Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлэг эдийн засаг хүндэрсэн хэмээн тодорхойлов
УИХ дахь МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

 МАН-ын бүлгээс өмнө нь “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан. Мөн бүлгийн гишүүд орон нутгаас гадна Улаанбаатар хотын худалдааны төвүүдэд ажиллаж, бизнес эрхлэгчидтэй уулзсан зэрэг хэд хэдэн ажлыг ойрын хугацаанд хийгээд байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд, нийгмийн хамгааллын салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нарыг оролцуулан, улс орны өнөөгийн нийгэм-эдийн засагт үүсээд байгаа хүндрэл иргэдэд хэрхэн тусч байгаа болон түүнээс гарах арга замыг эрэлхийллээ.

Бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ МАН-ын бүлгээс эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлж байгааг онцлов.  Тэрбээр, “Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгж байгууллагаас 44681 буюу 44.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүйгээс ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өссөн. Статистикийн мэдээгээр шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн онд 78 хувиар, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.5 хувиар нэмэгдсэн. Цалин, тэтгэврийг иргэдэд амалсныхаа дагуу нэмж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүд ажлын байрны цомхотголоо үргэлжлүүлэх боллоо. Үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж, ядуурлын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хямрал нийгмийн бүхий л салбарт нөлөөлж байна" гэв.  

МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр эдийн засгийн хүндрэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг судалгаанд тулгуурлан танилцуулсан юм.  Түүний хэлсэн үгнээс иш татвал, “ Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл 2013 онд хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж буй орлого багатай бүлгийн хэрэглээнээс 5,7 пунктээр илүү байна. Хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс 8,3 дахин өндөр байна. Ийнхүү баян хоосны ялгаа нэмэгдэж, бага орлоготой өрхийн хэрэглээ хумигдаж байхад Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгох арга хэмжээг хэрэгжүүлэлгүй 2 жил шахам болж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Орлого хүн амын цөөн хэсэгт төвлөрч байхад иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, цалингийн зээлтэй, амьдралаа тарчигхан залгуулж байна" гээд "Эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргаанд хүндээр тусч байгаа нь тодорхой байхад хамгийн их төсөв, хөрөнгөтэй, боломж нөөцтэй Засгийн газар яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ гэдгийг засаглалын чадамжтай холбож үзэхээс өөр аргагүй" хэмээн дүгнэсэн юм.

Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч х.Амгаланбаатар ажилгүйдлийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж жил ирэх бүр нэмэгдэж байгааг онцлоод ажлын байруудыг хамгаалж, үнийн өсөлтөд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй гэлээ.   Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар эдийн засгийн хүндрэл ахмадуудын амьдралд хамгийн ихээр нөлөөлж байгаа болохыг тоо баримтаар өгүүлээд тэдний үнийн өсөлтөд нэрвэгдээд байгаа ахмад настнуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлах, тэтгэврийн хэмжээг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх, хуримтлалын сан бий болгох, зарим төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхэд болохгүй гэх газаргүй гэсэн санал дэвшүүлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан