьд улс төрийн сан байгуулж, зөвхөн дотооддоо санхүүжүүлэлт хийх талаар яригдаж буй гэлээ. Намын бэлгэдэл бүхий жижиг бүтээгдэхүүн зарж, борлуулах гэх мэтээр өөрсдөө орлого олдог байх ёстой гэсэн юм. Санхүүжилтийнхээ дийлэнх хувийг төсвөөс авдаг жишигт шилжиж, өөрсдөө орлого олдог болох хэрэгтэйг хуулийн төсөлд тусгахаар болж. Төсвөөс санхүүжих, орлогоосоо мөнгө төвлөрүүлэхийг адил тэнцүү байдлаар шийдэх ёстой гэж ажлын хэсэг үзэж байгаа юм. Цаашдаа сул гишүүнчлэлтэй байхаар тусгах юм бол гишүүдээсээ татвар авдаггүй, өндөр албан тушаалтнууд нь л төлөх гэнэ. Улс төрийн намууд үл хөдлөх хөрөнгөгүй байх зарчим баримталж байгааг ажлын хэсгийн ахлагч хэллээ. Гэхдээ энэ асуудалд ажлын хэсгийн гишүүд санал нэгдээгүй учир дараа нь авч хэлэлцэхээр түр хойш тавьсан гэж тайлбарлав.
Намуудын дүрмийг боловсруулах нэг загвар бий болгож, түүнийгээ дагаж мөрдөх аж. Харин бүртгэлийг Улсын дээд шүүхээс авч, бие даасан байгууллага байгуулж, эргэн хариуцлага тооцдог болох, хяналт тавих, татан буулгах гээд бүх асуудлаа хариуцуулах эрхийг өгөх гэнэ. Ажлын дэд хэсэг хуулийн төслөө боловсруулж дуусаад гуравдугаар сард бэлэн болгох юм байна. Үүний дараа төслийг бүх улс төрийн намд өгч, санал авч, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Үл хөдлөх хөрөнгөгүй байх асуудалд ажлын хэсэгт багтсан улс төрийн намууд ялангуяа АН, МАН ямар байр суурьтай байгааг Монголын Уламжлалын нэгдсэн намаас сонирхов. Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт ямар нэг намын байр суурь илэрхийлэхгүй, төсөл эцсийн байдлаар бэлэн болоогүй байхад ярьж болохгүй хэмээв. Нийтдээ таван удаа хуралдсан ажлын хэсгийнхэн санхүүжилтийг сууриа болгон хуулийн төслөө боловсруулахаар болсныг тэрээр дуулгалаа. БНН-ын дарга Б.Жаргалсайхан намуудын өмчгүй болгох саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, ижил гараанаас намууд хөдлөх хэрэгтэй гэсэн юм. ИХН-ын дарга Ж.Занаа намын гишүүн байснаараа ямар нэг албан тушаалд очдог жишгийг халж, хариуцлагыг чангаруулах саналтайгаа хэлэв.

Тэгвэл...

1990 онд анх батлагдсан Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд шинэчлэн найруулснаас хойш “гар хүрээгүй” юм байна. Тиймээс энэ удаад шинэчлэн найруулахаар ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаж буй аж.
Улсын дээд шүүхэд бүтгэлтэй 22 нам байгаагаас төсөлд санал авч, боловсруулахдаа түүнийг нь тусгаж, парламентаар хэлэлцүүлэхийн өмнө ажын хэсгээс намуудтай дахин уулзах гэнэ.
 Тэгэхээр одоогийн нөхцөл байдалдаа нийцүүлсэн цоо шинэ хууль эрхзүйн орчинтой болохын тулд намууд тэр дундаа парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдэд нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэх нь юу юунаас илүү чухал. Харин тэд ингэж нэгдэж чадах уу гэдэг асуулт болон үлдэж байна.

Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан