Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОНОШИЛГООНЫ ТӨВД 20 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛБАЛ 200 САЯЫГ ХАДГАЛЖ БОЛНО
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчдэд нээлт­тэй 30 минут ярилцлаа.Уул­залтын эхэнд өмнөх “30 ми­нут” уулзалтаас хойш хийж амжуулсан ажлаа товч тайлагнав. Засгийн газрын гишүүд долоо хоногийн хугацаанд хөдөө орон нутагт түлхүү ажиллажээ. Н.Алтанхуяг сайд Орхон аймаг, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан талаараа   сэт­гүүлч­дэд мэдээллээ.  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлд­вэ­рийн хувьд гурван чухал ажил хийснийг онцлов. Хямд үнээр авах боломжтой зүйлийг өндөр үнээр авдаг бизнесийг таслан зогсоосны үр дүнд 38 тэрбум төгрөг хэмнэж, 130 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй агуулахын үлдэгдлийг 30 гаруй тэрбум төгрөгөөр багасгаж чадсан байна. Мөн дотоодод үйлдвэрлэж болох зүйлийг гадаадаас авахгүй гэсэн зарчим хэрэгжүүлж эхэлсэн нь зөв эхлэл болсон байна гэлээ. Түүнтэй хамт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчидтэй уулзаж, эдийн засагт үүсээд буй зарим асуудлаар мэдээлэл, тайлбар өгсөн юм. Тэрээр өнгөрсөн онд гадаад худалдааны гол бүтээгдхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ сул байсан нь Монголын эдийн засагт тохиолдсон хүндрэлийн нэг гэлээ. Оны эхэнд байсан нэг ам.доллартай харьцах 1700 төгрөгийн ханш  нь гадаад худалдаа тэнцвэржихэд бо­ломжтой ханш гэж манай мэр­гэжилтнүүд үзэж байгаа гэв.
Ингээд тэд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдалд тодорхой дүгнэлт өгөөч. Үнэхээр МАН-ын бүлгийн мэдэгдэж байгаа шиг эдийн засагт “улаан гэрэл” асчихсан юм уу?
Н.Золжаргал: -Сүүлийн гурван жилд Монголын эдийн засгийн гадаад худалдаа тогтмол алдагдалтай байлаа. Нэг сардаа 100-200 сая ам.долларын алдагдалтай явсан. Сүүлийн таван жилд гадаад худалдаа жилийнхээ дүнгээр үргэлж алдагдалтай гарч ирснийг мэдэх байх. Үүнийг нөхдөг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт байсан юм. Ийм байдал үргэлжилсээр 2013 онд манай худалдааны гол бүтээгдэхүүний үнэ нэлээд сул байлаа. Ялангуяа нүүрсний үнэ сул байсан шүү дээ. Энэ нь өөрөө Монголын эдийн засагт тохиолдсон гадаад нөхцөл байдлын нөлөө. Дотоод нөхцөл байдлаасаа ч шалтгаалсан олон зүйл бий. Тоймлоод хэлбэл гадаад худалдааны алдагдал их байсан. Экспортоо сайн дэмжээгүй. Зөвхөн алт тушаалт гэхэд л жилдээ гурван тонноор буурсан байсан юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны сүүл үеэс буурсан зэрэг нь ийнхүү эдийн засагт ачаалал өгсөн. Гэхдээ 2014 оны эхний хоёр сарын эдийн засгийн үзүүлэлтийг авч үзвэл нааштай мэдээлэл харагдсан. Жишээ нь, 2013 оны эхний хоёр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 214 сая ам.доллар байсан бол 2014 оны байдлаар 280 сая ам.доллар болж өмнөх жилийнхээс өссөн дүн гарлаа. Экспорт жаахан нэмэгдсэн байгаа. 2014 оны нэгдүгээр сарын худалдааны тэнцэл сүүлийн 30 сард байгаагүйгээр тэнцвэржсэн. Нэг үгээр хэлбэл Монгол улсын экспорт, импортын бараа ерөнхийдөө тэнцвэртэй болж ирлээ гэсэн үг. Одоо валютын орох урсгал маань өмнөх жилтэйгээ харьцуулахад нэмэгдсэн. Харин гарах урсгал багассан. Улирлын чанартай ханшийн хэлбэлзлийг тогт­воржуулахад Монголбанк оролцсоор ирсэн. Цаашид ханшийн тогтвортой байдлыг хамгаална.
-Валютын ханш 1783 төгрөг хүртэл өссөн шалт­гаан юу вэ. Засгийн га­зар оношийг нь тогтоож, буу­руу­лах чиглэлд ямар арга хэм­жээ авч байна вэ?
Н.Золжаргал: -Яваандаа нүүрсний экспорт сайжраад импорт багасаад худалдаа ашигтай болчихвол ханш чангарах тал руу орох байх. Алтны хувьд л гэхэд бодитойгоор бидэнд өсөлт харагдсан. Нүүрсний уналт буюу нүүрснээс алдаж байгаа зүйлийг нөхөх боломжтой болов уу. Жилдээ хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай явж ирсэн асуудлыг энэ оны эцэст тэнцвэртэй болгох зорилт тавьсан. Монголбанкны зүгээс төгрөгийн хүүгээ одоо байгаа үнээр нь тогтвортой байлгах бодлого баримталж байна.
Н.Алтанхуяг: -Валютын ханшийн өсөлтийг бууруу­лахад зөвхөн банк ажиллах ёстой юм биш л дээ. Аж ахуйн нэгж, иргэддээ хандаж хэлэхэд хэрэгтэй, хэрэггүй юм заавал гадаадаас авах шаардлагагүй. Нэн шаардлагатай зүйлээ л гаднаас авч, үзэм, чихэр мэтийн зүйлээ импортлох хэрэггүй гэж хэлмээр байна. Харин экспортолсон зүйлээ гадагш гаргая гэвэл Засгийн газар бүх талаар дэмжинэ шүү. Иймэрхүү маягаар экспортоо дэмжмээр байна. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэр  гэхэд л дотооддоо хийдэг юмыг авдаггүй заавал гадаадаас илүү үнээр авдаг байснаа зогсоосон. Тийм учраас дотооддоо үйлдвэрлэж байгаа нь өргөжин тэлэх, үйлдвэрлэлээ сайжруулах, гадаад руу экспортлоход Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэж ойлгоорой. Угаасаа Засгийн газрын энэ оны гол бодлого бол импорт орлох үйлдвэрлэлээ бүгдээрээ сонгон хэрэглэх зарчим.
Нөгөө талаас Монголдоо хамгийн томд тооцогдох бүсийн оношлогоо, эмчилгээ­ний төв байгуулах ажил тэнд үргэлжилж байна. Өнөөг хүртэл 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, одоо 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихвэл ажил дуусчих байх. Үйлдвэрийн удирдлагатай яриад ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой гэдгийг анхааруулсан. Тус оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орчихвол жил бүр иргэдийн гадагш гаргаж буй 150-200 сая ам.долларыг Монголд үлдээх боломж бүрдэнэ. Мэдээж орчин үеийн технологиор тоноглох учраас гарцаагүй шаардлагатай төхөөрөмжийг гадаадаас авч дотоодод үйлдвэрлэдэг, худалдаж авах шаардлагагүй зүйлийг бодож үзэх нь зөв.
-Өнөөдрийн байдлаар валютын нөөц ямар түвшинд байгаа вэ?
-Нийт 2.2 тэрбум ам.дол­лар. Энэ нөөцөд тул­гуур­лаж ам.долларын хан­шийг одоогийнхоос нэмэг­дүүлэхгүй байх бүх боломж бий.
-Үнэ тогтворжуулах хө­төлбөрийн хоёрдугаар үе шат эхлэх үү?
Н.Золжаргал: -Үнэ тогт­воржуулах хөтөлбөр гурван жилийн хугацаатай. Эхний жилийнх нь үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа. Ялангуяа бид зорьж байснаараа барааны үнийг тогтвортой барьж чадсан. 2013 онтой харьцуулахад 2014 оны инфляц хоёр хувиар буурсан байгаа. Оны сүүлчээр төлөвлөөгүй байсан өсөлт буюу эрчим хүч, боловсролын салбарын үнэ нэмэгдсэн. Үүнийг оруулахгүй тооцвол инфляц бараг есөн хувь руу орох статистик тоо гарсан. Тэгэхээр хөтөлбөрийн маань бодлого, зорилт ерөнхийдөө амжилттай хэрэгжсэн юм байна гэж үзэж болно.
-Төрийн албан хаагч­дын цалинг нэмэх гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй байгаа гэж хэлэх хүн байна. Энэ ажил хэзээ тодорхой болох вэ?
Н.Алтанхуяг: -Гурван талт хэлэлцээрийн дагуу цалингаа нэмэгдүүлнэ гэж тохирсон. Шинэ оны төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан байгаа. Хэзээ, хэдийг аль салбарын албан хаагчдад нэмэхээ удирдлагуудтай нь зөвшилцөж байгаад шийд­вэрлэх ёстой.
-Санхүүжилтийг нь цар­цаасан 200 гаруй объектын жагсаалтыг Зас­гийн газар хэзээ УИХ-д оруулж ирэх вэ?
-Царцаасан объектууд дээр Үндэсний аудитын газар шалгалт оруулж дүгнэлт гаргах учиртай. Дүгнэлт ирээгүй байна. Бид бараг 20 хоног нэхэж, шаардаж байгаа ч өгөхгүй явсаар өдий хүрсэн. Гэхдээ ирэх долоо хоногт аудитын байгууллага өөрсдөө хэвлэлийнхэнд мэдээлэл хийх ёстой гэдгийг Мөнхтөр даргаар дамжуулж, сануулъя.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ийм нөхцөлд танай Засгийн газар  хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн байдал, урд хөршийн эдийн засаг өнгөрсөн онд сайнгүй байсан. Ийм үед бид Монголбанктай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлснээр дотооддоо томоохон ажлаа хөдөлгөж эдийн засгийн өсөлтийг 11.7 хувьтай гаргаж чадсан шүү дээ.  Өнөө жил ч эдийн засаг мөн л адил сайнгүй байгаа юм. Гэсэн хэдий ч бид дотооддоо хэрэгжүүлэх ёстой арга хэмжээгээ орхихгүй байгаа. Дээр хэлсэнчлэн дотоодын үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлд энэ жил эрчимтэй ажиллана.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан