Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон хархтай усан онгоц живэхгүй гээд яалтай
Улс гүрэн гэдэг нэгэн төрлийн усан онгоц юм уу даа. Ахмад сайтай онгоц айх аюулгүй аялан явж амжилтад хүрдэг шиг л.....Улс дотроо намууд ч гэсэндээ бас өөр өөрийн ахмадтай хөлөг онгоц л гэсэн үг.

Хүчтэй салхи шуурга, халуун хүйтэн зэрэгтэй тэмцэлдэн тэнгис далайгаар аялах усан онгоцыг харах үнэхээр бахтай. Усан онгоц болгонд ахмад гэж байх, багийн гишүүд усан цэргүүд гэж байх. Тэгээд ахмад нь алсын хараатай багийн усан цэргүүд нь хариуцлагатай, үнэнч байвал усан онгоц ямар ч шуургыг даваад гараад ирнэ.
Гэтэл харх гэдэг амьтад усан онгоцон дээр яаж ийгээд шургалан орж ирээд амьдарчихсан байдаг. Харх угаасаа паразит амьтан болохоор биеэ зовоолгүй, дулаан газар, багийн хоол унднаас хумслан гэдэс цатгалан амьдрахаас өөр юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй. Үүнээс гадна  усан цэргүүд дунд элдэв халдварт өвчин тараадаг гэмтэй. Усан онгоц бүрэн бүтэн байн уу үгүй юу тэдэнд ер падгүй. Тиймээс ч онгоц энд тэндээ цоороод ус алдаж живэх болоод ирэхээр аврах гэж сүүлээ ч хөдөлгөлгүйгээр хамгийн түрүүнд орхин аюулгүй газар руу эсвэл өөр нэг усан онгоцыг зорин амиа бодон сэлцгээдэг.
Харин усан онгоц элдэв осол гэмтэлгүйгээр баян тансаг боомтод хүрвэл хархнууд амаа олохгүй уралдан иднэ дээ.
Яг үүнийг харуулсан нэг кино байдагсан.  
Энэ кинонд ийм явдал гардаг юм. Нэлээд хуучны, сүртэй нэртэй нэгэн усан онгоц хоёр ахмадтай болчихоод, онгоцныхоо  нэрийг өөрчлөхөөс үүдэн  маргалдана. Усан онгоцонд хоёр ахмадтай байна гэдэг сүүл үгүй, хоёр үзүүртээ хоёр толгойтой могой л гэсэн үг. Тиймээс, аль ахмадыг дагахаа усан цэргүүд нь шийдэхээр боллоо.
Гэтэл анхнаасаа ахмад нь багтаа усан цэрэг элсүүлэхдээ чадварыг нь бус харин өмсдөг эрээн цамцных нь гоёыг харж элсүүлснээс болоод хархнуудынх нь тоо бодит ажил хийдэг, хариуцлагатай усан цэргийн тооноос хэд дахин олон болчихсон байж. Ингээд усан цэргүүд яахаа мэдэхгүй байх зуур хоёр ахмад тал тал тийш зүтгүүлсээр хоёр жижиг завь болоод бутарчихлаа.
Нөгөө олон хархнууд аль завин дээр очихоо мэдэхгүй баахан сандралдав. Тэгэж тэгэж нэг жижиг завь нь шуурга давалгаанаас хамгаалсан, нар ээсэн боломжийн боомт олоод өөр нэг том усан онгоцны бөөрөнд наалдаад зангуугаа хаялаа.  
Хархнууд нь бүгд тийш чиглэн хурдан гэгч сэлэх юм. Тэр бүү хэл уг нь хариуцлагтай гэгдэж байсан зарим усан цэрэг хүртэл хархнаас халдварт өвчин авсан уу эсвэл эрээн цамцаараа харх гэдгээ далдалж байсан уу боомтод тухалсан завь руу хурдалж эхлэв.
Тэгтэл ямар ч сайн боомт хэдэн жил болоод л хүчтэй шуурганд өртдөг нь жам юм  болохоор нөгөө боомт шуурга, салхинд өртөөд хэцүүдлээ. Нөгөөд боомтод байсан том усан онгоцны усан цэргүүд нь илүү эвсэг, ахмад нь гайгүйн дээр ёроолыг нь нүхлэх харх цөөн  байсан бололтой живэхээс сэргийлсэн арга хэмжээг цаг тухайд нь авсаар тогтоод үлдэж байх юм.
Гэтэл нөгөө хоёр жижиг завь тун ч таагүй байдалд орчихов. Хамтраад шуургыг давж гаръя гэхэд ахмадууд нь жолоогоо булаацалдаад усан цэргүүд нь онгоцоо бага ч гэсэн тэнцвэртэй болгох гэж баруун зүүн тал руу ээлжлэн гүйлдээд бөөн л юм болов оо.
Харин хархнууд аминдаа, хоолондоо, хайртай болохоор шуурга эхэлмэгц л дуусахыг нь хүлээе, усан онгоцны төлөө харх боож үхдэгийн үлгэр болоод яах вэ таминь гээд эрэг рүү сэлэн гарч, нүхэн үүр малтаад тухалж орхилоо. Усан онгоцыг орхихдоо зүгээр байсангүй амь тэмцэхдээ ёроолыг нь энд тэнд цоолон мэрж бөөн юм болсон байв.
Шуурга удаан үргэлжилсэн болохоор олон хархтай, олон ахмадттай байсан хоёр завь тэсч гаралгүй живэх нь нь тэр. Онгоц нь тэнцвэргүй, дээр нь хархнууд ёроолыг нь энд тэндгүй нүхэлж орхисон. Ийм олон хархтай байсан завинууд живэхгүй гээд яалтай.
Харин эрэг дээр нүхэндээ тухлан шуургыг эсэн мэнд давж гарсан хархнууд давалгааг даван үлдсэн том усан онгоцыг шуналтай нүдээр харан шүлсээ залгилсаар үлдэж байх юм.
Мэдээж тэд нөгөө бүрэн бүтэн үлдсэн усан онгоцыг чиглэн сэлэх нь тодорхой. Харин энэ усан онгоцны ахмад, усан цэргүүд нь сэргийлэх арга хэмжээ авахгүй бол бас л таагүй юм болж ээлжит шуурганаар сүйрэх нь тодорхой л доо.

Энд гардаг хархнууд шиг увайгүй зантай улстөрчид сүүлийн үед манай улстөрд бараг хэвийн үзэгдэл болох  шахжээ. Өчигдөр дэмжиж байсан намынхаа бодлогыг гэв гэнэт өөрчлөөд өөр нам руу гүйж байгаа хүнийг үнэхээр улсаа хөгжүүлэхийн төлөө улс төрд хүчин зүтгэж байна гэж үзэхэд бэрх. Хаана албан тушаал, эрх мэдэл ба түүний дагасан их мөнгө байгаа газар руу дүрвэж байгаа тэднийг идэш хоол ихтэй, живээгүй хөөг онгоц руу хошуурч байгаа хархнуудтай зүйрлэмээр. Энэ улстөрчид “Мөнгө улаан нүд цагаан, сонгогчид тэнэг би ухаантай” гэсэн зарчим дагахаа хэзээ болих юм бол. Нэгэнтээ л олон намын тогтолцоотой улс болохоор улс орноо хөгжүүлэхийн тулд тэр олон намууд нь хүссэн хүсээгүй хамтран ажиллахаас өөр гарцгүй. Иймд улс төрийн намууд, ялангуяа эрх барьж байгаа нам, эвсэл энэ мэт хархнуудаас эгнээгээ цэвэрлэхгүй бол та бидний  ирээдүй бүрхэг болно. Өчигдөр намаа хаяад өөр намд  гүйн ирж байгаа хүн маргааш энэ намаа бас орхихгүй гэсэн баталгаа хаана байгаа юм бол.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан