Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.АЛТАНГЭРЭЛ: САЛБАРЫНХАА УДИРДЛАГУУДЫГ СОЛИОД БУЖИГНУУЛААД БАЙГАА ЮМ АЛГА
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийг “Төрийн хүн” буландаа урьж, ярилцлаа.

-Соёл, спорт, аялал жуулч­лалын яамны 2014 оны зорилтоос яриагаа эхлэх нь зөв болов уу?

-Өмнө нь, соёлын асуудал Боловролын яаманд, биеийн тамир спорт нь  Эрүүл мэндийн яаманд, аялал жуулчлал Байгаль орчны яаманд харьяалагддаг байлаа. Энэ салбаруудаа нэгтгэж яам байгуулснаар ССАЖ-ынхаа нэг дээвэр дор бодлогоо тодорхойлох болсон. Ер нь, нэг айлыг төвхөнүүлнэ гэдэг хэцүү шүү дээ. Олон талаас цуглуулсан мэргэжилтнүүдийнхээ, ажиллах нөхцөл байдлыг хангах, ширээ сандлаас эхлээд л эмхэлж цэгцлэх ажлыг 2013 онд хийлээ. Үүнтэйгээ зэрэгцээд салбарынхаа бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн шинэчлэлийг хийх, хөтөлбөрүүд дээрээ ажиллах, стандартуудаа шинэчлэн тогтоох гээд олон ажилд төвлөрлөө. Бид салбарынхаа эрхзүйн орчин, стандарт, хөтөлбөрүүдтэй холбоотой бичиг баримтын асуудлыг эхний улиралд багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2013 онд боловсруулсан хуулиудаа УИХ-аар эцэслэн батлуулна.
-Шинээр бүрдсэн яамны хувьд хууль эрхзүйн асуудлаа гол сууриа болгож байгаа гэхээр эхлээд юуг хэрхэн, яаж, хуульчилж тусгах нь чухал байх?
-Одоо бол Соёлын өвийн хууль УИХ-д анхны хэлэлцүүлэгт ороод байгаа. Нэлээн том шинэчлэл хийсэн хууль болно гэж үзэж байгаа юм. 2013 онд соёлын өвийн чиглэлээр дорвитойхон ажил хийлээ. Одоо хууль эрхзүйн орчноо бүрдүүлж аваад төгс төгөлдөр болгоно. Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулга үндсэндээ дуусч байгаа учир УИХ-ын хаврын чуулган эхлэхээр өргөн барина. Салбарын маань суурь болсон Соёлын хуулийн шинэчилсэн найруулгад нухацтай ажиллаж байгаа. Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд үндсэндээ дууслаа. Гурван салбарынхаа гурван үндсэн хуулийг шинэчлэн боловруулаад УИХ-д өргөн барихад бэлэн боллоо.
-Спортын салбарт нэг том асуудал байдаг нь барилга, байгууламж. Үүнийг шийдэх чиглэлээр ажиллаж байна уу?  
-Тамирчдынхаа амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг яам санаачилж хийх юм. Тамирчид маань одоо өөрсдийнхөө авьяас, хөдөлмөрийн хүчинд л амжилт гаргаж байна шүү дээ. 1950-иад онд Спортын төв ордонг барьсан. Сүүлд Хятадын тусламжтайгаар Яармагт спортын цогцолбор баригдсан. Үндсэндээ үүнээс өөрөөр спортын барилга байгууламж барьсангүй. Тиймээс хүн ам хамгийн их төвлөрсөн дүүргүүддээ эхний ээлжинд спорт цогцолбор барихаар зорьж байна. Аймгуудад ч мөн энэ ажлыг эхлүүлэх зорилт тавилаа. Сонгинохайрхан дүүрэгт усан бассейнтай спорт цогцолбор ашиглалтад орох гэж байна. Налайх, Баянзүрх дүүргийн спорт цогцолборын хөрөнгө мөнгийг шийдээд, тендер зарлаж, компаниуд нь гэрээгээ байгуулсан. 2015 оны намар гэхэд ашиглалтад оруулах ёстой. 2014 оны хөрөнгө оруулалтад Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэгт спорт цогцолбор барих мөнгө нь шийдэгдсэн болохоор энэ жил ажил нь эхэлнэ. Нийслэлийн дүүргүүддээ орчин үеийн шаардлага хангасан бэлтгэлийн талбайтай, спортын том танхимтай, хурлын заалтай, усан бассейнтай цогцолборыг 2015 он гэхэд барьж дуусгана. Тамирчдынхаа бэлтгэл хийх болон нийт ард иргэдийг нийтийн биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжоор хангаад өгвөл дэлхийн болоод олимпын төвшинд амжилт гаргах боломжтой гэж үзэж байна.  Дархан-Уулд спорт цогцолбор барьж эхэлсэн, ажил ч эрчимтэй яваа. Дарханы спорт цогцолборт шигшээ багийнхаа бэлтгэлийг хангаж, олон улсын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулаад эхэлбэл орон нутаг ч дагаад хөгжнө шүү дээ.
-Спорт цогцолбор гэснээс Спортын төв ордны барилгын ашиглалтын хугацаа дууссан, нураах ёстой, оронд нь өөр барилга барих нь, газрыг нь авах гэлээ гэх мэтээр нэг хэсэг л шуугьсан. Спортын ордны асуудлыг цаашдаа хэрхэн шийдэхээр болж байна вэ?
-Спортын төв ордны барилгыг шинээр барина. Эдийн засгийн хөгжлийн яамтай энэ талаар ярьж байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгийн асуудлыг шийдүүлээд 2013 онд зураг төслийг нь хийлгэсэн. Орчин үеийн шаардлагад нийцсэн зураг төсөл хийлгэсэн л дээ. Одоогийн газар дээр нь шинээр спорт цогцолбор барихаар төлөвлөсөн. Ер нь, олон талаас нь бодох ёстой юм билээ. Жишээлбэл, маш олон төрлийн спортынхон энд бэлтгэл, сургуулилтаа хийдэг. Тэмцээн уралдаанууд ч олон төрлөөр байнга зохион байгуулагддаг. Цаашдаа хотын төвлөрөл, авто машины зогсоол гэх мэтчлэн асуудал урган гарна. Бусад орны хувьд хотын зах руугаа спорт цогцолбороо байгуулдаг юм билээ. Нөгөө талаас төр дангаараа ийм том барилга барьж байгуулах хөрөнгө гаргах хүндрэлтэй шүү дээ. Олон улсын жишигт концессын гэрээгээр, төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр бүтээн байгуулалт хийдэг. Бид хөрөнгөө гаргаад спортын төв ордонгоо барья гээд маш олон санал гаргадаг. Барилгыг ямар байдлаар баривал хурдан хугацаанд, стандартын дагуу, төрд дарамт учруулахгүй вэ, тамирчдад тав тухтай байх зэрэг олон талын асуудлыг харж байж шийднэ. Мэргэжлийн хяналтын газраас ашиглаж болохгүй гэсэн гэсэн дүгнэлт гарчихсан барилга шүү дээ. Спортын төв ордон,  Үндэсний түүхийн музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан гэж дүгнэсэн. Тиймээс 2013 онд бид хөөцөлдөж байж Спортын төв ордон, Үндэсний түүхий музейн барилгын зураг төсвийг хийлгэж авлаа.
-Олон улсын чанартай тэмцээн уралдаан Монголд зохион байгуулахад яамны зүгээс ямар дэмжлэг энэ онд үзүүлэх бол. Ер нь, манай улсад олон улсын чанартай спортын хэдэн тэмцээн уралдаан болохоор төлөвлөгдсөн бэ?
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээн бол “Чингис хаан Гранпри” жүдо бөхийн тэмцээн. Энэ тэмцээн уламжлал ёсоор зохион байгуулагдана. Засгийн газрын тогтоолтой олон улсын зургаан тэмцээн манай улсад болно. Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэтчлэн байгаа. Ер нь манай улсад зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд бид арай өөр бодлого барья гэж бодож байна.
-Өөр бодлого гэхээр?
-Ний нуугүй хэлэхэд манайх дэлхийн болон тив, бүсийн чанартай тэмцээнүүдийг зохион байгуулах эрх авахдаа “гүйлгээгүй бараа”-г л авч байна. Тухайн улс орондоо орлого оруулдаг, мөнгөний урсгалыг бий болгодог тэмцээн манайд зохиогддоггүй. Тамирчдынхаа оролцох зардал, унаа, тэрэг, байрлах буудал, хамтарсан бэлтгэлээ даагаад явдаг, эдийн засагт нь нааштай нөлөөлдөг тэмцээнүүд бий. Манайх бол улсаас мөнгө авч тэмцээн зохион байгуулдаг. Тамирчдынх нь зардал мөнгө, хоол унаа зэргийг улсын төсвөөс гаргах жишээтэй. Тэгэхээр ийм байдлаас татгалзах чиглэл рүү явахгүй бол болохгүй нь. Монгол Улс цөөхөн хүн амтайн дээр спортын бүх төрлөөр амжилт гаргана гэж байхгүй шүү дээ. Монгол хүний бие бялдар, оюун санаа, цаг уурын онцлогийг харгалзаад амжилт гаргах топ төрлүүдээ төр бодлогоор дэмжих ёстой. Тэр бодлогоороо тодорхойлсон топ төрлүүдийн тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах эрхийг авч байх ёстой гэсэн үг. Спортын холбоодтойгоо хамтраад өргөн хүрээний хэлэлцүүлэг энэ талаар зохион байгуулна.
-Зөвхөн спортын холбоод гэлтгүй салбарын яамны хувьд олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцохоор явж байгаа тамирчдаа хэр харж үзэж, дэмжих бодлоготой байгаа вэ?
-Ер нь спортын холбоод нь өөрсдөө зохион байгуулдаг юм. Гэхдээ яам бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Энэ жилийн хувьд санхүүжилт жаахан хүнд байна. Өөрсдийнхөө боломжийн хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа. Жишээлбэл, өвлийн олимпод оролцсон тамирчдын хувцасны асуудлыг шийдэх, зарим бэлтгэлт сургуулилтад дэмжлэг үзүүлэх, олимпын болон дэлхийн аваргын оноо цуглуулах тэмцээнд оролцоход замын болон хоол хүнсний зардалд дэмжлэг үзүүлэхэд, анхаарал хандууллаа. Тухайн жилдээ сайн ажилласан спортын холбоодоо бид урамшуулах, улсын аваргын тэмцээнд нь дэмжлэг үзүүлж байна.
-Аялал жуулчлалыг төрөлжүүлнэ гэж яриад байгаа. Ер нь энэ чиглэлд бодлогоо хэрхэн тодорхойлсон бол?
-Бид тусгай сонирхлын аялал жуулчлалыг түлхүү анхаарч байна. Аялал жуулчлалын маршрутыг тогтоож, жуулчдад таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа. 2-3 газарт зарим асуудлыг нь төлөвлөөд хөрөнгө оруулалтаа шийдсэн. Замын дагуух боловсон бие засах газар, амрах, түр буудаллах цэгүүд, хогийн сав байрлуулна. Мөн жуулчид голдуу очдог Эрдэнэзуу, Төвхөн, Орхоны хөндий чиглэлийн дэд бүтцийг нэлээн сайжруулж, угтах орчныг таатай болгоход нэлээн анхаарч ажиллаж байна. Төвхөн хийдийн угтах орчныг олон улсын стандартад нийцүүлэх хэмжээнд болгоно. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь шийдээд орон нутагт нь шилжүүлсэн.
Ерөнхий сайд аялал жуулчлалын асуудалд анхаарал хандуулж, том ажлын хэсэг байгуулсан юм. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар нөхцөл бүрдүүлэх вэ гэдгийг тодорхой болгож танилцуулах үүрэг ажлын хэсэгт өгсөн. Хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж боловсруулж байгаа. Энэ хүрээнд визийг хөнгөвчлөх асуудлыг Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна. Бид хил дээрээ виз дардаад оруулдаг зарчимд шилжих ёстой. Манайд ихэвчлэн ирдэг орны жуулчдыг визийн хөнгөлөлтөд хамруулахаар төлөвлөсөн. Онгоцны нислэг, тийзийн тарифыг хөнгөвчлөх асуудал хөндөгдсөн. Энэ долоо хоногт Зам тээврийн яам, МИАТ-ийнхэнтэй энэ чиглэлээр уулзаж, ярилцана. Ингээд бид саналуудаа Ерөнхий сайдад танилцуулах юм.
-Саналуудаа гаргаад өгөхөөр ямар ч байсан нэг тодорхой чиглэл гарах нь ээ?

-Уулын аялал сонирхдог жуулчин байлаа гэхэд тодорхой хэмжээний төлбөр төлөөд аялж, авирдаг. Манайх бол Алтай Таван богд гэх мэт ууланд очлоо гэхэд зүгээр л авирчихаад яваад өгдөг. Бид харин жуулчдын аюулгүй байдлыг нь хэрхэн хангах гэдгээс эхлээд нэлээд тодорхой зүйлүүд хийж байна. Юуны өмнө эрхзүйн орныг бүрдүүлэх нь чухал гэж үзсэн. Үүнээс гадна жил бүр зохион байгуулдаг Берлиний ITB гэдэг үзэсгэлэнд 2015 онд Монгол Улс түншлэгчээр оролцохоор болсон. Түншлэгч гэхээрээ гол зохион байгуулагч орон болоод явчихаж байгаа хэрэг л дээ. Тэр үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах үүрэг хүлээнэ. Засгийн газраас төлбөр мөнгийг нь шийдээд, ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Гуравдугаар сарын 2-нд энэ оны олон улсын үзэсгэлэн яармаг Мексикт болно. Энэ жилийн яармагийг хэрхэн зохион байгуулж байгааг очиж, судлахаар явах гэж байгаа. 2015 онд түншлэгч орноор энэ том үзэсгэлэнд оролцоно гэдэг манай улсыг дэлхий нийтэд сурталчлах том боломжийг бий болгож байгаа юм.     
-Соёлын өвийн тухай хууль парламентын хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ хуулийг баталснаар байдал хэрхэн өөрчлөгдөх юм бэ?
-Соёлын өвөө дахиж баталгаажуулж, бүртгүүлэх, энэ чиглэлээр сурталчах, соёлын өв, өв тээгчдээ дахиж тодруулахад энэ хууль нэлээн том алхам болно. 2014 онд Соёлын өвийн тухай хууль батлагдан гарвал их том өөрчлөлтүүд хийхээр төлөвлөсөн. Орон нутагт гэрээт харуулууд ажиллаж эхлэхээс авахуулаад түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах төвийг шинээр байгуулна. Түүх, соёлын дурсгалт зүйлсээ сэргээн засварлахад Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа өгсөн.
-Соёлын өвийг сэргээн засварлах гэдэг чамгүй хөрөнгө мөнгө, чадвар шаарддаг ажил?
-Соёлын өвийг сэргээн засварлана гэдэг зүгээр нэг барилга байшин засахтай адил биш шүү дээ. Заавал мэргэжлийн байгууллага, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй, сэргээн засварлахаар мэргэшсэн хүмүүс хийдэг. Шанхын хийдийг сэргээн засварлаж, баганыг нь босголоо гэхэд дөрвөн жил хатаасан найман метрийн урттай тусгай мод хэрэгтэй болж байх жишээтэй. Тусгай технологиор тэр модыг үйлдвэрлэнэ гэсэн үг. Маш нарийн зүйл байдаг юм. Түүх, соёлын зүйлсээ үнэгүйдүүлээд байгаагийн нэг шалтгаан нь засварлаж байна гээд хятад будгаар жирийн байшин засч байгаа юм шиг буддагт л байгаа. Тэгэхээр түүх соёлын дурсгалт зүйлсээ хадгалах, хамгаалах, сурталчлах, хуучин байдлаар нь авч үлдэхэд хууль эрхзүйн хувьд ч бусад талаас нь маш сайн анхаарна.
Үүнээс гадна мэргэжлийн соёл урлагийн байгууллагаа өөд нь татахад мэдээж анхаарч байна. Нийт төрийн байгууллагын ажилтан албан хаагчдаас соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал хамгийн муу нь байдаг. Багш, эмч нар ажил хаяад л цалин тэтгэвэр нэмэгдүүл гэдэг. Харин манай салбарынхан чимээгүй байдаг ч гэсэн энэ асуудлыг орхигдуулж болохгүй гэж үзэж байгаа. Асуудал ч тавина. Салбартаа хийж байгаа том бодлого ажил маань энэ.
-Түүх, соёлын дурсгалыг хамгаалах ажил тун тааруу гэдэг. Хамгаалах ажлыг хүртээмжтэй байдлаар хийж чадах болов уу?
-Соёлын өвийн хуулийг яагаад шинэчилсэн найруулга болгож оруулсан бэ гэхээр олон нөхцөл байдал нөлөөлсөн юм. 2001 онд хууль анх батлагдаж байхад нөхцөл байдал ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн нь чухал. Соёлын өвийг хэн хамгаалж, яаж сэргээн засварлахыг энд тусгаж байгаа. Хил дамнаж гарч байгаа соёлын өвийг яаж цэгцэлж, хамгаалах вэ , уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хэрхэн шийдэх юм бэ гээд бүгдийг нь оруулсан. Уул уурхайн компани лиценз авлаа гэхэд эхлээд өөрийн зардлаар археологийн малтлага хийж, тогтоох ёстой. Түүх, соёлын дурсгалт зүйлс байх юм бол авран хамгаалсны дараа уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгох юм. Энэ мэтчлэн чухал асуудлуудыг хуульдаа оруулж байгаа.
-2013 онд хөөцөлдөж байж Спортын төв ордон, Үндэсний түүхий музейн барилгын зураг төсвийг хийлгэж авлаа гэж түрүүн ярилаа. Музейтэй холбоотой шүүхийн асуудал жил дамначихлаа. Лениний музейг хэзээ суллуулах вэ?
-Хуулийн процесс нь ерөнхий шүүгчээр хянагддаг юм билээ. Тэр бас тодорхой хугацаатай л даа. Тэр хугацаа нь одоо үргэлжилж байна. Шүүхээс албадан чөлөөлүүлэх шийдвэрийг гаргуулсан. Албадан чөлөөлүүлээд Лениний музейг эргүүлэн авах юм бол Үлэг гүрвэлийн төв музейгээ байгуулна гээд 2014 онд төсөвт засвар хийх, үзмэр дэглэлт хийх тодорхой хэмжээний хөрөнгийг тусгуулаад авчихсан байгаа л даа. Музейн байшинг суллах л юм бол бид ажилдаа ороход бэлэн.
Ер нь, музей гэснээс манай яам байгуулагдсанаас хойш энэ чиглэлд нэлээн том шинэчлэл хийсэн шүү дээ. Археологийн музейн скиз зургийн уралдааныг зарлаад бэлэн болгочихсон. Өнөөдөр /өчигдөр/ хотын дарга Бат-Үүлтэй ярилцаад газрын асуудлаа шийдэх гэж байна. Палентологийн музейн концепцыг боловсруулчихсан. Монголд байх ёстой бүх музейн концепцыг боловсруулаад дууссан. Зураг төсвийг боловсруулах ажил эхлээд зарим нь бэлэн болоод байж байна. Музей гэдэг тухайн улсынхаа түүх, соёл олон нийтэд таниулж, хадгалж, хамгаалж, сурталчилж байдаг учир үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Тийм газар нь яг хаана байх юм гэдэг асуудлыг бид ярьсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад танилцуулсан. Улаанбаатар хотын удирдлагуудад мөн танилцуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг эмжих байдлаар гол музейнүүдээ байгуулъя гэж төлөвлөсөн. Хэрвээ тэнд бид музейгээ байгуулчих юм бол цэцэрлэгт хүрээлэнд амарч, зугаалж яваа хүмүүс үзэх сонирхох гээд олон талын ач холбогдолтой. Бидний энэ саналыг нийслэлийн удирдлагууд дэмжих байх. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээ байгаа газар талбайн зураглалаа өгсөн. Эцсийн байдлаар шийдэх юм бол зураг төслөө хийгээд музей байгуулах ажилдаа орно.
-Өнгөрсөн хугацаанд Тар­базавр Батаарыг Монголд авч ирснээс хойш танай яамыг Батаарын яам, үүнээс өөр ажил хийгээгүй гэдэг шүүмжлэлийг хүмүүс нэлээн хэлдэг?
-Ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх их дуртай болчихож.
Дэмжиж, баяр хүргэж, урам өгөхөөсөө илүү шүүмжилдэг. Нийгмийн сэтгэхүй бас нэг тийм байх шиг. Монголыг дэлхий нийтэд таниулахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Батаараар дамжуулаад Монгол гэдэг ийм улс юм байна. Долоон сая жилийн өмнө амьдарч байсан амьтан гээд дэлхийд танигдаад байна гэхээр Монгол руу ирэх урсгалыг бий болгож чадаж байгаа юм. Батаарыг авчиртал нь дуулиан шуугиан болгосны хүчинд Монголын ард түмэн ч, дэлхий нийт ч гэсэн их сонирхлоо. Зарим нь зүгээр нэг яс гээд байгаа. Яс биш шүү дээ. Соёлын асар том өв байхгүй юу. Долоон сая жилийн өмнө газар нутаг дээр нь ийм амьтан амьдарч байсан улс орон бараг л байхгүй. Тэгэхээр ингэж сурталчлахгүй яах юм. Харин сурталчилснаараа их том үүрэг гүйцэтгэсэн. Гадаадад хулгайгаар гарчихсан, үзэсгэлэнд дэлгэгдээд эргэж ирээгүй олон үзвэрийг удахгүй авч ирнэ.
-Ингэхэд Батаартай хамт хил давуулсан үзмэ­рүүдийг хэзээ авч ирэх вэ?
-Удахгүй ирнэ. Бид үндсэндээ шийдчихсэн. Гол нь тавих музейгээ бэлэн болгочихсон байх хэрэгтэй байдаг. Ганц нэг биш 10-20-иороо ирнэ. Тэр үзмэрүүдээрээ музей байгуулаад дэлхийд сурталчлахаар Монгол руу жуулчид урсана шүү дээ.
-Өнгөрсөн жил Батаарыг үзэхээр жуулчдын тоо хэр нэмэгдсэн бол. Ямар нэг судалгаа гарсан болов уу?
-Ер нь, жуулчид гэдгийг бид үүргэвчтэй гадаад хүнээр харж, ойлгож, төсөөлөөд байна. Аялал жуулчлалын салбарт гарч байгаа сайн үзүүлэлтийн нэг бол манай дотоодын жуулчдын тоо асар их нэмэгдсэн. Монгол хүн гадагшаа явъя гэхээс илүү монгол орноо танин мэдэж, аялж, үзэж харъя гэсэн сэтгэхүйтэй болчихсон. Тиймээс ч үүнийг манай яам илүү өдөөж, аялал жуулчлалд анхаарна. Эхлээд Монголдоо аялаад, сайхан байгальтай газруудаа үзэх юм бол гадаадаас ирэх жуулчдыг тоолоод суух шаардлагагүй. Аяллын орчин нөхцөлийг маш сайн сайжруулж өгөх нь л чухал байна. Монгол орноороо бахархаад ирэхээр аливааг муу муухайгаар төсөөлж хардаг буруу хэвшлийг нь арилгаад өгнө. Манай салбарын үүрэг асар их. Монголыг сурталчлах гээд гадаадын том хэвлэлүүдтэй гэрээ хийж, олон сая ам.доллар зарцуулж болно. Гэхдээ монгол хүн олимпын аварга болоод хэдхэн минут дэвжээн дээрээ зогсоход их хэмжээний мөнгө зарж сурталчилгаа явуулснаас ч илүү дэлхий нийтэд танигддаг. Монголын соёл гэдэг дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ хандуулах чухал зүйл. Яваандаа соёл, спорт, аялал жуулчлал Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гол салбар болно. Бид эдгээрийг бодлогоор анхаарч, хөгжүүлж чадах юм бол Монголыг хөгжүүлэх их чухал салбар болно.               
-Сайнаас гадна саар зүйл дуулдаж байна л даа. Соёлын салбартай холбоотой санал гомдол сүүлийн үед сонсогдох боллоо. Дуурийн театрын даргын өөрчилснөөс болоод тэнд халаа сэлгээ газар авлаа. Улс төрийн шинжтэй байдал урлагийн байгууллагад гаргаад байна гэх юм?
-Харин ч манай салбар хөдөлгөөн хийгээгүй шүү. Улс төржилт яваагүй ганц салбар шүү дээ. Дуурийн театраас өөр байгууллагад дарга солигдоогүй. Драмын театр, Үндэсний дуу бүжгийн чуулгын дарга хэвээрээ байгаа. Хүүхэлдэйн театрт ч удирдлага нь хэвээрээ байж л байна. Нийтийн номын сангийн захирал өөрөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн. Өөрөөр бид салбарынхаа удирдлагуудыг солиод бужигнуулаад байгаа юм алга.
-ССАЖЯ-нд Дорнодын баахан хүмүүсийг ажилд авлаа гэсэн шүүмжлэл бас бий?
-Би нэг л зүйл хэлж байгаа. Шалгах ёстой газар нь шалгаад тогтоочих ёстой. Үнэхээр Алтангэрэл буруу үйл ажиллагаа явуулсан байна үүнийгээ зас гэх юм бол засаад явна. Таны хувьд хууль зөрчсөн зүйл алга гэвэл цаашдаа үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ. Нэг хүн ажлаа буруу хийгээд, эсвэл буруу зүйл хийснээрээ халагддаг, шалгалтдаа уначи­хаараа хэвлэл мэдээл­лийнхнийг цуглуулаад ямар ч баримт нотолгоогүй зүйл ярьчихдаг. Гэтэл үүнд нь ямар ч хариуцлага тооцдоггүй. Өнөөгийн нийгэмд ийм зовлонтой байдал бий шүү дээ. Тэгэхээр шалгадаг байгууллага нь шалгаад дуусахаар ийм байна гэдгээ эргээд мэдээлнэ.

Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан