Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Өлзийбаяр: Залуус зорилготой, оролдлоготой байж л сайхан амьдарна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч У.Өлзийбаяртай залуус юу хүсч, юунд тэмүүлж яваа талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өө­рий­гөө товчхон танил­цуул­на уу?
-Би 1988 онд Дундговь аймагт төрсөн. Гурван хүү­хэд­­тэй айлын том нь. Хоёр эмэгтэй дүүтэй. Аав маань цэргийн хүн. Ээж маань эх баригч эмч мэр­гэ­жилтэй. На­майг гурван нас­тай бай­хад манайх Улаан­баа­тар хо­тод шилжиж ирсэн. 2006 онд нийслэлийн Баян­зүрх дүүргийн 48 дугаар сур­гуу­лийг төгссөн. Дараа нь Улаан­­баатар дээд сургуулийн Бизнес удирдлага, марке­тин­гийн ангид элсч, суралцсан юм. 

-Хэзээнээс улс төр сонирхож, АН-тай хэрхэн холбогдов оо?
-2006 онд 10 жилийн сур­гуулиа төгсөөд гурван найз­тайгаа хамт МоАХ-ны Залуу­чуудын зөвлөлд орж ажилласан. Ингэж л анх улс төрийн ажилд оролцож эхэлсэн юм. Тухайн үед энэ зөвлөл нийгэм, залуучууд руу хандсан олон ажил зохион байгуулдаг байлаа. Залуучуудын зөвлөлд орж ажилласнаар ардчиллын үнэт зүйл, ардчилсан нийгмийн талаар тодорхой ойлголттой болсон. Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэм рүү тайван замаар шилжсэн хэдий ч, өнөөг хүртэл төгс ардчилалтай улс болж хараахан чадаагүй байгаа. Ардчилсан нийгмээ төлөвшүүлэн хөгжүүлэх үйл хэргийг АН-аар дамжуулж цогцлоох боломжтой гэсэн ойлголттой болсон. Тэгээд 2009 онд Баянзүрх дүүргийн АН-ын хорооны гишүүнээр сонгогдож, АН-тай холбогдсон.

-Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүр­­гийн АН-ын хорооны ги­шүүнээс өөр ямар сон­гуульт ажил хашдаг вэ?
-Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүн, Хяналтын салбар хорооны нарийн бичгийн дарга, “Иргэний засаг барилцах эрх мэдэл” ТББ-ын Удирдах зөв­лөлийн гишүүнээр ажил­ладаг.

-ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хороондоо өн­гөр­сөн хугацаанд ямар ажил хийсэн бэ. Цаашид ямар ажил хийхээр төлөв­лөж байна?
-Төлөөлөгчөөр сонгогдож байхдаа хороо, дүүргийнхээ төлөө маш их зүйлийг хийнэ гэж төлөвлөж байлаа. Гэвч юм болгон санаснаар болохгүй нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд зөөврийн худаг бариулсан. Энэ жил хорооныхоо Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэрэлтүүлэггүй гудамжуудад гэрэл тавиулах, хүүхдийн тоглоомын талбай бариулахаар төлөвлөсөн. Манайх хотын төвийн хороо байтал айлуудын цахилгаан байнга тасардаг. Тиймээс цахилгаан тасардаг хэсгүүдэд нэмэлт трансформатор байр­луу­ла­хаар холбогдох бай­гуул­лагуудад хандсан. Ер нь, энэ хороо дэд бүтцэд хамгийн түрүүнд холбогдох боломжтой. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамраг­даж байгаа учир гүйцэтгэгч компанийн сонгон шалга­руу­лалтад анхаарч ажиллаж байна.

-Аль нэг намд элсч, карьер хөөх нь залуу хүний сонголт мөн үү. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Залуу хүн намд элсч, карьер хөөх, олны танил лидер, улстөрч болох гэхээсээ илүү биеэ авч явах байдал, ёс суртахуун, амьдралаараа өөрийгөө нийгэмд таниулах нь чухал гэж боддог. Наанадаж амьдарч буй байрныхаа орц, хотынхоо гудамж талбайд хогоо хаяхгүй, эх орондоо эзэн нь юм шиг хандаж, амьдрах хэрэгтэй. Залуус маань хамгийн түрүүнд ийм төлөвшил, сэтгэлгээ, ёс суртахуунтай болсон цагт нийгэм аяндаа сайхан болно. Өөрийн гэсэн төлөвшлөө олсон тохиолдолд нийгмээ сайжруулъя, ард түмнээ бодъё гэвэл нам дагаж, улс төр хөөхөд болохгүй гэх газаргүй.

-Үлгэр дууриал авахыг хүс­дэг, хүндэлж явдаг улс­төрч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж, УИХ-ын гишүүн, ҮХХАА-н сайд Х.Баттулгыг нэр­лэнэ. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдсон бол Х.Баттулга Баянхонгор айм­гийн иргэдийн төлөөлөл, дуу хоолой болж гурав дахиа УИХ-ын гишүүнээр сон­гогдсон. Тэднийг эх орон, ард түмнийхээ төлөө их зүйлийг хийж, бүтээж, бүтээх гэж яваа сайн улстөрч гэж боддог.

-Сүүлийн үед зарим хүн залуусыг мэдлэг, ёс суртахууны доройтолд орсон гэж шүүмжлэх нь бий. Залуу хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Залуусыг бүгдийг нь ёс суртахууны доройтолтой гэж бодохгүй байна. Залуу нас бол амьдралын хамгийн хариуцлагатай, бас боломж дүүрэн үе. Ирээдүйд элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах эсэх нь залуу насандаа юу хийж, толгойгоо хэрхэн цэнэглэснээс шууд хамаарна. Залуу хүн хүсэл, мөрөөдөл, зорилготой байж, түүндээ үнэнч, тууштай байх ёстой. Миний бодлоор залуу хүн ямагт өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө бодитоор үнэлж, үеийнхэн дундаа хаана яваа, ямар сул талтайгаа мэдэх боломжтой.

-Залуус маань хүсэл мөрөөдөл, зорилгоо бие­лүү­лэх гэхээс илүүтэй өнөө, маргаашийн амьдрал, орон байр, хувцас хунар гээд ахуйн асуудалдаа илүү түүртээд явдаг юм шиг санагддаг.  
-Хүний л амьдрал юм хойно тийм зүйл байж л таарна. Залуу насандаа өөрөө бүхнийг бүтээх ёстой юм шиг санагддаг. Ажил хийхгүй, аав ээжийнхээ гарыг харж гэртээ зүгээр сууж, найзуудтайгаа нийлж наргиж цэнгэж яваад байвал тэр хүн хэзээ ч амьдралыг бүтээж чадахгүй. Оролдлоготой, зорилготой байж л сайхан амьдарна. 

-Өнөөгийн залууст тулгарч буй бэрхшээлийг юу гэж харж байна. Хэрхэн шийдвэрлэх гарцын тухайд саналаа хуваалцахгүй юү?
-Залууст тулгарч буй бэрхшээлтэй холбоотой жишээ олон. Наад зах нь, төрийн байгууллагууд их сургуулиа дөнгөж төгссөн залуусаас туршлага нэхдэг нь ойлгомжгүй. Үүнээс болж дээд боловсролтой ажил­гүй иргэдийн тоо залуу­саар нэмэгдэж байгаа нь харамсалтай. Үнэхээр иргэ­дээ ажилтай, орлоготой байл­гая гэвэл ядаж их сур­гууль төгссөн залуусыг тө­рийн байгууллагад ажилд орох гэж очиход өмнөөс нь “... туршлагатай байх” гэ­сэн шаардлага тавих ёс­гүй. Ажил хийе гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй хүн хэдхэн сар ажиллаад турш­лагаж­на. Тиймээс энэ асууд­лыг шийдвэрлэх гарц нь холбогдох хууль тогтоом­жуудад өөрчлөлт оруулах.
Их сургууль төгссөн залуусыг нийгэм маань хүлээж авахад бэлэн биш байна. Тухайлбал, яаж ажлын байртай, хэрхэн өөрийн гэсэн орон байртай болох вэ гэж толгойгоо гашилгадаг. Энэ мэт асуудлаас болж тэдэнд амьдрал хүнд санагдана. Дээрээс нь төгссөн сургуулийг нь чанартай, чанаргүй боловсрол олгосон гэж ялгаварлана. Залууст тулгарах асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд тэдэн рүү чиглэсэн төрөөс баримтлах нэгдсэн бодлого хэрэгтэй. 

-Чөлөөт цагаа хэр үр бүтээлтэй өнгөрүүлдэг вэ?
-Миний хувьд чөлөөт цаг бага гардаг учир аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ном унших, хөдөө явж салхинд гарах, гэрэл зураг дарах хоббитой.
 
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-ССАЖ-ын сайд Ц.Оюун­гэ­рэлийн нөхөртэйгөө хамт­ран бичсэн “Ногоон нүдэн лам” номыг уншиж дуусгалаа. Бо­дит амьдрал, түүхээс сэдэв­лэсэн Монголын түүхэнд хар толбо үлдээсэн 1937 оны их хэлмэгдүүлэлтийн ту­хай өгүүлсэн энэ ном өнөө үеийн залуус бидэнд олон зүйл мэдүүлж, мэдрүүлж, ойл­гуулах юм байна гэж бодсон.

-Ер нь, ямар төрөл жанрын ном зохиол уншдаг вэ?
-Түүхэн болон зөгнөлт ном унших дуртай. 
 
-Хэр мөрөөдөмтгий вэ?
-Мөрөөдөмтгий шүү. Залуу хүнийг хүсэл, мөрөөдөл чимдэг гэдэг биз дээ.

-Тэгвэл юу хүсч, мө­рөөдөж явдаг тухайгаа яриач. Тухайлбал, 20, 25 жилийн дараа чамайг аав, ээжийнхээ насанд очиход улс, нийслэлийн маань өнгө төрх, хөгжил ямар болсон байх бол?
-Мэдээж, хүсч, мөрөөддөг зүйл олон бий. Үүнийгээ одоохондоо хэлмээргүй бай­на. /Инээв/. Гэхдээ хүрэх боом­тоо мэдэхгүй бол далайд гарах хэрэггүй гэсэн үг байдаг. Хүн тэр тусмаа залуу хүн хүсэл мөрөөдөл, зорилготой байх ёстой. Гэгээн цагаан мөрөөдөл бол гэрэлт ирээдүй өөд замнах сэдэл, тэмүүллийг эрчилж өгдөг гэдэгт би итгэдэг. Одоогоос 25 жилийн өмнө ардчиллын хуй салхийг хэдхэн залуу дэгдээж, бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог өөрчилж чадсан шүү дээ. Залуу хүний зорилго, мөрөөдөл, эрч хүч юуг ч өөрчилж, юуг ч бүтээх чадалтайг бид энэхүү ардчиллын түүхээс харах боломжтой.
20, 25 жилийн дараах улс, нийслэлийнхээ өнгө төрхийг төсөөлж хэлье л дээ. Ямар ч байсан Монгол Улс маань уул уурхайгаас хараат бус эдийн засагтай, олимп зохион байгуулах хэмжээний хөгжилтэй улс болсон байна. Нийслэл дэх төвлөрөл саарч, Улаанбаатар хот утаагүй, эмх цэгцтэй, оршин суугчдынхаа эрүүл мэндэд аюулгүй, амгалан, эко хот болсон байна. Одоогийн гэр хорооллын 280 мянган айл бүгд орон сууцанд амьдарна. Ер нь, энэ мэтээр улс, нийслэлийнхээ ирээдүйн хөгжлийг сайн сайхнаар л төсөөлдөг.

-Өөртөө хэр итгэлтэй байдаг вэ?
-Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй. Хүн өөртөө итгэлтэй байж л аливаа бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрдэг. Нөгөөтэйгүүр юм болгоныг болохгүй, бүтэхгүй талаас нь харах биш, болгоно, бүтээнэ гэж зорих нь чухал. Өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй гэсэн үг.

-Нийгмийн сүлжээнд хэр цаг зарцуулж байна вэ. Сүүлийн үед залуучууд ихэнх цагаа Фэйсбүүк, Твиттерт зарцуулдаг боллоо гэсэн шүүмжлэл их гардаг болж. Ер нь, олон нийтийн сүлжээний талаар ямар бодлоо хуваалцаач?
-21 дүгээр зуун мэдээлэл, технологийн эрин үе гэдгийг дэлхий нийт харуулж байна. Нийгмийн сүлжээ ч хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болтлоо хөгжжээ. Үүнд сайн тал ч байна, саар тал ч байна. Хэд хоногийн өмнө МҮОНТ-ээр нийгмийн сүлжээ холыг ойртуулж, ойрыг холдуулж байна гэсэн шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлж байна билээ. Дэлхийн өнцөг булан бүрт болсон үйл явдал, мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээгээр дамжуулан түргэн шуурхай, цаг алдалгүй авч байгаа хэдий ч тэрнээс илүү үнэ цэнэтэй зүйлээ алдаж байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан шүү. Мэдээж, өдрийн ихэнх цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулах нь утгагүй. Миний хувьд шаардлагатай үедээ л Фэйсбүүк, Твиттерт орж, мэдээлэл авдаг.
  
-Эцэст нь, залуустаа хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?
-Залуу насандаа их зүйлийг сураасай, өөрийгөө завгүй байлгаж, хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь, сурсан, мэдсэнээ эх орныхоо төлөө зориулах ёстой юм шүү. Залуус бид Монгол Улсынхаа ирээдүй.
0 Сэтгэгдэл
хүрэх боом­тоо мэдэхгүй бол далайд гарах хэрэггүй-shn vg bn uhaantai zalu bn amjilt hvsie
Amjilt husey
Хамгийн их уншсан