Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын халаасанд гар дүрсэн төсөвчдийг зарлая

Төсөвт хөрөнгийг нь тусгах ёстой 272 барилга байгууламжийн санхүүжилтийг түр зогсоон Үндэсний Аудитын газраар шалгалт хийлгэж дууссан. Шалгалтын дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар аудитынхаас сонсоод холбогдох ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллахаар болоод буй. Харин удахгүй уг дүгнэлтийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна.

Гуравдугаар сарын 20 эсвэл 24-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэсэн ч хугацаа нь хараахан тодорхой бус байна. Монголын Эдийн засгийн чуулган энэ сарын 24-25-нд Төрийн ордонд болох гэж байгаа учраас ганц хоёр хоног хойшилж мэдэх нь. Гэхдээ 2014 оны хаврын чуулган эхлэхээс өмнө төсвийн тодотголоо хийх ёстой. 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр хөрөнгө оруулалтыг нь шийдэлгүй сайтар нягтлан шалгахаар үлдээсэн 272 объектын хувь заяа ээлжит бус чуулганаар тодорхой болох юм.

Аудитын шалгалтаар хууль, дүрэм, гэрээний заалтын 51 төрлийн нийтдээ 1034 зөрчил илэрсэн. Барилгын тухай хуулиар техник эдийн засгийн үндэслэл гаргасан байхыг заасан ч түүнийг нь биелүүлээгүй 81 объект бий гэнэ. Төсөвт үлдээгээд байгаа 139 тэрбум төгрөгөөр чухам хэдэн объект санхүүжүүлэхээ шийдэх учиртай. Ямар ч байсан ажлаа огт эхлээгүй 99 барилгад нэг ч төгрөг өгөхгүй нь. Мөн зураг төсөлгүй буюу цаасан дээр ч буугаагүй 18 объект санхүүжилт авч чадахгүй.

Баригдаж дууссан ч санхүүжилт аваад хаагдсан 26 барилга мөнгө тусгуулах боломжгүй болж жагсаалтаас нэр нь дарагдах нь. Ингээд бэлэн байгаа 139 тэрбум төгрөгт багтааж, жагсаалтаа шүүж үзэхийг аудитынхан зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 139 тэрбум төгрөгөөр энэ онд 146 объектыг л дуусгах боломжтой гэж үзжээ. 

Тэгэхээр манай тойргийн тэр барилгыг дэмжээд санал өгөөч, энийг битгий шахаач гэсэн лобби гишүүдийн дунд газар авахгүй гэх баталгаа үгүй. Одоогоор гадаадад томилолтоор, хөдөө орон нутагт эсвэл тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг хүндхэн ажил хүлээж байна гэсэн үг. Ямар ч байсан төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг байсан гол шалтгаануудыг, бас татвар төлөгчдийн мөнгөнд дур мэдэн гар дүрсэн төсөвчин гэх буруутнуудыг олж тогтоох нь юу юунаас чухал.

Учир шалтгааныг, буруутнуудыг нь олчихлоо. Одоо хариуцлага гэдэг том асуултад хариулт хэрэгтэй. Улсын ерөнхий аудитор А.Зангад “Эрх зүйн орчныг сайжруулах, төсөв бүрдүүлэлт, санхүүгийн болон гэрээний механизм гээд бүгдийг харж, цогцоор нь шийдэх ёстой. Тайланд дурдсан зөрчлүүдэд Засгийн газар арга хэмжээ авч хариуцлага тооцох боломжтой. Зөрчил гарсан үед ажил хариуцаж байсан хүмүүсийн нэр тодорхой бий. Тендерийн хорооны гишүүд, гүйцэтгэгчид, зураг гаргагч болон магадласан мэргэжилтнүүд, захиалагч гээд бүгдийг нь материалд жагсаасан” гэсэн.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг царцаасан объектуудын тайланг Засгийн газрын хурлаар авч хэлэлцээгүй байгаагаа хэлсэн. УИХ-ын ээлжит бус чуулганд хэлэлцүүлэхийн тулд Засгийн газар хэрхэн авч үзсэн, хэнд ямар хариуцлага тооцох ёстойг тодорхой болох учиртай.

Зөвхөн анх удаагийн шалгалтаар ийм олон төрлийн зөрчил илэрсэн гэхээр өмнө нь ямар их мөнгө төсөвчдийн гараар ордог байсныг таах аргагүй.
Олон жил дамнан баригдаж байгаа ч ашиглалтад ордоггүй, жил бүр төсөвт өртөг нь нэмэгддэг, ижил хэмжээтэй барилгуудын өртөг өөр гардаг зэргийг эрх баригчид мэдсэн ч чимээгүй байсаар ирсэн. Төсвийн мөнгөөр барилга байгууламж барих нэрийдлээр ашиг олдог байсан буруутнуудыг тогтоож, хариуцлага үүрүүлэх ажлыг юуны өмнө яаралтай хийх хэрэгтэй. Үндэсний аудитын газрынхантай АТГ-ын албан хаагчид ажлын хэсэгт хамтарч ажилласан гэсэн. Тэгэхээр төсвийн мөнгийг авлига болгосон буруутныг хэн байсныг нь олж тогтоосон гэж найдъя. Харин үүнд нь зохих хариуцлагыг нь хүлээлгээсэй билээ. Гэхдээ ажлаас халах, торгох мэтээр илээд өнгөрч боломгүй. Хэнбугай ч бай нийтэд ил зарлаж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь чухал. Тэгэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганаа яаралтай хуралдуулж, асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байна. Бүтээн байгуулалт хийж эхлэх улирал, цаг хугацаа нь эхэлчихлээ, эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ.
0 Сэтгэгдэл
Их багаар зарлаж л байсан одоо зарлаад ч нэмэргүй нөгөөдүүл нь айдаг ч үгүй ичдэгч үгүй ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй гөлийцгөөцөн гол нь энэдээ л байна шүүдээ
harj l baiya
тэд нарыг зарлаад яадаг юм..Улсын халаасыг яааж сэгсэрсэн юм яг тэр үйлдэл шиг нь буцаагаад аваач. Ийм зүйлд Ардчилал бол яриайд ч хэрэггүй шүү дээ.
urid ni yaj baisan yum bol doo.uchirsan hohirliig ni tuluuleh l heregtei dee.
naad lalriin bandi nar chini hezeed hiihgui
Хамгийн их уншсан