Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСВӨӨР ХЭРЭГЖИХ 272 АЖЛЫН “ЦАРЦСАН” ШАЛТГААНЫГ ОЛЛОО
Үндэсний аудитын газар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод томоохон ажлын тайлан гардуулав. 2014 оны төсвийн тухай хуульд тэг дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг нарийвчлан судлах зорилгоо тэд биелүүлсэн бололтой. Юутай ч Монгол Улсын 21 аймаг, 130 сум, нийслэлийн есөн дүүрэгт баригдаж буй барилга, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөлд дүгнэлт гаргажээ. Эдгээр төслийг энэ сард болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн төсөвт тодотгол оруулж, үргэлжлүүлэх төслийг сонгон батлах юм. Үүнээс наана парламентын Төсвийн байнгын хороогоор дүгнэлтэд тусгасан төслүүдийг хэлэлцэн, шүүх учиртай.
Үйл ажиллагааг зогсоогоод буй ажлуудыг салбараар нь авч үзвэл боловсролын салбарт хамгийн их ажил царцжээ. Тухайлбал, 51 сургуулийн, 52 цэцэрлэгийн, 17 дотуур байрны барилга байгаа юм. Үүний араас ССАЖЯ-нд харьяалагдах 21 соёлын төв, 20 спорт цогцолборын барилга орж. Судалгаанаас үзэхэд барилгын ажил нь гурваас зургаан жил үргэлжилж сунжирсан 47 обьект байгаа бөгөөд дээрх хоёр яамнаас гадна БХБЯ, ЭМЯ, ЗТЯ-нд харьяалагдаж буй нь ч бий.
Эдгээр төслийн 13 нь ямар нэгэн зураг төсөвгүйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад орж, батлагдсан байгаа нь ихээхэн анхаарал татна. Төсөвт тусгалгүй орхисон олон ажлын дотор хуульд нэр, байршил, хүчин чадал, ажлын тоо хэмжээг буруу тусгаснаас хэрэгжих боломжгүй болсон хэд хэдэн тохиолдол гарчээ. Жишээ нь, 150 хүүхдийн дотуур байрыг Хөвсгөлийн Цагааннуур суманд барих ёстой байтал Ханх сумаар бичсэн. Түүнчлэн аймгийн төв Мөрөнд гаальчдын найман айлын орон сууц барихаар хуульд тусгасан байхад обьект нь Ханх суманд баригдаж байж. Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг цэгийн барилгыг Өмнөговь аймагт төлөвлөсөн. Мөн Сэлэнгэ аймгийн авто замын шинэчлэл нэрээр энэ жил 500 сая төгрөг төлөвлөөд байгаа нь бодит байдал дээр хийгээд дууссан ажил дээр төсөвлөгдсөн байжээ.
Энэ мэтээр газрын зөвшөөрөлгүй, маргаантай, инженерийн шугам сүлжээ, техникийн нөхцөлийг шийдээгүй байж ажил эхэлсэн, хэрэгцээ шаардлагыг буруу тодорхойлж, ашиглалтын үеийн зардал, санхүүжилтийг тооцоогүй гээд олон шалтгаанаар цаашид ажил нь үргэлжлэх бололцоогүй төсөл байгаа юм. Гүйцэтгэгч талын санхүүгийн чадамж хийгээд хүний нөөц бололцоо, ажлын хариуцлага нь хангалтгүй байснаас Хэнтийн Биндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилгын сууринд ан цав гарсан тул зогсоожээ. Мөн “Нийслэл-Өргөө”, “Алтанбулаг Трейд”, “Бүтээл шинэ сонголт” компани тус бүр гурван ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь ажил цалгардуулах шалтгаан болж. Үүнээс гадна нэр бүхий 15 аж ахуйн нэгж тус бүр хоёр обьектод гэрээ байгуулж, нийт 36.4 тэрбум төгрөгийн төсөв тодорхойлуулжээ. Энэ бүхэн нь эргээд тендер шалгаруулах ажилд судалгаатай, ул суурьтай хандаагүй муу ажилласны илрэл. Тендер, сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу явуулаагүйгээс төсөв нэмэгдсэн тохиолдол цөөнгүй. Жишээ нь, ССАЖЯ-наас Гандантэгчилэн хийдийн өргөтгөл болох 1080 хүний суудалтай барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тухайн жилийн төсөвт батлагдсан дүнтэй уялдуулж таван удаа зарлажээ. Гэвч эцсийн дүнд анх батлагдсан төсөвт өртөг 5.2 дахин нэмэгдэж, 12.8 тэрбум төгрөг болсон байна. Захиалагч тал нь гэрээний биелэлт, хэрэгжилт болон барилгын ажил газар дээр хэрхэн явагдаж байгааг бодитоор үнэлж, хянаж чадаагүй нь ажил сунжрах нөхцөл болсон. Тухайлбал, 83 гүйцэтгэгч нэгж гэрээнд заасан хугацаандаа барилга, обьектоо хүлээлгэж өгөөгүй гэнэ. Тэдгээрийн 45 нь БШУ-ны сайдын багц, 15 нь Барилга, хот байгуулалтын сайдын багц, 13 нь ССАЖ-ын сайдын багцад туссан төсөл, арга хэмжээ байж. Түүнчлэн Барилга угсралтын ажлын явц, бодит гүйцэтгэл нь санхүүжилтийн хэмжээ, төлөвлөгөөтэй нийцэхгүй байгаа аж. Барилга байгууламжийн байршил, хийц, талбайн хэмжээнээс шалтгаалж төсөвт өртөг харилцан адилгүй байгааг дүгнэлтэд тусгажээ. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн үйл ажиллагаанд баримтлах чиг, хэм хэмжээ, стандарт үгүй байгаа юм. Жишээлбэл, цэцэрлэгийн барилгын хувьд нэгж талбайд ногдох төсөвт өртөг дунджаар 1.2 сая төгрөг боловч хамгийн бага өртөг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл 0.7 сая төгрөг байж. Хамгийн өндөр өртөг нь Сүхбаатар аймгийн Асгат сумын 100 ортой цэцэрлэгийн нэгж талбай 3.6 сая төгрөг хүрчээ. Төсөв нь царцсан 52 цэцэрлэгээс 20 нь дунджаас доогуур өртөгтэй баригдаж байгаа бол 17 нь дунджаас 02.-2.4 сая төгрөгөөр илүү дүнтэй төсөв тодорхойлсон байж.
Ажил гүйцэтгэж буй талуудаас гадна төрийн оролцоо ч төсөв царцаах шалтгаан болсныг аудитын тайланд тусгасан. Тодруулбал, 2012 онд Барилгын төсөв зохиох норм, норматив, барилгын үнэ бүрдэлтийн журмыг өөрчилж, шинэчлэн баталжээ. Улмаар барилгын төсвийн бүтэц дэх цалингийн зардал л гэхэд хоёр дахин нэмэгдсэн. Машин механизмын ашиглалтын зардал дөрөв дахин, холбогдох ашиг, нэмэгдэл зардал 3.8 дахин гээд барилгын төсөвт өртөг нийт дүнгээр 2012 оныхоос 40 гаруй хувиар өссөн аж.

Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан