Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хандах зүггүй, халдахад ”нээлттэй” ногоон нам

Монголд нийт улс төрийн 21 нам улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байдгийн дотор уншигч таны нэрийг нь сонсоогүй нам таарахыг үгүйсгэх аргагүй. Ер нь, парламентад суудалтай, эрх баригч цөөхөн намыг л “танихаас” бусад нь байгаа үгүй нь бараг мэдэгддэггүй. Тэд сонгуультай жил идэвхжиж, гурван жил нь “унтдаг” билээ. Гэвч тэдний дунд ууганд тооцогдох, энд тэнд сураг нь дуулддаг нам бол Монголын ногоон нам. Хэвлэлийн бага хурал, экологийн төлөөх цуглаанд О.Бум-Ялагч ганцаараа намаа төлөөлж алгасалгүй оролцдог нь “Бид байгаа шүү” гэж олон нийтэд сануулах нэгэн хэлбэр. Хамгийн сүүлийн жишээ гэвэл уржигдар О.Бум-Ялагч дарга Төрийн ордны хашааны үүдэнд фэйсбүүкийн “No Nuke” хөдөлгөөний залуусын дунд тугаа барин зогсч байв. Өчигдөр түүхийн үнэн байдлыг нэхэн шаардаж МАН-ын хэвлэлийн бага хуралд оролцож явлаа. Тодруулбал, Чингисийн талбайгаас Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх болсныг эсэргүүцэж, түүхийг түүх чигээр нь үлдээхийг уриалав. Тэд “Энэ бол зөвхөн хөшөө дурсгалын асуудал бус үүний цаана Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөө бий” хэмээлээ.
Түүний даргалж буй намын түүхийг үзвэл цэцгэнд төөрсөн эрвээхий мэт сэтгэгдэл төрнө. Ардчиллын үрээр олон нам гарахад анхдагчуудын нэг болж, тус нам 3000 гишүүнтэй мэндэлжээ.

Гэвч өнөөдөр О.Бум-Ялагч хүртэл нам доторх бужигнаан 2007 онд намын их хурлаар танигдсан гэдэг. Тэр үед 115 гишүүн чуулж Д.Энхбатыг даргаар сонгожээ. Улмаар Д.Энхбат УИХ-ын гишүүнээр сонгогдож, тус нам парламентад суудалтай болж. Гэвч түүнийг мөн л их хурлын шийдвэр, гишүүдийн саналын тоогоор хөөж орхисон. Учир нь, намынхаа гишүүдийг дорд үзсэн, Иргэний зориг намтай нэгдэх шийдвэр гаргасан нь буруудах үндэс болсон билээ. Ногоон үзэл баримтлалтай, шударга ёсыг дээдэлсэн, бие даасан, хараат бус нам Иргэний зориг намтай нэгдэх болсон нь дээрх шаардлагаа хангахгүй байсны илрэл гэж болно. Гэвч Монголын ногоон намаараа үлдэнэ гэж “зөрүүдлэх”, нэгдлийг эсэргүүцэх 30 гаруй хүн тэмцэл хийж байв. Тухайн үед МНН-д албан ёсны бүртгэлтэй 523 гишүүн байсан гэдэг. Харин хуульд зааснаар улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд 801-ээс цөөнгүй гишүүний овог нэр, бүртгэлийн баримт шаардагддаг. Дээрх заалтаар шалгуур хийвэл 20 гаруй жил оршин тогтносон МНН үзэл баримтлалаа дагаж, үйл ажиллагаа явуулах бололцоогүй болсон хэрэг.

Улс төрийн хоёр субьект эвцэлдэж Иргэний зориг ногоон нам үүсэх тэр өдөр ч сонирхолтой явдал тохиосон. Хоёр намын их хурал нэг өдөр дараалан зохион байгуулагдаж, 314 гишүүнээс 96.6 хувийн дэмжлэгтэй буюу дуу нэгтэйгээр нэгдэхийг зөвшөөрсөн гэх. Үүний дараа Монголын ногоон намын 230 гишүүн тусдаа Онц их хурал зарлан хэлэлцээд Д.Энхбатыг хөөж, тусдаа нам хэвээр үлдсэн. Гэвч тухайн үеийн дарга Д.Басандорж хөөгдсөн даргаасаа тамга тэмдгээ авч чадахгүй хэсэг будилаантаж явжээ. Дараагийн их хурлаараа гишүүд нь өнөөгийн дарга О.Бум-Ялагчийг тэргүүнээр сонгосон юм. Кино шиг өрнөсөн энэ асуудлын ард хуваагдаж гүйцсэн ногоон нам чухам яаж үйл ажиллагаагаа явуулж байгааг таамаглахад бэрх. Цөөн ч атугай гишүүнийхээ итгэлийг хүлээсэн О.Бум-Ялагч ганцаараа ч хамаагүй намынхаа нэрийг зарлах учиртай гэж сэтгэсэн бололтой. Нэг хэсэг тус намыг цаанаас нь МАХН-ын дарга Н.Энхбаяр удирддаг гэх шум тарсан. Хэдэн жилийн өмнө Ж.Батзандан, О.Магнай нарын Иргэний намтай нэгдэж, эвсэл байгуулахаар ярьж байсныг ч мэдэх юм. Харин одоо Монгол ардын намтай хошуу нийлүүлж Д.Сүхбаатарын хөшөөг харамлаж явна. Ийнхүү хандсан тал руугаа хальтарчих гээд байгаа нь бие даасан байдал нь алдагдаж, намын бодлого чиглэл ч тодорхойгүй болсныг хангалттай илтгэх үзүүлэлт.

Үүний мөрөөр ганцаараа на­маа “ажиллуулдаг” гэж шүүмж­лэх хүн ч цөөнгүй. Мон­голын ногоон үзэлтэй ир­гэдийн бус ганц хүний нам болж гэцгээнэ. Бусад орны ногоон намаас хандив, тусламж дэмжлэг өгснийг тэр ганцаараа захиран зарцуулдаг, хилийн чанад дахь хурал зөвлөгөөнд явдаг гэж хардацгаана. Үнэний араас олон жил ажилласан нам байж одоо хүчирхэгжих цаг болсон баймаар гэж гишүүдээс шахаж шаардах нь ч цөөнгүй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан