Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСВӨӨ ТОДОТГОЁ ГЭВЧ ГИШҮҮД ЭЗГҮЙ...

Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн үе улс төр, эдийн засгийн хувьд чухал үйл явдал ихтэй байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг нь царцаасан 272 төслөөс энэ жил үргэлжлүүлэх 143 арга хэмжээг хэрхэхийг парламент шийднэ. Үүний тулд ирэх даваа гарагт ээлжит бус чуулган эхэлж, Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж, төсвийн тодотголоо хийх ёстой.
Үүнтэй давхцаад Монголын Эдийн засгийн чуулган товлогдсон. Бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийг хамарсан хэлэл­цүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцол бий болгох зорилготой энэ форум чухал ач холбогдолтой. Ээлжит бус чуулгантай форум давхцаж Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. Энэ удаагийн форумаас хүндрэлд ороод буй эдийн засгаа аврах гарц олно гэх хүлээлт нийгэмд үүсээд байна. Түүнээс хойш 10 хоногийн дараа УИХ-ын 2014 оны ээлжит хаврын чуулган эхлэх хуулийн товтой. Чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн танилцуулга, бэлтгэл гээд олон ажил хүлээж буй нь мэдээж. Гэвч их ажлын өмнөх анир чимээгүй хэт удаан үргэлжилж, УИХ-ын гишүүд эзгүй байна. Яг одоо УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энх­болд БНХАУ-д айлчилж байна. Тэрээр парламентын дөрвөн  гишүүнтэй айлчла­лаа үргэлжүүлж буй. Тодруул­бал, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Сарангэрэл, Д.Лүндээжанцан, Б.Чойжил­сү­рэн нар дагаж яваа аж. БНХАУ-ын Коммунист нам нь МАН-ын адил 1921 онд байгуулагдсан, Ази тивдээ хамгийн ууган улс төрийн нам гэдгээрээ ижилсдэг. Тэр ч үүднээс хамтын ажиллагаагаа эрхэмлэдэг тул чуулганы өмнөхөн айлчлал үргэлжилсээр. АН-ын бүлгийн дарга одоогоор эзгүй байгаа юм. Д.Эрдэнэбат гишүүн ОХУ-д Худалдаа, аж үйлдвэрийн танхимын шугамаар албаны уулзалтад оролцож яваа. Энэ нь УИХ-ын албан ажил биш гэнэ. Одоогийн байд­лаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн эзгүй байна. Мөн хэдэн гишүүний гар утас руу залгахад “...мессэж роуминг үйлчилгээ...” гэх хариу өгөх бөгөөд хилийн чанадад явааг илтгэнэ. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Болд, Ч.Улаан, Д.Ганбат нар гадаадад яваа. Ямар ажлаар явсан нь одоохондоо тодорхойгүй, тодруулаад хэлж өгөх хүн ч олдохгүй байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хороон даргын хувьд ээлжит бус чуулганаас өмнө “царцаасан” төслүүдийг тодорхой болгож хэлэлцэх чухал ажилтай. Энэ долоо хоног дуусахад гурван өдөр үлдээд байна.

Түүнээс гадна УИХ-ын зарим гишүүн одоо болтол орон нутаг, тойргоосоо ирээгүй байгаа. Тиймээс бусад Байнгын хороо, тэндээс томилогдсон ажлын хэсэг хэрхэн ажиллаж буйг таамаглах ч бололцоо алга.
Энэ дашрамд, УИХ-ын гишүүдийн ирц, байдлын талаар тодорхой мэдээлэл тогтмол гаргадаг нь чуулган завсарламагц тасалдсан нь парламентад тавих иргэдийн хяналтыг сулруулах шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. Хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаан нь амралтын цаг үе бус, өм­нөх ажлынхаа үр дүнг харах, өнөөдрийн ажлын шийдвэрийг танилцуулж сурталчлах “бие даалтын” цаг байдгийг эрхэм гишүүдэд сануулах нь илүүц биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан